Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Стартапын “CEO” хүний үүрэг юу вэ?

Амжилттай стартапууд цар хүрээгээ тэлэхийн хэрээр гурван үндсэн үе шатыг дамждаг бөгөөд гүйцэтгэх захирлын үүрэг үе шат тус бүрд мөн өөрчлөгддөг. Гүйцэтгэх захирлын анхны ажил бол хэрэглэгчдийн дурлах бүтээгдэхүүнийг бий болгох, хоёрдох ажил бол бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид ямар ч асуудалгүй ашигладаг болгох хүртэл компаниа бүрэн чадлаар нь ажиллуулах, гурав дахь нь шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэхэд олсон ашгаараа хөрөнгө оруулалт хийх явдал юм.

Таны эхний хийх ёстой зүйл бол бүтээгдэхүүн, хоёр дахь нь компаниа бүтээх

Гүйцэтгэх захирлын хамгийн эхний ажил бол маш цөөн хүний бүр дурлаж ашиглах, хэрэглэх гайхалтай бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох юм. Энэ шатанд стартапын гүйцэтгэх захирал хүний албан тушаал бол “гүйцэтгэгч” ажилтан. Ялангуяа эхэн үед та бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хийх (хэрэглэгчдийг судлах/харилцах, код бичих, бүтээгдэхүүний өвөрмөц чанарыг бий болгох) болон хэрэглэгчдийг олж авах зэрэгт маш гүнзгий оролцох ёстой. 

“Хэрэглэгч одоо байгаа шийдлүүдээсээ татгалзаж, тухайн стартапын шинэ бүтээгдэхүүнд дурлах хэмжээний шийдлийг үүсгэн байгуулагчид бүтээж чададгүйгээс ихэнх стартапууд бүтэлгүйтдэг”

1-р шатанд гүйцэтгэх захирал хүний амжилт нь юу байх ёстой вэ гэвэл танай багийн одоо хийж чадах бүтээгдэхүүн, үйлчилгээг авах хангалттай хэмжээний эрэлтийг олох юм. Тэрхүү эхний эрэлтийг хангаж, бүтээгдэхүүнээ нийлүүлж чадаж байвал та эрэлтийг улам нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг хамгийн өндөр байлгах чиглэл рүү анхаарлаа хандуулж болно. 

2-р шатанд стартапын гүйцэтгэх захирлын үндсэн ажил бол компанийн бүтцийг үүсгэж бий болгох. 

2-р шатанд гүйцэтгэх захирал хүн “Ерөнхий гүйцэтгэгч”-ээс “Компани бүтээгч” болж шилждэг.. Ихэнх үүсгэн байгуулагчдын хувьд энэ шилжилт нь маш хэцүү. Маш сайн гүйцэтгэлтэй код бичдэг, бүтээгдэхүүний загвар гаргадаг, үйлчлүүлэгчидтэй харилцдаг ажлуудыг хийж байсан бол эдгээр ажлуудаасаа хагацахад тийм ч амаргүй.  Хэцүү байсан хэдий ч эдгээр гүйцэтгэлийн ажлыг бусдад хүлээлгэж өгч чадвал зөвхөн компанийн гэх бүтцийг гүйцэтгэх захирал хүний л хийх ёстой, хийж чадах ажлуудад таны цаг гарч компанийн бүтцийг бий болгож, өсөлт, тэлэлтийг авчрах үүд хаалга нээгдэх болно. 

Энэхүү шилжилт нь танай багийнхныг төөрөгдүүлж, бүр маргаан үүсгэж болзошгүй бөгөөд хэрэв “та код бичихээ  больсон бол та яг юу хийж байгаа юм бэ” эсвэл “яагаад гэнэт удаан хугацаанд хийж байсан олон ажлын даалгавраа бидэнд өгч байгаа юм бол” гэж гайхаж магадгүй юм. Гэхдээ энэ үед танай баг 20-30 хүнтэй болсон байх ба та тэднийг удирдахад илүү их цаг зарцуулахад хэрэгтэй болсныг ойлгуулах ёстой. Өөрөөр хэлбэл  компанийг томруулах, тэлэлт үүсгэмээр байвал удирдах, бусдыг чиглүүлэх, компанийн бүтэц бий болгох ажилдаа илүү их цаг гаргах нь цорын ганц арга зам гэдгийг өөртөө болон бусдадаа ойлгуулах юм.  

