Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухааны үзүүлэх нөлөөлөл

ai

Цар тахлын нөлөөтэйгөөр урьд өмнөхөөсөө илүү хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг бол Эрүүл мэндийн салбар юм. Дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн зах зээл 2018 онд 8,452 тэрбум долларын үнэлгээтэй байсан бол 2022 он гэхэд 8,9% -ийн өсөлттэй, 11,909 тэрбум долларын үнэлгээтэй болох төлөвтэй байна.

Эрүүл мэндийн салбарт шинэ технологи, шийдэл хүчтэй нэвтэрч байгаагийн нэг бол яах аргагүй хиймэл оюун ухаан юм. Хиймэл оюун ухаан нь эрүүл мэндийн салбарын гол үйл явцуудыг мэдэгдэхүйц өөрчилж, сайжруулж байгаа бөгөөд илүү олон боломжуудыг бүрдүүлж байгаа нь гайхалтай хэрэг юм.

Оношилгоо, дүн шинжилгээ хийхэд зориулагдсан chatbots, компьютерын тусламжтай илрүүлэх (CAD) -ээс эхлээд сургалт, хиймэл оюун ухаан нь үйлчилгээ үзүүлэгчдэд өвчин эмгэгийг ойлгох, өвчтөний эрүүл мэндийг удирдахад туслах болж. Тиймээс хиймэл оюун ухаан ойрын жилүүдэд эрүүл мэндийн салбарын ахиц дэвшил, өргөжилтөд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухааны хүргэж чадах ашиг тусын талаар хэдэн чухал гэсэн зүйлсээс:

1 ) Оношилгоог илүү үнэн зөв болгох: Эмнэлгийн бүрэн бус бүртгэл, үр ашиггүй дараалал, хэт их ачаалал нь хүнийг алдаа гаргахад хүргэдэг. Нөгөө талаас эмч эмнэлгийн ажилтан, мэргэжилтнүүд нь өөр өөрсдийн мэдлэг, туршлагад үндэслэж аливаа өвчтөний оношийг тодорхойлох явдал нь заримдаа алдаатай байх тохиолдлууд байдаг. Тэгвэл хиймэл оюун ухааны олон өвчний оношийг тодорхойлох, магадлалуудыг бүрдүүлэх, олон төрлийн таамгуудыг дэвшүүлэх байдал нь эцсийн онош, шийдвэр гаргалтуудад маш том түлхцийг өгөх болно.

2 ) Эм, эмийн найрлаг тодорхойлох, шинэ төрлийн бүтээгдэхүүн бий болгох процесст нөлөөлөх: Ерөнхийдөө эмнэл зүйн салбарт шинэ төрлийн эм, бүтээгдэхүүн гарч ирэх процесс нь нүсэр бөгөөд удаашралтай байдаг. Эмнэл зүйн туршилтад хамрагдахад өртөг өндөртэй, туршилтад хамрагдсан нийт эмүүдийн ердөө 10% нь шаардлага хангаж зах зээлд гарч ирдэг нь маш хангалтгүй үзүүлэлт. Тэгвэл энэ чиглэлд хиймэл оюун ухаан, тооцоолон бодох аргачлалуудыг ашигласнаар энэ байдлыг өөрчлөх боломжтой гэж харж байгаа юм. 2007 онд эрдэмтэд мөөгөнцрийн янз бүрийн функцийг судалж байх үед Адам нэрт робот олон тэрбум мэдээллээс мөөгөнцрийг бүрдүүлдэг 19 генийг тогтоож, 9 шинэ төрлийг гаргаж үнэн зөв таамаглалыг дэвшүүлж байсан байдаг. Адамын хамтрагч робот Ева өөрийн хийсэн судалгаагаар шүдний оонд түгээмэл байдаг триклозан нь хумхаа өвчинд суурилсан шимэгч хорхойн эсрэг үр дүнтэй болохыг тогтоосон байх жишээтэй.

3 ) Өвчтөнд үйлчлэх,хоорондын харилцааг ухаалаг зохицуулах:  Эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал өдрөөс өдөрт ихсэж, түүнийг дагаад үр дүн шийдвэрүүдийн тоо хэмжээ ихсэх, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой бусад үйлчилгээнүүд жишээ нь даатгалтай холбоотой олон төрлийн будилаан гэх мэт зүйлс нь өдөр бүр эмх замбараагүй байдлыг бий болгож процессыг удаашруулж байдаг. Ийм нөхцөл байдалд хиймэл оюун ухаан орж ирснээр өгөгдлийг хурдан шалгаж, үр дүнг хурдан гаргаж, өвчтөнүүд хаашаа явах, хэнд хандах гэх мэт чиглэлүүдээ ухаалаг төхөөрөмж дээрээ яг таг мэддэг болоход нь тусалж байна. 

