Манай редакцын зүгээс стартап үүсгэн байгуулагчидтай тэдний бизнесийн онцлог, шийдэхээр зорьж буй асуудал болон бусад хэрэгтэй сэдвүүдээр ярилцаж эхэлсэн билээ.
Энэ удаагийн зочноор аялах дуртай хүмүүсийн андахгүй iHotel платформын Үүсгэн байгуулагч Б.Золбадрал оролцож технологи ашиглан хүн бүрийн аялах мөрөөдлийг биелүүлэх зорилготой iTrip компанийнхаа талаар хуваалцлаа.
iTrip компаниа танилцуулбал?
Товчхондоо, iTrip бол “travel tech” буюу аялал технологи хоёрыг хослуулсан компани. Бид технологийг ашиглан аялахыг илүү хялбар болгох цаашлаад аяллаас авдаг мэдрэмж, дурсамж, таашаалыг нь илүү нэмэгдүүлэх зорилготой.
Өмнө нь бид iHotel нэртэй байсан. Гэхдээ анхны санаагаа баяжуулж, нислэгээс эхлээд өөр олон үйлчилгээ нэвтрүүлж, үйл ажиллагаагаа тэлсэн учир Hotel гэдэг үгээ сольсон. Ингэж iTrip нэртэй илүү олон үйлчилгээг багтаасан шинэ компани шинэ засаглал, бүтэцтэйгээр бий болсон юм.

iTrip ямар үнэ цэнийг бий болгож байна вэ?
Одоогоор бид олон улсын нислэг, дотоод болон гадаадын буудал, багц аялал захиалах боломжуудыг хэрэглэгчдэдээ санал болгож байна. Мөн бид дотоодын буудал, аяллын мэдээллийн хаана ч байхгүй том мэдээллийн санг бүрдүүлж чадсан. Ирээдүйд и-сим, аяллын даатгал, онгоцны буудлаас тосох болон хүргэж өгөх үйлчилгээг нэмнэ.
Мэдээж манайхтай төстэй олон платформ байдаг ч бид Монгол платформ гэдэг утгаараа хэрэглэгчийн туслах маань маш хүртээмжтэй ажиллаж чаддаг. Ялангуяа байгууллагуудад өгдөг маш том үнэ цэн бий. Гаднын платформоос худалдан авалт хийхэд үндсэн үнэ дээр нэмээд 15 хувийн татвар төлдөг бол манайхаас захиалахад ямар нэг нэмэлтгүйгээс гадна байгууллага дээр нь НӨАТ-ын баримт гаргаад өгдөг. Ийм ч учраас манай нийт борлуулалтын 40 орчим хувь нь албан байгууллагуудаас орж ирдэг.
Хүн бүр аялах мөрөөдөлтэй ч санхүүгээсээ болоод чаддаггүй. Энэ асуудлыг шийдэхээр удахгүй зээлийн үйлчилгээнүүд орж ирнэ. Энэ мэтээр бид хүн бүрийн аялах мөрөөдлийг биелүүлэхийн тулд бүх л шаардлагатай хөгжүүлэлтийг хийсэн, хийсээр ч байх болно.
Гадаадаас ирж байгаа жуулчдад зориулсан бүтээгдэхүүн байдаг уу?
Монголын багц аялал санал болгодог хувь хүн болон компаниуд олон улсын платформ дээр аяллаа оруулж, борлуулахад нэлээн төвөгтэй байдаг. Гэтэл ихэнх борлуулалт ийм төрлийн платформоор л дамжин орж ирдэг. Тийм ч учраас бид өнгөрсөн 7-р сараас Монголыг зорин ирэх гаднын жуулчдад зориулсан, таван хэлний сонголттой mongoliantours.com нэртэй платформоо хөгжүүлж эхэлсэн. Одоогоор 200 гаруй багц аялалтай уг платформ маань туршилтын шатанд явж байна. Өмнө нь iHotel дээр бид 500 гаруй дотоодын зочид буудал, амралтын газрыг цахимд шилжүүлж чадсан шигээ уг ажлын хүрээнд аяллын компаниудыг ч мөн цахимжуулж эхлээд байгаа.
Олон улсад гарах төлөвлөгөө бий юу?
