Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

“Хүн бүр хоол хийж чадна” Easy Cook стартап хэрхэн өсөлт үзүүлж байна вэ?

Н.Одхүү, Easy Cook-н үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захиралтай хийсэн ярилцлага.

Easy Cook стартапыг үүсгэн байгуулаад 2 гаруй жил боллоо. Энэ хугацаанд ямар хүндрэл бэрхшээлүүдийн ард гарав? Цар тахал бизнест тань хэрхэн нөлөөлөв?

Манай компани үүсгэн байгуулагдаад одоо гурав дахь жилдээ орж байна. Эхнэр бид хоёр  өдөрт 8 цагаар ажилладаг байсан тул орой гэртээ ирээд хоол хийх асуудлаас болж нэг удаа ширүүхэн маргалдсан. Би хувьдаа гэртээ хоол идэх дуртай, гадуур хооллохоор эдийн засагт ч хэцүү, сэтгэлд хүрэхгүй гээд олон асуудал бий. Тиймдээ ч гадуур хооллохоос зайлсхийдэг. Гэтэл эхнэр маань хоол хийх гэж надтай суугаагүй гээд уурлаж гарав. Дараа нь тайвшраад, хамт хоол идээд сууж байхдаа ярилаа. Бид хоёр шиг залуу, завгүй гэр бүл олон бий. Үүнийг яагаад бизнес санаа болгож болохгүй гэж? хэмээн бодлогоширсон. Санаагаа гаргаад интернэтээр судлаад үзсэн ижил төстэй бизнесүүд дэлхийд, тэр дундаа Азийн зах зээлд олон байв. Харин Монголд байгаагүй тул боломжтой санагдаад, урьдчилсан захиалга авч хүнс бэлдэхээр шийдсэн. Мэдээж Ковид гарна гэж мэдээгүй. Гэхдээ санаагаа идэвхжүүлж, цагаан сарын үеэр бууз, банш хийж эхэлсэн. Анхандаа яаж хийхээ мэдэхгүй, юу ч гэсэн 100 гр ногоо хэрчээд, 500 гр гуляшны мах бэлдээд хүмүүст өгч үзсэн. Гэхдээ хүмүүс сайн ойлгоогүй. Бидний бизнесийн модель хүмүүст хараахан хүрээгүй.

Ковидын үед бүх ресторан хаагдсан нь нөгөө талаараа бидний бизнест түлхэц болсон. Хүмүүс өдөр бүр гурилтай шөл, цуйван идээд байж чадахгүй. Рестораны хоол идэх хүсэл, эрэлт бий болсон. Наашаа цаашаа, мантуутай гахайн мах, хуйцаа зэрэг Монголчуудын сайн мэдэх Ази, Европ хоолны жоруудыг хөлдөөн бэлдэц болгож нийлүүлсэн нь манай өсөлтөд ихээр нөлөөлсөн. Гэхдээ нөгөө талдаа бүх юм хязгаарлагдмал байв. Бүтээгдэхүүнийг хэрхэн танилцуулах, түүхээ эд татах гэх мэт асуудал үүссэн. Нэг газартай хамтарлаа гэж бодоход тэр газар нь Ковидоос болоод хаачихсан, авсан зарим бараа, материал нь муу үе байв. Түүнчлэн манай бүтээгдэхүүнийг хэрэглэгчид сайн ойлгохгүй байсан нь том асуудал байлаа. 

Бэлэн гоймон юм уу? гэж асуух нь элбэг. Шууд халаагаад идчих юм уу гэж залгах тохиолдол ч олон. Хөлдүү хоолны соёлыг Монголд бууз, хуушуур гэж ойлгодог. Гэтэл манай бүтээгдэхүүн яг хооронд нь нийлүүлээд хөлдөөчихсөн юм биш. Сав, баглаа боодлын зардал арай өндөр. Тусад нь савлаж бэлтгэсэн ногоо зэрэг нь хоол хийх хугацааг 60-70% хэмнэж, хүмүүсийн асуудлыг шийдэж байгаа. Өөрөөр хэлбэл, үлдсэн 30%-40%-ийг нь хэрэглэгч өөрөө хийнэ. Бүтээгдэхүүнээ шинэхнээр нь, харж байж хийх тул гол үнэ цэн нь “Cook it yourself” буюу хоол хийхэд тань тусалж буй хэрэг. Эхнэр бид хоёрт тулгарсан тэр асуудлыг шийдэхэд нь тусалж, хоол хийхэд тань хялбар болгож байгаа гэдгийг хүмүүст ойлгуулж, бизнесээ эхлүүлсэн. 

