Сүүлийн үед ихэнх бизнес мэдээллийн технологи суурьтай болохтой зэрэгцэн олон төрлийн шинэ ажлын байрууд бий болсоор байгаа юм. Тэдгээр ажлын байруудад Product Manager болон Product Owner гэх албан тушаалууд зүй ёсоор ордог. Гэсэн хэдий ч энэ хоёрыг хооронд нь ялгах тийм ч амар биш. Учир нь тухайн компанийн хэмжээ, ажилчдын тоо, бүтээгдэхүүний явц, дотоод зохион байгуулалт, scrim болон agile аргыг ашигладаг эсэх гэх мэт олон хүчин зүйлс энэ хоёр албан тушаалыг яаж тайлбарлахад нөлөөлдөг.
Аль ч тохиолдолд Product Manager болон Product Owner нэг л зорилгын төлөө ажилладаг. Тэр нь хэрэглэгч болон бусад л бүх л оролцогч талуудад үнэ цэн бий болгох бүтээгдэхүүн бий болгох, түүнийг тасралтгүй зөв чиглэлд хөгжүүлэх юм. Ижил зорилготой учраас энэ хоёр албан тушаалын хийдэг зарим ажил ижил байдаг ч ялгаатай хэд хэдэн тал бий.
Ерөнхий чиг үүрэг
Product Manager нь хэрэглэгчид юу хэрэгтэй байгааг тодорхойлж, түүн дээрээ тулгуурлан хөгжүүлэх функцүүдийг жагсаалтыг гаргаж, багийн гишүүдээ зохион байгуулах үүрэгтэй.
Product Owner нь тухайн бүтээгдэхүүний бий болгох үнэ цэн хамгийн өндөр байлгахын тулд хийх ажлуудын жагсаалтыг (backlog) үүсгэж, удирддаг. Мөн хөгжүүлэлтийн багт шаардлагатай функцүүдийн (user story) жагсаалтыг бий болгож бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд хэрэглэгчийн дуу хоолойг илэрхийлэх үүрэгтэй.
Хариуцах ажил
Маш энгийнээр хэлбэл Product Manager хөгжүүлэх зүйлсийг чухлын дарааллаар нь жагсаадаг. Энэ албан тушаалын ажилтан өдөр тутамдаа:
- Судалгаа болон баримт дээр тулгуурлан хэрэглэгчид юу хэрэгтэй байгааг тодорхойлох
- Бүтээгдэхүүний урт хугацааны алсын хараа (vision) болон стратегийг боловсруулах
- Багийн гишүүдийг бүтээгдэхүүний замналын (roadmap) дагуу ажиллуулах
- Юуг хэзээ хөгжүүлэхийг жагсаах
- Хэрэглэгчдэд хэрэгтэй бөгөөд таалагдах функцийг хүргэх
Product Manager нь бүтээгдэхүүнийг судалгаанаас эхлээд хэрэглэгчийн гарт хүртэл нь хариуцан ажилладаг, олон талт маш хариуцлагатай ажил юм. Тийм ч учраас Гүйцэтгэх захирлуудын багасгасан хувилбар (mini-CEO) гэж ч нэрлэгддэг.
Харин Product Owner нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн Scrum аргачлалаас эхтэй бөгөөд албан ёсны гарын авлагат “Хөгжүүлэлтийн багийн бий болгосон бүтээгдэхүүний үнэ цэнийг хамгийн өндөр байлгах ёстой хүн” гэж тодорхойлогдсон байдаг. Энэ албан тушаалын ажилтан өдөр тутамдаа:
- Хэрэглэгчдэд тулгарч байгаа асуудлыг яг ямар функцээр (user story) шийдэх ёстойг тодорхойлж, тэдгээрийг хийх ажлын жагсаалтад оруулах
- Хөгжүүлэлтийн үе шатуудыг ойлгомжтой байлдгаж, хөгжүүлэлтийн багт яг юуг хэзээ хийхийг ойлгомжтой болгох
- Бүх agile болон scrum уулзалтад оролцож, хөгжүүлэлтийн ажил Product Manager-ийн гаргасан бүтээгдэхүүний замналын (roadmap) дагуу явж байгаа эсэхэд анхаарах
- Хөгжүүлэлтийн багт хэрэглэгчийн дуу хоолойг хүргэх
- Product Manager-ийн гаргасан бүтээгдэхүүний замналд (roadmap) санал, сэтгэгдлээ хэлэх
Дүгнэлт
Product Manager илүү урт хугацаанд том зургаар харж, бүтээгдэхүүнийг тэр чигт нь анхаардаг бол Product Owner илүү ойрын хугацаанд анхааралтай харж, хөгжүүлэлтийн багтай ойр ажилладаг. Энгийнээр хэлбэл, Product Manager ямар функцүүд хөгжүүлэхийг шийддэг бол Product Owner хөгжүүлэлтийн багт тэдгээр функцүүдийг хөгжүүлэхэд нь тусалдаг. Энэ хоёр ажилтны аль нь танай компанид хэрэгтэйг мэдэхийн тулд яг одоо ямар үр дүн хэрэгтэй байгаагаа тодорхойлоорой.