Мэдээж бий. Аялал жуулчлалын зах зээл ковидоос өмнө 7 их наяд ам.доллар байсан. Энэ их хэмжээний мөнгө цөөн тооны томоохон платформуудаар л дамждаг. Эдгээр платформууд аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд дээр төрөл бүрийн үнэ цэн шингээж, түүгээрээ өрсөлддөг. Бид ч гэсэн энэ өрсөлдөөнд орох бүрэн боломжтой.
Эхний ээлжид Казакстан, Узбекстан, Киргиз зэрэг Төв азийн зах зээл рүү үйл ажиллагаагаа тэлэх төлөвлөгөөтэй байгаа. Мөн Зүүн өмнөд азийн Малайз, Филиппин, Индонез гэсэн гурван оронд энэ төрлийн платформын хэрэгцээ шаардлага байгаа гэж анзаарсан.
Монголчууд гадаад аялалд нэг тэрбум ам.доллар, гадаад жуулчид дотоодын аялалд 600 сая ам.доллар зарцуулдаг. Тэгэхээр энэ зах зээл дээр байр сууриа олж, санхүү, үйл ажиллагааны хувьд тогтвортой болсны дараа хүссэн, хүсээгүй олон улсын зэх зээлд гарна.
Олон улсад танай технологийн өрсөлдөх чадвар ямар түвшинд байгаа вэ?
Өмнө нь хэлсэнчлэн, манай салбарт технологи гэхээсээ илүүтэй хэрэглэгчдэд нэмж өгч байгаа үнэ цэн л өрсөлдөөнийг гол шалгуур болоод байгаа. Манай платформ Дэлхийн шилдэг платформуудаас илүү гарахгүй бас дутахгүй, ойролцоо түвшинд байгаа гэж хэлж болно. Гол өрсөлдөөн бол яаж эцсийн хэрэглэгчдэд аяллын үйлчилгээг илүү таатай, уян хатан хүргэх вэ гэдэгт л байгаа.
Зорилтот зах зээлээ яаж тодорхойлж байна вэ?
iHotel-ийг хийж байхад нэг талд дотоодын аялагчдыг цахимаар буудал захиалдаг болгох гэж, нөгөө талд зочид буудлуудыг цахимаар бүртгэл авдаг болгох гэж дөрвөн жилийг зарцуулсан. Бүтээгдэхүүнээ хөгжүүлэхийн зэрэгцээ ингэж хэрэглэгчдээ сургах, шинэ дадал бий болгох нь хамгийн их цаг хугацаа авдаг ажил.
Харин одоо бид гадаад руу аялдаг дадал аль хэдийн суусан хүмүүс рүү чиглэж байгаа. Судалгаанаас харахад, зургаа болон түүнээс дээш гадаад орноор аялсан хүмүүсийн 86 хувь нь аль хэдийн цахимаар захиалга хийдэг дадалтай байдаг. Тэгэхээр энэ удаа бид тэдгээр хүмүүсийг зорилтот зах зээлээ хэмээн тодорхойлсон.
Стартапаа ямар арга барилаар удирддаг вэ?
Ерөнхийдөө үндсэн гурван зарчим дээр тулгуурладаг. Нэгт, just do it. Багийнхандаа хиймээр байгаа зүйл байвал хийгээд, хэцүү зүйлс байвал тэр дор нь хуваалцаад явах хэрэгтэйг үргэлж хэлдэг. Хоёрт, sharing is caring. Бид компани дотроо мэдсэн сурсан зүйлсээ бусадтайгаа хуваалцдаг хөтөлбөртэй. Үүний ачаар зөвхөн мэргэжлийн хүрээнд бус бусад чиглэлд ч гэсэн сурч, хөгжих боломж бий болдог. Гуравт, work hard, play hard. Залуу байгаа дээрээ шаргуу ажиллах чухал ч заримдаа чөлөөтэй байж, хөгжилдөх чухал.
Манай компани босоо гэхээсээ илүү хэвтээ зохион байгуулалттай. Миний хувьд хэлтэс болгоны уялдаа холбоог хангаж, мэдээллийг хурдан солилцох боломж бүрдүүлэхэд анхаардаг.
Таны зүгээс аялагчдад өгөх зөвлөгөө?
Нислэг, зочид буудлын эрэлт нь их байх тусам үнэ нь нэмэгдэж байдаг учраас аль болох л эрт захиалах хэрэгтэй. Үүнд зориулж бид зочид буудлыг хямд байхад нь хадгалаад, дараа нь яг очих үедээ төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлсэн.