Та өөрийн ажил, амьдрал, хувь хүнд зарим нэг эрүүл бус хэв маяг байгааг аль хэдийн анзаарсан л байх. Эдгээр эрүүл бус дадал зуршлууд, хэвийн бус ажлын хэв маяг нь “burnout” болох анхны сэжүүр болдог.
Асуудлыг шийдэж, бүтээлч байж, шинэ санаа гаргаж, стартапаа үр бүтээлтэй, ашигтай байлгахын тулд таны тархи тодорхой хэмжээнд амрах хэрэгтэй. Тархиа амрааж чаддаг супер чадварттай болох хүсэл хүн бүхэнд байдаг биз ээ. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр burnout болохоор сэргийлэх 8 зөвлөгөөг хүргэж байна.
Шил шиг тунгалаг зорилготой бай.
Стартапыг удирдаж явуулах мэдээж чанга. Бизнес эрхлэгч хүний хувьд та хамгийн доод цэгтээ хүрч, олон хямралыг туулж, заримдаа энэ бүхэн ямар ч үнэ цэнтэй зүйл биш юм шиг санагдах үе олон. Яг энэ л үед та яагаад энэхүү галзуу аялалд гарснаа санадаг байх нь чухал юм. Та энэхүү хүнд хэцүү үеийг даван туулахыг хүсэж байвал зорилго тань шил шиг тунгалаг, тодорхой байгаа эсэхээ эхлээд шалгаарай. Харин энэ бүхэн тодорхой байвал тэрхүү зорилгоо та ажлын өрөөндөө самбар дээр бичиж эсвэл бүр томоор бичсэн самбарыг оффисын ханандаа хадаж, гар утасны дэлгэц дээрээ тавьсан ч болно. Гол зорилго нь өөртөө үргэлж сануулж байх бөгөөд та өөрт танд тохирч байвал ямар хамаагүй аргыг ашиглаарай.
Өдөр бүр өөрийгөө урамшуулж шагна.
Таныг өдөр бүр яг юу урамшуулж (мотивацжуулж) байгааг олж мэд. Хийх дуртай зүйлсээ буюу жишээ нь олон нийтийн арга хэмжээнд оролцох, хоол хийх, уулзалт хийх, кофе уух бүгдийг нь хийх зүйлсийнхээ жагсаалтад (todo list) оруулаарай. Үүсгэн байгуулагч хүний хувьд та ихэнхдээ илүү ихийг хийх ёстой юм шиг санагдаж, баярт өдрүүдийг ч алгасах хэрэгтэй болдог. Гэхдээ өөрийгөө урамшуулах нь мотивацтай байхын маш том хэсэг бөгөөд сайн хийсэн ажлынхаа төлөө та өөрийгөө урамшуулдаг хүн байх ёстой. Том, жижиг хамаагүй гол нь та юунд урамшиж, юуг шагнал мэт хүлээж авдаг талаараа ойлгож, өдөр бүр өөрийгөө урамшуулах, өөртөө мотивац өгөх аргыг бий болгоорой.
Дасгал хөдөлгөөн, сэтгэл зүйн бэлтгэлийг өдөр тутмынхаа ажлын нэг хэсэг болго.
Дасгал хөдөлгөөн хийж, сэтгэл зүйдээ анхаарах нь эрүүл амьдралын үндэс. Энэ нийтлэл дундаас хамгийн чухал нь энэ хэсгийн зөвлөгөө гэж ойлгож болно. Сэтгэл зүйн болон бие бялдрын дасгалын аль алиных нь хувьд нэгээс хоёр дасгалыг сонгож өдөр тутмынхаа хэвшилд оруулаарай. Өглөө бүр бясалгал хийж, биеийн тамирын зааланд хичээллэх эсвэл долоо хоногт хоёр удаа хөл бөмбөг тоглох, амьсгалын дасгал хийж, байгальд цагийг өнгөрөөх эсэх нь танаас хамаарна. Хамгийн гол нь та өөрт тохирох дасгал, дадлуудыг олж, ажил тань овоорсон ч тэдгээрийг тууштай хийдэг байгаарай.
