START жил бүр Монгол Улсын Стартап Экосистемийн Зураглалыг боловсруулж гаргадаг билээ. Зураглал боловсруулж гаргадаг гол зорилго нь стартапын хүрээллийг (community) бэхжүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжуудыг бий болгох ба олон нийтэд Монгол улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй стартапууд, технологийн шийдлүүдийг танилцуулах байдаг.
2023 оны зураглал нь стартапууд болон экосистемийг дэмжигч байгууллагууд гэх хоёр үндсэн хэсэгт хуваагдана. Стартап хэсэг нь 159 байгууллага 27 бүлэгт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлээрээ хуваарилагдаж орсон. Экосистемийг дэмжигч хэсэг нь 77 байгууллага 12 бүлэгт мөн адил үйл ажиллагааны чиглэлээрээ хуваарилагдаж байрласан.
Бид 2023 оны стартап экосистемийн зураглалын боловсруулж гаргахдаа нээлттэй бүртгэл үүсгэж шалгаруулалт хийсэн. Тухайн бүртгүүлсэн байгууллагын мэдээлэл дээр үндэслэж зураглалд оруулах эсэх шийдвэрийг гаргасан ба үүнд байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд нэвтэрсэн байдал, шийдлын өвөрмөц ба инновацлаг байдал, нийгэмд үзүүлж буй нөлөө, бизнес моделийн онцлог, ашиглаж буй технологийн давуу байдал, харилцагч, хэрэглэгчдийн тоо, үйл ажиллагаа явуулж буй менежментийн арга барил, үүсгэн байгуулагчдын ёс зүй, энтрепренериал ажлын арга барил зэрэг олон зүйлсийг хардаг билээ.
2023 оны зураглал болон үүний хүрээнд болж буй арга хэмжээнд хамтрагч байгууллагаар Нээлттэй банк болох Голомт, ивээн тэтгэгчээр Смарт Ложик, Сократус Стартап Студио, Тэсо Инвэстмэнт гэх байгууллагууд оролцож байгаа нь тус зураглалын хүртээмжийг улам нэмэгдүүлж, стартап экосистемийг хөгжилд өндөр хувь нэмэр оруулж буй хэрэг бөгөөд START байгууллагын зүгээс тус байгууллагуудад гүн талархал илэрхийлж байна.
Стартап экосистемийн зураглалыг байгууллагууд хөрөнгө оруулалтын питч, танилцуулга, улс орныг төлөөлсөн арга хэмжээ, судалгааны материал гэх мэт өөрийн хэрэгцээ шаардлагын дагуу ашиглаж болох бөгөөд тус зураглалыг бий болгоход оролцсон, дэмжсэн байгууллагуудын ажлыг үнэлж нэрийг дурдаж, лого мэдээллийг хасахгүй бүтэн зургаар нь ашиглахыг зөвлөж байна.
Та бүхнийг Монгол Улсын Стартап Экосистемийн хөгжил болон уг экосистемд байдаг бүх байгууллагуудыг дэмжиж зураглалыг өөр өөрийн хүрээлэлдээ түгээн гэдэгт найдаж байна. Мөн зураглалд орсон бүх байгууллагууддаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Зураглал томоор татах линк (Англи хувилбар)
Зураглалын логоны өрөлт нь ямар нэгэн эрэмбэ дараалал үүсгэхгүй болно.
