Технологийн ертөнцийн мэргэжилтнүүд технологи нь динамик байж цаг үеэ дагаж хөгжсөөр байдаг тул бидний амьдарч буй энэ үед технологийн ертөнцөд гарах өөрчлөлтүүд гайхалтай байх болно үздэг. Цар тахлын дэгдэлт бүх үйл явцыг хурдасгаж байгаа нь бидний таамаглал дэвшүүлж байсан технологийн ололтууд эрт бий болох нөхцөлийг бүрдүүлсэн гэж хэлж болно. Тэгвэл энэ удаад технологийн ирээдүй хаашаа чиглэж байгааг олж харахын тулд бид 2021 оны технологийн чиг хандлагыг олохыг хичээсэн билээ. Гаднын технологийн олон сайтууд, технологийн аварга том компаниудын чиг хандлага, хэрэгжүүлж буй төслүүд, технологийн олон шинжээчид, шүүмжлэгчдийн 2021 оны эхний хагаст болсон үйл явцаас бид дараах чиглэлүүдийг 2021 оны технологийн trend чиглэлүүд байж болох юм гэж гаргалгааг гаргаж буйгаа танилцуулъя.
1 ) Робот түүний автоматжуулалтад чиглэсэн хөгжүүлэлтүүд улам хурдсаж, илүү ухаалаг болж байна
Манай ертөнцийг роботууд хэрхэн эзэмших вэ ? Ирээдүйд хүн төрөлхтнийг роботууд захирах болно гэсэн санааг дэвшүүлдэг нэг хэсэг байдаг. Нөгөө хэсэг нь бол хүн хэзээд роботуудыг удирдах болно тэдгээрийн эх өгөгдөл нь хүн төрөлхтөн байсаар байна гэж үздэг. Аль нь болохыг одоо хэлэхэд үнэхээр эрт бөгөөд хэн ч хэлж таашгүй биз ээ. Ямартай ч та бидний амьдралд роботууд хэрхэн ирж байгааг та анзаарч байгаа юу ? Ухаалгаар гэрийн шалан дээр хөвж цэвэрлэх хөөрхөн робот, уйдааг гаргаж танд үргэлж хань болох тантай харилцан яригч оюун ухаант робот, хүн бүрийн хамгийн хийх дургүй ажлуудын нэг аяга таваг угаах ажлыг өмнөөс тань хийж өгөх робот, сэжигтэй үйлдлийг таньж, аюулыг урьдчилж мэдэрч сэрэмжлүүлэх ухаалаг камер, ажлын аюултай орчинд нэвтэрч мэдээлэл цуглуулах робот, хүнд хүчир ачааг зөөвөрлөж, тээвэрлэгч агуулахын роботууд, танд замчлах зааварчлах өөрөө явагч робот гээд л дурдаад байвал дуусахгүй олон жишээг дурдаж чадна. Тиймээс бидний амьдралын алхам тутамд роботууд нэвчиж нэвтэрч буй ийм эрин үед би аль хэдийн амьдраад эхэлсэн байна.
Биднийг амьдрал дээр олон зүйл дээр орлож чадах роботууд нь бидний амьдралд орж ирснээр хүмүүсийн амьдралын хэв маяг эрс өөрчлөгдөж эхэлж байна. Жишээ нь: Автомат удирдлагатай машин жолооч гэх зүйлийг үгүй хийж илүү үр дүнтэй бүтээмжтэй замын хөдөлгөөнийг бий болгож бидэнд үйлчлэх болно. Жолоочгүй машинд та өөрт хэрэгтэй зүйлсийг хийж эсвэл зүгээр л унтаж амарч болох нь.
2 ) 5G болон түүнд суурилсан программ хангамжууд Дэлхийг хэрхэн өөрчлөх бол ?
Та санаж байна уу ? Бидэнд 3G технологи нэвтэрснээр бараг бүх хүн гар утаснаасаа интернэт холбогддог болсон. Энэ бол маш том хөгжлийн хурдасгуур байсан. 3G орж ирэхэд Whatsapp, Facebook мессенжер, viber гээд л маш олон интернэтэд тулгуурласан мессежний хэрэглээ эрчимтэй хөгжсөн. Түүний дараа 4G нэвтэрснээр Netflix, Spotify гэх мэт бүх үйлчилгээ онлайн хэлбэрт шилжих үүд хаалга нээгдэж өдгөө бидний амьдралын салшгүй нэг хэсэг болгосон. Тэгвэл яг энэ цаг мөчид Дэлхий даяар энд тэнд 5G технологийн тохиргоонууд, нэвтрүүлэх бэлтгэл ажлууд хийгдэж байгаа нь бидэнд дараагийн хязгааргүй том боломжуудыг бий болгоход ойрхон ирээд байна.
5G дээр маш олон зүйлс шинээр эхэлж зарим нэг нь хувьслын дараагийн үе шатуудаа эхлүүлэх болно. AR ба VR-ийн технологиуд жинхэнэ утгаараа хөгжиж, орон зай алслагдахгүй Дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөгтэй холбогдож хугацааны хувьд ямар ч хоцрогдолгүй бодит мэт биестэйгээ харьцаж олон зүйлсийг хийж болох боломж бүрдэх. Мөн үүлэн дээр суурилсан тоглоомын тухай ойлголтыг 5G-ийн үед бид ярьж эхлэх болно. Та тоглоом тоглохын тулд хүчин чадал өндөртэй компьютер худалдаж авах, бий болгох шаардлагагүй болно гэх мэтчилэн олон зүйлс 5G технологийн ач тусаар өөрчлөгдөж сайжирч хувьсах боломж бүрдэх учир Дэлхий дахинд 5G технологийг хурдан бөгөөд найдвартай нэвтрүүлэх тал дээр технологийн акулууд өдөр шөнөгүй ажиллаж байна.