Өдрөө төлөвлө.
Бүгд мэднэ тиймээ, үнээн. Гэхдээ та өөртөө цаг гаргаж, өөрийгөө болон өрөөлийг халамжилж, бизнесээ удирдаж байгаа цагт төлөвлөлт хийх нь зайлшгүй юм. Сайн тал нь төлөвлөлт хийхээ та өөрөө 100% шийдэж чадах байр сууртай ажил хийдэг. Төлөвлөлт хийхдээ мартаж, орхиж болохгүй нэгэн зүйл нь таныг сайжруулах, сайн дадал зуршил үүсгэх зүйлсийг төлөвлөгөөндөө оруулах.
Сайн төлөвлөлт хийх арга нь өдөр тутмын төлөвлөлтөө нарийн хийж цагийн блокууд үүсгэх юм. Энэхүү блокуудад ажил, амралт, дасгал, бясалгал, унтах, арга хэмжээнд оролцох зэрэг зүйлс багтсан байна. Цагийн блок гэдэг нь ажил хийх, амрах, дасгал хийх, бясалгал хийх, ажлаасаа гарах үеүдээ өөрөө хуваарилж, өөрчилж буюу наана цаана нь оруулах боломжтой болж байна гэсэн үг юм.
Унтахыг урьтал болго.
Таны хуваарьт унтах хангалттай цаг орох ёстой. Унтах нь тархиа амраахад таны хийж чадах хамгийн сайн зүйл юм. Тархиа бүрэн ажиллуулдаг, бүтээмжтэй, бүтээлч, эрч хүчтэй, урам зоригтой, шийдвэр сайн гаргадаг үүсгэн байгуулагч баймаар байвал та унтаж чаддаг байх хэрэгтэй. Насанд хүрсэн хүн шөнө дор хаяж 7 цаг унтахыг зөвлөдөг. Гол нь та ингэж унтаж чадаж байгаа юу?
Зөв хооллож, хооллох зуршилдаа анхаар.
Хэрвээ та өндөр гүйцэтгэл, бүтээмжтэй үүсгэн байгуулагч болмоор байвал хооллолт маш чухал юм. Цусан дахь сахрын хэмжээг тогтвортой байлгахын тулд өдөр бүр тэнцвэртэй, эрүүл хоол идэж, өөрт тохирсон хоолны дэглэмийг бий болгох ёстой. Ихэнх хүмүүсийн хувьд энэ нь өдөрт гурван удаа хооллодог гэсэн үг боловч зарим хүмүүсийн өөр байж болно. Жишээ нь зарим алдартай үүсгэн байгуулагчид мацаг барих аргыг ашигладаг. Энэ нь тэдний бүтээмжид шууд нөлөөлж бүтээмжийг өндөр байлгаж чаддаг. Та өөрт тохирч болох хоолны дэглэмийг туршиж, хоол зүйчээс зөвлөгөө авч, хоол зүйн талаар заавал судалж мэдээрэй.
Тохирох хүмүүсийг ажилд ав.
Хэрвээ танай компанийн санхүүгийн боломжтой бол хүмүүсийг ажилд ав. Та өөрийн ур чадвар дутдаг, сул, хийж чаддаггүй зүйлс дээр тохирох ур чадвартай хүмүүс ажилд авах буюу хийж чаддаг хүмүүсээр нь чаддаг зүйлсийг нь хийлгэх юм. Хамгийн их тусалж хэрэгтэй байгаа бүтэц, хэлтэстээ зөвлөх, цагийн ажилчдыг хөлсөлж үзээрэй.
Амралтаа ав!
Эцэст нь хэлэхэд амар! Үүсгэн байгуулагч ч гэсэн хүн. Жилийн ажлаа төлөвлөхдөө өөрөө амрах хугацааг заавал тусгаж амралтаа авч өөрийгөө цэнэглээд эргээд ажилдаа эрч хүчтэй ороорой.