Технологийн хэрэглээ улам бүр хөгжихийн зэрэгцээ уг салбарын ашиг, орлого ч нэмэгдэж байна. Тийм ч учраас хөгжүүлэгчдийн дундаж цалин нь ч бусад ажил, мэргэжилтэй харьцуулахад тун дээгүүр бичигддэг. АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооноос 2019 онд гаргасан мэдээллээр АНУ-д хөгжүүлэгчийн жилийн дундаж цалин нь 110,000 ам.доллар байна. Харин zangia.mn буюу Зангиа Портал ХХК 2021 онд хийсэн судалгаагаар Монголд инженер, техникийн мэргэжилтнүүдийн дундаж цалин сарын 2 сая төгрөг буюу өнөөдрийн ханшаар жилийн 7000 ам.доллар байна. Ингээд харвал Монгол хөгжүүлэгчид АНУ-ын хөгжүүлэгчдээс даруй 15 дахин бага цалинтай байгаа юм.
Хөгжүүлэгчдэд хамгийн өндөр цалин олгодог 10 улс:
АНУ: 110,638 ам.доллар
Швейцарь: 95,394 ам.доллар
Шинэ Зеланд: 46,229 ам.доллар
Норвеги: 64,202 ам.доллар
Дани: 72,151 ам.доллар
Их Британи: 42,394 ам.доллар
Швед: 51,396 ам.доллар
Герман: 60,162 ам.доллар
Нидерланд: 54,025 ам.доллар
Финлянд: 49,203 ам.доллар
Австрали: 53,669 ам.доллар
Франц: 46,508 ам.доллар
Хэдийгээр тухайн салбарын дундаж цалин тогтоход асар олон хүчин зүйл нөлөөлдөг ч нийтлэг байдлаар дараах хүчин зүйлсээс хамааран технологийн салбарынхны цалин тогтдог байна.
Туршлага: Бусад бүх салбарын адилаар технологийн салбарт ч гэсэн туршлага чухал. Ялангуяа өндөр албан тушаал горилох тусам тухайн хөгжүүлэгч өмнө нь хэр өндөр түвшний технологи хөгжүүлж байсан, хэдэн хүнтэй баг удирдаж байсан зэрэг чадваруудыг хардаг.
Боловсрол: Сайн хөгжүүлэгч болохын тулд заавал их, дээд сургууль төгссөн байх шаардлагагүй ч технологийн мэдлэгээ батлах батламж, серификат эсвэл өмнө нь хийж байсан туршлага хэрэгтэй.
Салбар: Ялангуяа сүүлийн жилүүдэд эрэлт нь өсөж байгаа хиймэл оюун ухаан, AR, VR, блокчэйн, үүлэн технологи зэрэг салбарын хөгжүүлэгчид өндөр цалинтай байдаг.
Бусад чадвар: Дэлхий дахинаа байдаг 21 сая гаруй хөгжүүлэгч бүгд өдөржин код бичдэг гэсэн үг биш юм. Баг удирдах, дизайнеруудтай харьцах, хэрэглэгчийн санал гомдлыг хүлээн авах гээд технологийн мэдлэгээс гадна өөр мэдлэгүүд ч шаардсан ажил хийдэг. Хэдий олон төрлийн, үнэ цэнтэй чадвартай байна, төдий чинээгээ өндөр цалин авна.
Байршил: Цалинд нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл бол ажил олгогчийн байршил болон тухайн улсын амьдрах өртөг. Хэдий Монголд байгаа хөгжүүлэгч АНУ-д байгаа хөгжүүлэгчтэй ижил ажил хийж болох ч улсын эдийн засаг, нийгэм, хөгжлийн ялгаанаас болоод ялгаатай цалин авна.