2-р үе шат нь ихэвчлэн компанийг 20-25 ажилтантай байхад эхэлж, 400-500 (олон улсын жишиг) ажилтантай болоход дуусдаг. Одоо харин 2-р шатны ажлуудаа өөрийн удирдлагын багт  шилжүүлснээр 3-р үе шат эхэлж байгаа юм. 

3 шатны эхний ажил нь үндсэн бүтээгдэхүүнээс олж буй ашгаа хуваарилж шинэ, бүтээгдэхүүний хөгжүүлэлтэдээ хөрөнгө оруулах. Жишээ нь Facebook компани 2-р үе шатанд удирдлагын багаа байгуулж, хугарлын цэгтээ очиж 3-р шатанд зар сурталчилгаанаасаа асар их ашиг олж эхэлсэн тул Messenger-д ихээхэн нөөцийг зарцуулж тусдаа бүтээгдэхүүн болгож цаашлаад Instagram, WhatsApp, Oculus-ийг худалдаж авч байсан. 

Удирдлагын багийг үүсгэх (2-р шат)

Зөвхөн гүйцэтгэх захирал л компанийн удирдлагын багийг сонгож, хамтарч ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих эрхтэй. Та тухайн багийг үүсгэхдээ бусдаас санал хүсэлт авч болно, гэхдээ дэд захирал, борлуулалт хариуцсан захирал, санхүүгийн захирал зэрэг удирдагчид ирэх үед ажилд авах эцсийн шийдвэр таных байх ёстой. Эргэн тойрон дахь бүх хүмүүст таалагдах хүнийг хайж, олон хүний саналыг авах боломжгүй бөгөөд тэдний ажлын эцсийн үр дагавар нь тантай шууд хамааралтай учраас сонголт нь таных л байх болно. 

Удирдлагыг багийг үүсгэж тохирох хүмүүсийг ажилд авах нь маш их цаг хугацаа шаарддаг. Та өөрт хэрэгтэй ур чадвар, туршлага, хувийн шинж чанаруудын харж сайн баг үүсгэхийн тулд олон хүнтэй уулзах нь чухал. Stripe-ийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Патрик Коллисон өөрийн багт тохирох шилдэг хүн ямар байх ёстойг ойлгохын тулд салбар бүрийн “дэлхийн шилдгүүд”-тэй уулзах зорилго тавьж уулзсан байдаг. Гол санаа нь энэ бүхэнд та хангалттай хэмжээний нухацтай хандаж цаг зарцуулж чадвал тэр хэмжээгээрээ таны үүсгэсэн компани өсөлт үзүүлэхэд бэлэн болох юм. 

Удирдлагын багийг үүсгэсний дараах ажил бол тэдний ажлыг долоо хоног бүр шалгаж, шаардахаас илүү урт хугацааны үр дүн, зорилго, зорилтуудыг нь тодорхойлж өгөх юм. Компани болон удирдах албан тушаалтнуудын улирал, жилийн зорилтуудыг зөв тодорхойлж шинэ удирдлагуудтайгаа ганцаарчлан болон багаар нь уулзаж, багаар ажиллах чадвар, компанийнхаа соёлыг тэдэнд суулгаж өгч ажилд нь оруулах нь таны эхэнд хийх ёстой зүйл. 

Та шинэ удирдлагуудаасаа нэн даруй компанийн шийдэл, бүтцийг өөрчилж, шинэчлэхийг шаардахаас илүүтэй компанитайгаа ямар харилцаа холбоотой байх, бусадтай болон гүйцэтгэлийн баг тус бүртэй хэрхэн цаашдаа ойлголцох, харилцах тал дээр тэдний шийдэл, саналуудыг заавал сонсох ёстой. 