3 ) Хиймэл оюун ухаан
Дэлхийн өнцөг булан бүрд жижиг том гэлтгүй технологитой холбоотой хүмүүс, компаниудад бүгд их бага хэмжээгээр хиймэл оюун ухаан гэдэг зүйлийг ярьж хэлж хөөрөлдөж зарим нь бодит амьдрал дээр хэрэглэгдэхүйц болгож хөгжүүлж туршиж байна. Монголчууд бид яаж дутах вэ мөн хиймэл оюун ухааны талаар ярилцаж, хөөрөлдөж өөр хоорондоо мэдлэгээ солилцох болсон. Хиймэл оюун ухаан бидний амьдралын өнцөг булан бүрд тасралтгүй тархаж, түүний IoT-тэй хамтрах үйл явц ихэссэн. Нөгөө талаас энэ нь аргагүй бөгөөд хиймэл оюун ухааныг биежүүлж бодит байдалд илүү үр нөлөөг нь гаргаж мэдрэхийн тулд IoT хэрэг болж байна. Transforma insight-ийн гаргасан тайланд 2030 он гэхэд IoT Дэлхийн хэмжээнд 24.1 тэрбум төхөөрөмжөөр өсөн нэмэгдэх болно гэсэн таамаг дэвшүүлээд байгаа. AI нь IoT экосистемийг илүү ухаалаг, илүү үр ашигтай болгож хувиргаж байна.
Цар тахлын улмаас Дэлхийн улс орнууд эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухааныг илүү их ашиглах, үүрэг гүйцэтгүүлэх байдал ажиглагдаж эхэлсэн. Өвчний хэв шинжийг олж илрүүлэх, нийгмийн эмзэг хэсгийг олж тогтоох зорилгоор цуглуулсан өгөгдлүүд өмнөх жилүүдээс маш их өссөн ба үүнд түшиглэж хиймэл оюун ухаан нь хүний амь нас үрэгдэх байдлыг бууруулахын тулд илүү сайжрах шаардлагуудаар ажиллаж эхэлсэн. Хиймэл оюун нь илүү их мэдээлэл олж авах тусам илүү боловсронгуй болж, илүү сайн мэдээлэлтэй үр дүн, шийдлийг олж гаргаж байна. Цар тахал нь хүмүүсийг роботууд болон дижитал төхөөрөмжүүдтэй харьцах харилцаанд илүү ойртуулж өгсөн тул хиймэл оюун ухааны алгоритмууд илүү хүчтэй, сайн болох боломжууд бүрдэж ирж байна.
4 ) Internet of Behaviour (IoB)
Gartner нь IoB-г ирэх жилүүдэд илүү хөгжиж томоохон чиг хандлагын нэг болох болно гэж тодорхойлсон байдаг. IoB гэдэг нь энгийн байдлаар хэлбэл зан төлөвт өөрчлөлт оруулахын тулд өгөгдөл болон түүний ойлголтуудыг ашиглах үйл явц юм. IoB төрлийн экосистемүүд нь боломжтой бүх дижитал төхөөрөмжүүдээс өгөгдөл цуглуулах боломжтой бөгөөд өгөгдлийн анализ, зан үйлийн шинжлэх ухааны огтлолцол бүхий өгөгдлийг нарийвчлан судалсны дараа тухайн хүний зан төлөвт хүсүүштэй өөрчлөлт хийхийг оролддог. IoB-н ойлголт бол харьцангуй шинэ бөгөөд өөр өөрийн гэсэн үр дагавартай байж болох боловч ирээдүйд олон зүйлийн үүд хаалга болж чадна гэж чиг хандлагыг тодорхойлоод байгаа юм.
5 ) Кибер аюулгүй байдал
Технологи хөгжиж, хэрэглэгчид өсөж түүнийг дагаад асар их хэмжээний эмзэг өгөгдлүүд бий болж байна. Нөгөө талаас бүх үйл ажиллагаа дижитал болж шилжихийн хирээр сайны хажууд саар гэдэг шиг хорлон сүйтгэгчид олноор гарч ирж буй. Мэдээж үүнээс сэргийлэхийн тулд энэ олон технологи, шийдлүүдийг хэвийн найдвартай тогтвортой байлгахын тулд кибер аюулгүй байдал мөн хөгжих шаардлага тулгарч байна. 2021 он бол аюулгүй байдлын периметрийг тухайн хүн эсвэл юмсыг таних тэмдгээр тодорхойлж, илүү хариу үйлдэл үзүүлэхэд хялбар болгох шинэ кибер аюулгүй байдлын шийдэл, хэрэгжилтийг хайж байна. Том, жижиг компаниуд шинэ технологид шилжих тутамд маш олон өөрчлөлт, бэрхшээлтэй тулгарч байгаа ч дасан зохицож инновацыг дэмжих байдал ихсэж байна. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд бизнесийн шинэ чиглэлийг нээх боломжийг олгож, ажилчдадаа ажиллах илүү уян хатан боломжийг бий болгоход тусалж байгаатай холбоотой юм. Мэдээж үүнийг дагаад аюулгүй байдал яригдаж анхаарлын төвд орж ирж буй нь дамжиггүй юм.