Мөн алсын зайнаас өвчтөнд зөвлөгөө өгөх үйлчилгээнүүд олширч байгааг дагаад хиймэл оюун ухаан нь зөвхөн холболт, харилцаа холбоог идэвхжүүлээд зогсохгүй цаг хугацааны нарийвчилсан шинэчлэлт, тайлангийн бэлэн байдал, товлох цагийн хуваарь гэх мэт хамгийн нарийн дижитал шийдлүүдийн гол тулгуур болж хувирч байна.

4 ) Өгөгдлийн нууцлал: Эрүүл мэндийн талаар ярьж байгаа бол өвчтөний эмзэг өгөгдлийг хамгаалах, хангах байдал нэн чухал юм. Хиймэл оюун ухааны хурдацтай хөгжиж буй алгоритмууд нь хувийн мэдээлэл, эмнэл зүйн тайлан, оношилгооны үр дүнг шифрлэх, хакердахаас урьдчилан сэргийлэх, үүлэнд аюулгүй хадгалахад тусалж байна.

5 ) Роботын тусламжтай гүйцэтгэх мэс ажилбарууд: Нарийн төвөгтэй, чухал мэс засал нь маш нарийн нямбай, нарийн няхуур чадвар шаарддаг. Хиймэл оюун ухааныг дэмжсэн роботуудыг ашиглан амжилттай хийгдэж буй мэс ажилбарын тоо эрс нэмэгдэж байна. Роботууд камер, механик гар, мэс заслын багаж хэрэгслээр тоноглогдсон. Эдгээр мэс засал нь өвдөлтийг багасгаж, цаг хугацаа бага шаарддаг бөгөөд өвчтөнүүд хурдан эдгэрэхэд тусалдаг.

6 ) Алс зайн хяналт: Алс зайнд холбогдсон төхөөрөмжүүд нь зүрхний шигдээс, астма-ны шигдээс гэх мэт өвчнийг хянаж, хэмнэлийг нь дэмжих байдлаар ашиглан олон хүний амь насыг аврах зориулалтаар ашиглагдаж байна. Алсын хяналтын төхөөрөмжүүд IoT сүлжээг ашиглан хүний бие махбод дахь үйл ажиллагааг мэдээлж, хянах боломжийг бий болгож түүнд суурилсан хиймэл оюун ухаанууд хурдан шийдвэр гаргах шийдлүүд ч бүрдэж байна. Энэ төрлийн буюу the wearable technology-н зах зээл хурдацтай өсөж байгаа бөгөөд 2026 он гэхэд 74 тэрбум долларт хүрэх төлөвтэй гэсэн тооцоолол бий.

7 ) Сургалт, хөтөлбөр туршилт, дадлагажилт: Хиймэл оюун ухаан нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд зориулан мэдээлэл дээр үндэслэж маш олон хувилбар бүхий симуляци хийх боломжийг олгодог бөгөөд энэ нь дадлагажигчдад шийдвэр гаргах, сургалтын хэрэгцээг хангах, бодит амьдрал дээрх нөхцөл байдалд илүү ойртуулахад, суралцахад тусалж байна.

8 ) Эрсдэлийг урьдчилан таамаглах: Тодорхой өвчин үүсгэх эрсдэлийг тодорхойлохын тулд хиймэл оюун ухаан хөгжиж байна. Үүнийг хийхийн тулд тухайн өвчтөний хэв маягийг таних аргыг ашиглаж хөгжиж байгаа бөгөөд энэ нь ирээдүйд тусч болох илэрч болох өвчнүүдийг таамаглаж урьдчилан сэргийлэх боломжийг олгох явдал юм.

9 ) Ухаалаг даатгалын систем бүрдүүлэлт: Даатгалын компаниудад андеррайтерийн болон эрүүл мэндийн даатгал үүсгэхэд эрүүл мэндийн мэдээллийг цуглуулж, дүгнэлт гаргаж өгөх боломжтой болж байна. Ингэснээр даатгагчид болон үйлчлүүлэгчдийн хооронд ил тод байдлыг хангаж, хууран мэхлэх байдлыг арилгахад ихээхэн үр дүнг авчрах аж.

Томоохон ахиц дэвшил гарсан хэдий ч эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухаан илүү үр дүнтэй болох хөгжлийнхөө шатанд явж байгаа билээ. Тасралтгүй хөгжүүлэлт, сайжруулалт хийгдэж шинэ дэвшилтэт технологиуд нэвтэрсээр байгаа энэ байдлыг харвал ойрын хэдэн жилийн дотор эрүүл мэндийн салбарт томоохон ахиц дэвшлүүдийг бий болгох боломжтой харагдаж байгаа. Эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухаан ба ML нь нэвтэрч орж буй явдал нь ертөнцийг хүн бүрд аюулгүй байлгах, аюулгүй болгоход чиглэгдэх үндсэн нэг зорилгын дор хөгжиж байгаа билээ.

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Total
0
Share