Ингээд тэд ажилдаа хамцуу шамлан орсон бол удирдах ажилтнуудын гүйцэтгэлийг үнэлэх нь таны дараагийн ажил эхэллээ. Тэд байгууллагаа хэрхэн удирдаж байна, ажилчид нь хэр үр бүтээлтэй, аз жаргалтай байна, бусад баг, хэлтсүүдтэйгээ хэр зэрэг хамтарч ажиллаж байна вэ гэдгийг та дүгнэх ёстой. Муугаар бодоход таны ажилд авсан удирдлагын багийн гишүүдийн дор хаяж 25% нь ажлаа сайн хийж чадахгүй байх гэсэн хүлээлт танд байхад гэмгүй. 

Ихэнх хүмүүсийн хувьд удирдах түвшний хүнээ халах нь маш хэцүү байдаг бөгөөд халах гэж маш их хугацаа алддаг. Хүн халах мэдээж хэцүү гэхдээ үр дүн муутай удирдлагын хүнийг байлгаж байснаас хурдан халж түүний албан тушаалыг хэсэг хугацаанд хоосон байлгасан нь дээр байдаг. Та гүйцэтгэл муутай хүнийг удаан хугацаагаар байлгах тусам багийнхаа болон эргэн тойрныхоо хүмүүсийн итгэлийг алдсаар л байдаг.

Ингээд удирдлагын багийг бүхэлд нь үүсгэж, тэдэнд мэддэг бүхний зааж сургаснаар таны ажил дуусаж, одоо тэд таны оролцоог багасгаж өндөр түвшинд ажиллаж эхэлнэ. Энэхүү 2-р үед таны ажлын цагийн 50% нь удирдлагын багийг бүрдүүлэх, тэднийг удирдахад зарцуулагдаж байгаа бол та зөв замдаа явж байна. 

Зорилгыг бүгдэд ойлгуулах (3-р шат)

1-р шатанд та завины тэргүүлэгч сэлүүрт тамирчин байсан. 2-р шатанд та сэлүүрдэхээ больсон. Харин 3-р шатанд та аяллын зорилгыг тодорхойлж, завины чиглэлийг тогтоож, сэлүүрчдийн хурд, гүйцэтгэлийг хэмждэг болох ёстой. Бизнесийн үүднээс хэлбэл энэ шатанд гүйцэтгэх захирлын ажил бол эрхэм зорилго, стратегийг тодорхойлж, хурд, гүйцэтгэлүүдийг хэмжих хэмжүүрүүдийг тодорхойлох явдал юм. 

Үр дүнг хэмжих хэмжүүр тогтоох нь хамгийн чухал хэсэг. Нийтлэг алдаа бол орлого, хэрэглэгчийн өсөлт гэх мэт хэмжүүрүүдийг бизнесийн хамгийн чухал үр дүн гэж харах явдал юм. Харин орлого, худалдан авагчийн өсөлт, хэрэглэгчийн өсөлт юунаас болж хөдөлж байгааг мэдэж тэдгээрийг үр дүн болгож түүнийгээ хэмжих нь зөв зам. 

Ингээд та стартапынхаа эрхэм зорилго ба түүнийг хэмжих хэмжүүрүүдийг, удирдлагын баг болон бусад гол хүмүүсээсээ санал авч гаргаж чадсан бол дараагийн ажил үүнийгээ бүх ажилчдадаа тогтмол хэлж ойлгуулах. Байгууллагын бүх хүмүүс компанийн эрхэм зорилгыг цээжээрээ мэдэж, түүндээ чиглэсэн ажлуудаа таныг байхгүй үед ч зөв шийдвэрүүдийг хэнээс ч хараат бусаар гаргаж чаддаг байвал таны ажлаа хийж чадаж байна гэсэн үг билээ. 

Та аль шатандаа явж байна даа?

Эх сурвалж @YCombinator

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Total
0
Share