START venture builder байгууллагын зүгээс жил бүр энтрепренершип хөгжлийн хүрээнд “Монголын Стартап экосистемийн зураглал”-г гаргаж танилцуулдаг. Энэхүү зураглалын зорилго нь үйл ажиллагаа идэвхтэй явуулж буй байгууллагуудыг олон нийтэд таниулах, сурталчлах, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч, сан, байгууллагуудтай хамтын ажиллагааг үүсгэх болон хамгийн гол нь стартапын хүрээллийг бэхжүүлэхэд оршдог. 2022 оны зураглалд нийт 108 компани болон экосистемийн бусад 50 гаруй байгууллагууд орсон.
“Монголын Стартап экосистемийн зураглал”-г жил бүр шинэчлэн гаргахаас гадна жилийн эцэст шилдгүүдийг тодруулах буюу “Startup Award”-г энэ оноос эхлүүлэн Голомт банк, ТЭСО грүпптэй хамтран зохион байгууллаа.
1. Шилдэг энтрепренер | Entrepreneur of the Year
2. Шилдэг стартап | Startup of the Year
3. Онцлох 3 стартап гэх нийт 5 шилдгүүдийг тодруулаад байгаа юм.



2022 оны шилдгүүдэд нийт 40 стартап өрсөлдөж 17 стартап нэр дэвшин өрсөлдсөнөөс шалгаруулахдаа нийгэмд үзүүлж буй нөлөө, шийдэл, бизнес модель, багийн бүтэц, ажиллах арга барил, технологийн шийдэл, идэвхтэй байдал гэх мэт олон зүйлийг харгалзан үзэж шүүгчдийн бүрэлдэхүүн болон олон нийт, стартапуудаас санал авч тодруулсан.

2022 оны Шилдэг Стартапаар Fibo Cloud
Үүлэн технологийг хөгжүүлэгч FIBO CLOUD Монголын стартап экосистемийн шилдгийг шалгаруулах “Startup Awards 2022”-н шилдэг стартап боллоо.
2019 онд нээлтээ хийж түүнээс хойш Монгол төдийгүй төв азийн зах зээлд нэвтэрч буй уг стартап нь сүүлийн жилүүдэд өндөр хэмжээний өсөлтүүдийг үзүүлж олон амжилтуудыг гаргаад байгаа билээ.
Хамгийн сүүлд тэд Төв азид зохион байгуулагдсан Google for Startups хурдасгуур хөтөлбөрт Монголоос анх удаа шалгарч мөн Казахстан Улсын харилцаа холбооны хамгийн том оператор компаниудын нэг болох Транстелеком-ний Казакстан улсын 9 хотод байрших Tier III стандартын 10 дата төвд клауд үйлчилгээ үзүүлэхээр болоод байгаа юм.

2022 оны Шилдэг Энтрепренер Hello Baby-ын хамтран үүсгэн байгуулагч Б.Манд
Шилдэг энтрепренерт нэр дэвшигчдийн нэрсийг бид олон нийт болон стартапуудаас санал авч хамгийн олон санал авсан, нэр давхацсан хүмүүсээс шорт лист болгож шүүгчдэд өгсөн ба шүүгчдийн шийдвэрээр ийнхүү шалгарлаа.
Hello Baby апп нь одоогийн байдлаар 200,000 мянган хэрэглэгчтэй бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэж Monja хурдасгуур, Founder Institute Mongoliaia зэрэг хөтөлбөрүүдэд амжилттай оролцож хамгийн сүүлийн байдлаар “Techstars” олон улсын хөрөнгө оруулалтын компанийн хурдасгуур хөтөлбөрт тэнцээд байгаа юм.

2022 оны Онцлох Стартап iTrip
Нислэг, аялал, зочид буудал гэх мэт аяллын бүтээгдэхүүнүүдийг цогцоор нь багтаасан iTrip нь Монголын стартап экосистемийн шилдгийг шалгаруулах Startup Awards 2022-н “ОНЦЛОХ” стартап боллоо.
Уг платформ нь дотроо iHotel, Myhotel, Mongoliantours зэрэг бүтээгдэхүүнийг агуулдаг бөгөөд технологи болон аялал жуулчлалын салбарын экспертүүдээр багаа бүрдүүлж салбарын үндсэн үйлчилгээ үзүүлэгч байгууллага болох нислэгийн авиа компани, байрших үйлчилгээний газар, тур оператор компанитай хамтран ажиллаж, салбарын байгууллагуудын цахим системд холболтоо хийгээд байгаа юм.
Мөн тэд уламжлалт технологиудыг клауд технологи-руу хөрвүүлэх, салбарын нэгдсэн датаг онлайн хэлбэрт байрлуулж, хэрэгцээтэй талууд хоорондоо холбогдох, хамтран ажиллах боломжийг хангасан технологийг бүтээгээд байгаа билээ.

2022 оны Онцлох Стартап Zochil
Онлайн бизнесээ одоо эхлүүл уриатай Zochil – Онлайн худалдааны платформ нь Монголын стартап экосистемийн шилдгийг шалгаруулах Startup Awards 2022-н “ОНЦЛОХ” стартап боллоо.
Zochil – Онлайн худалдааны платформ нь одоогоор идэвхтэй 1200 төлбөр төлж буй цахим дэлгүүртэй ба хамгийн сүүлд өөрсдийн шинэхэн бүтээгдэхүүнүүд болох “Kool” болон үндсэн платформынхоо шинэхэн хувилбарыг танилцуулаад байгаа юм. Мөн тэд Казакстаны зах зээлд нэвтрэх эхний алхмаа хийсэн ба Шарк Танк Монголиа-с хөрөнгө оруулалт авч хөрөнгө оруулагчид, хамтрагчдынхаа бүрэлдэхүүнийг өргөжүүлээд байгаа юм.

2022 оны Онцлох Стартап Hello Baby
Жаргалтай үрс, жаргалтай ээжүүдийн дижитал туслах Hello Baby нь Монголын стартап экосистемийн шилдгийг шалгаруулах Startup Awards 2022-н “ОНЦЛОХ” стартап боллоо.
Hellobaby-Жирэмсэний хөтөч аппликейшн, Hellobaby-Хүүхэд хөгжлийн аппликейшн нь одоогийн байдлаар 200,000 мянган хэрэглэгчтэй бөгөөд Монгол улсын 10 ээж тутмын 9 нь уг дижитал бүтээгдэхүүнийг хэрэглэж амарждаг. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэж Monja хурдасгуур, Founder Institute Mongoliaia зэрэг хөтөлбөрүүдэд амжилттай оролцож хамгийн сүүлийн байдлаар “Techstars” олон улсын хөрөнгө оруулалтын компанийн хурдасгуур хөтөлбөрт тэнцээд байгаа юм.
Шалгарсан болон нийт оролцсон стартапууддаа ажлын өндөр АМЖИЛТ ХҮСЬЕ!
Ирэх 2023 оны Монголын Стартап Экосистемийн Зураглалаар эргэн уулзацгаая!
Хэрвээ бүртгүүлж амжаагүй байгаа бол дараах холбоосоор компанийн мэдээллээ явуулна уу! Бүртгэл 2023 оны 1 сарын 20-ны өдөр хаагдана!