Танай хүүхэд цахим орчинд нэвтэрдэг үү? Одоо үед ухаалаг гар утас, интернэтгүй хүн, өсвөр насны хүүхэд тун цөөхөн болсон. Та хүүхдээ онлайн орчинд юу хийж, яаж байгааг хэр сайн мэддэг вэ? Интернэтийг том хот гэж бод тэнд бүх зүйл бий, бүгд цэцэглэн хөгжиж сайжирсаар байдаг. Гэхдээ харамсалтай нь тэнд хангалттай цагдаагийн хүч, хараа хяналт байдаггүй.
Интернэт орчинд тэр бүр бүгд хүүхдэд, өсвөр насныханд зориулагдаагүй, тохиромжгүй зүйл олон бий. Тэгвэл таны хүүхэд онлайн орчинд яг юу хийж байгаа бол ? Та үүнийг хэр сайн мэддэг вэ? Ихэнх эцэг эхчүүд энэ талын хараа хяналт, мэдлэг мэдээлэл хомс, дутмаг байдаг гэсэн судалгаа бий.
Ойрын өдрүүдэд Монголд иймэрхүү утгатай, санаатай, агуулгаар хуурч мэхлэх гэсэн үйлдлүүд явагдаад байгаа. Иймэрхүү олны танил, мэддэг page, account-н нэрийг дуурайлган хийж түүгээрээ дамжуулан хуурч мэхэлж, янз бүрийн зураг бичлэг мэдээллийг өөрсдийн болгодог. Энэ төрлийн хууран мэхлэлт дэлхий дахинд маш их байдаг гэдгийг санах хэрэгтэй.
Английн засгийн газраас өсвөр насныхан дунд явуулсан судалгаагаар:
- 8 настай хүүхдүүдийн 60%, 12 настай хүүхдүүдийн 90% нь ямар нэгэн мессеж бичдэг платформ, программ ашигладаг
- 3 хүүхэд тутмын 1-д таагүй мэдрэмж төрүүлсэн мессеж ирсэн
- 10 хүүхэд тутмын нэг нь танихгүй хүмүүстэй онлайнаар чаталдаг
- 20 хүүхэд тутмын нэг нь танихгүй хүмүүстэй видео эсвэл зургаа хуваалцдаг гэж хариулсан байдаг.
Энэ байдал ч Монголд байж болохыг үгүйсгэхгүй юм. Цагдаа хүчний байгууллагууд хэдийгээр сайн, мундаг ажиллаа ч энэ байдлыг бүрэн 100% зогсоох боломжгүй. Тиймээс хамгийн үр дүнтэй иймэрхүү залилан, мэхлэлтийн аргуудаас хүүхдүүдээ хол байлгаж чадах арга бол хүүхэдтэйгээ маш нээлттэй байх, энэ талын мэдлэг боловсролыг системтэй суулгах явдал гэж Дэлхий нийтээрээ үздэг. Бид энэ удаад танд хэрэг болох үүднээс онлайн орчинд хүүхдээ хэрхэн хянаж болох 5 аргыг санал болгож байна.
1 ) Таны хүүхэд ухаалаг утас, таблет, зөөврийн компьютер, телевиз гэх мэтчилэн нэг дэлгэцээс нөгөө дэлгэц рүү шилжих байдлаар цагийг өнгөрөөдөг үү. Тэгвэл та хүүхдэдээ зориулсан дэлгэцийн цагийн хуваарь гаргаж өгөх хэрэгтэй. Түүнийг өдөрт эсвэл долоо хоногт хэдэн цаг төхөөрөмж ашиглаж болох ямар төхөөрөмж ашиглах, ямар төрлийн нэвтрүүлэг үзэх, ямар зүйлс сонирхох зэргийг ангилж хэн хэнд нь таатай байх хуваарь гаргах нь чухал. Мэдээж ингэхийн тулд та хүүхэдтэйгээ маш сайн ярилцаарай. Ингэснээр та тэднийг онлайн орчинд юу хийх дуртай, ямар тв шоу үзэх хүсэлтэй хэрхэн цагийг өнгөрөөж байна гэдгээс эхлээд олон зүйлсийг нь мэдэж авах сайхан арга юм.
2 ) Та хүүхдэдээ хувийн мэйл хаяг хэрэглэх, нийгмийн сүлжээний хаяг нээх, хяналтгүй интернэт ашиглахыг зөвшөөрдөг байж магадгүй юм. Хэрвээ тийм бол юу хийж байгааг нь хянаж үзэх хэрэгтэй. Ингэж хяналтуудыг хийх болсон талаараа хүүхдэдээ тайлбарлаж өгөх нь зөв. Энэ нь тэдний нууцад хамаагүй халдаж буй хэрэг биш, тэднийг шүүмжлэх биш өөрийнх нь аюулгүй байдлыг хянах зорилго бүхий гэдгийг ойлгуулах нь маш чухал. Та энэ шалгалтыг хийснээр хэнтэй мессеж бичиж, юу татаж авч, юуны талаар хайж байгаад мэдэх боломж бүрдэнэ. Мөн таны хүүхэд өөрөө мэдэлгүй онлайн орчинд ямар нэгэн аюултай зүйлтэй тулгарсан байхыг үгүйсгэхгүй юм. Хэрэв тэд зохисгүй контент эсвэл онлайн занал хийлэлтэй таарвал та тэдэнтэй аюулгүй байдал, ийм нөхцөлд юу хийх талаар ярилцаж зөвлөх нь чухал.
3 ) Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглах хамтарсан дүрэм тогтоож болно. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хэрэглэх нь өсвөр насныханд бэрхшээлтэй байдаг талтай. Энэ тал дээр нь та ярилцаж тусалснаар нэг талаас харилцаа холбоогоо бэхжүүлэх, нөгөө талаас тэднийг дотогшоо, ганцаарчилсан харилцаанаас хөндийрүүлж, өөрийгөө үнэлэх чадварыг бууруулах, кибер дарамтад өртөж болзошгүй хүчин зүйлүүдээс хамгаалахад нь тус болно. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглахаас өмнө, түүнийг ашиглах үед, дараа нь ямар сэтгэгдэлтэй байгааг анхаарч үзэх хэрэгтэй. Та тэдэнд асуудлыг хэрхэн шийдвэрлэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хэрхэн зөв ашиглах, нууцлалын шинж чанар, агуулгын шүүлтүүрийг ашиглахад нь тус болно гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй.
4 ) Онлайнаар хуваалцсан мэдээллүүдийг нь уншиж байгаарай Ихэнх хүүхдүүдийн хуваалцах онлайн мэдээллүүд мөнгөний тухай, олны танил эсрэг хүйстний тухай эсвэл ижил төстэй хүүхдүүдийн тухай байдаг. Энэ чиглэлийн мэдээллүүдээр хуурах замаар дамжуулж хүүхдээс хэт их мэдээлэл авах зүйл рүү оруулж болдог. Таны хүүхэд юунд бүртгүүлж байгаагаа мэдэхгүй өөрийн мэдээллүүдийг хуваалцах тохиолдлууд элбэг. Хүүхдүүдийнхээ зочилдог вэбсайтууд, ашигладаг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, татаж авсан программуудтай танилцаж байгаарай. Тэд хэвийн байна уу гэдгийг үргэлж нягталж байх хэрэгтэй.
5 ) Вэбсайтад, болон апп программуудад нэвтрэх эрхийг хязгаарлаж байх Зохисгүй вэбсайт ашиглах нь товчлуур дарах эсвэл буруу холбоос дээр дарахтай адил хялбар урхидах арга. Та хүүхдийнхээ нас, төлөвшлийн түвшингөөс хамаарч вэбсайтад хязгаарлалт, тохиромжгүй гэж үзсэн хандалтын төрлийг хаах байдлаар тохируулж болно. Хүүхдэдээ найдвартай вэбсайтыг хэрхэн таних аргачлалуудыг зааж өгөх хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд хүүхдийнхээ онлайнаар юу хийж байгааг олж мэдэх нь их хүчин чармайлт шаардагдана. Гэсэн хэдий ч тэд хэнтэй ярилцаж, хаашаа явж, юу хэрэглэж, татан авч байгааг хянах арга хэмжээ авах нь зүй ёсны таны хийх зүйлсийн нэг гэдгийг бодоорой. Цар тахалтай энэ үед та хүүхдүүдтэйгээ гэртээ илүү цагийг өнгөрөөж байгаа бол үүнийг боломж гэж хараад тэднийг интернэт орчинд аюулгүй зорчиход нь туслаарай. Эсрэгээр нь тэдний интернэт орчинд зорчих эрхийг таслах, хааж боож, тэднийг шүүмжилж, тэднийг буруутгаж огт болохгүй гэдгийг дахин дахин санаарай.