Энэ хугацаанд өдрийн ердөө ₮8,000-ийн борлуулалттай ч үе байсан. Яаж хүргэх нь тодорхойгүй. Дэлгүүрүүдээр зардаггүй, зөвхөн 77113711 дугаараар 1.5 жил захиалга авч, хүргэсэн. Анх 60м.кв талбайд жижигхэн үйлдвэрлэл эрхэлж байсан тул дэлгүүрүүдийн стандартад хүрэхгүй байв. Хүмүүс ирж танилцаад, бизнесийн санаа, савлагааг магтдаг ч үйлдвэрлэлийн хүчин чадал бага тул татгалзаж байсан. Үүнээс болж CU, Emart зэргээс хэд хэдэн удаа татгалзсан хариу сонссон. Сүүлд 250м.кв талбайд шилжээд, Emart, Номин, Сансар худалдааны дэлгүүрүүдээр худалдаж эхэлсэн. Одоо гурав дахь үйлдвэрээ 350м.кв талбайд нээгээд, эндээ стандартын дагуу бэлдэж, боловсруулж савлаад, шууд түгээлтэд гаргаж байгаа. 

Ер нь амархан байгаагүй. Олон хүндрэл, бэрхшээлийн ард гарсан. Аливаа бизнес хүний асуудлыг шийдэх ёстой. Хүмүүст ямар асуудлыг нь шийдэж байгаагаа таниулж чадвал бидний үнэ цэн ойлгогдоно. Одоо ч бүрэн итгэлтэй биш байна. Учир нь зарим хүн эргэж залгаад, хэрхэн ашиглах, хадгалах талаар асуудаг. Тэгэхээр бүтээгдэхүүнээ хүмүүст таниулах асуудал бий. Одоогоос гурван жилийн өмнө “Customer Experience” их ярьдаг байсан. Одоо харин “Brand Experience” талдаа шилжээд байна. Өөрөөр хэлбэл, манай бүтээгдэхүүнийг аваад, тохирсон аргаар нь хэрэглэж чадвал бидний бизнес урт хугацаандаа амжилт олно. Үүний оронд хэрэглэгчийн хэрэгцээнд тулгуурлаж, хэдэн цагт юу иддэгт нь тааруулах гэж үзвэл төдийлөн амжилт олохгүй. Хүмүүсийн хэв маяг өөрчлөгдөх нь тодорхой учир тэр. Бидний бүтээгдэхүүнийг хүмүүс ойлгож, хэрэглэж байвал манай брэнд амьдралынх нь хэв маягийн нэг хэсэг болно. Энэ бидний зорилго. 

Саяхныг хүртэл үйлдвэрлэлийн хүчин чадал хангалтгүй байсан. Одоо үүнийгээ ч шийдээд, хүргэлтээ мөн ухаалгаар шийдлээ. Үүнийхээ талаар танилцуулаач? Мөн эдгээр том асуудлыг шийдчихсэн болохоор дараагийн төлөвлөгөө юу байгаа вэ?

Бидэнд олдсон нэг завшаан нь, бид MStarsHub гээд MCS группийн стартапуудыг дэмжих, бизнесийн санаагаа бодит болгох хурдасгуур хөтөлбөрт оролцож, 170 стартапаас шилдэг 12-т багтсан. Улмаар тэр том группийн менежментээс 5 сарын хугацаанд суралцах боломж олдсон. Шалгарсан компаниуд энэ хугацаанд даалгавраа сайн хийвэл тодорхой дэмжлэг, хөрөнгө оруулалт авах боломжтой. Манайх ч гайгүй төгсөгчдийн нэг нь болж, хөрөнгө оруулалт авч, энэхүү үйлдвэрээ байгуулсан. Одоогоор ажлын байраа нэмж, бүтээгдэхүүнээ сурталчилж, MCS групптэй холбоотой компаниудтай нэгдэж, хамтарч ажиллаж байна. Энэ боломжоос зуурч чадсан нь манай хамт олонд асар том түлхэц болсон. Аливааг ганцаараа зүтгүүлэх амаргүй. Энэ том компани бидэнд боломж олгосон учир үүнийг алдахгүй, цааш улам тэлэхээр зорино. 

MCS-тэй холбоотой 4 компани бидэнд хувь нийлүүлэн хөрөнгө оруулсан. Үүний дагуу стратеги бүгд гарчихсан байгаа. UB Cab манай нэг хөрөнгө оруулагч. Одоогоор UB Eats төслөөр хүргэлтийн хоолны үйлчилгээ эхлүүлж байна. Энэ хүрээнд Монголын анхны “Cloud Kitchen” нээгдэж байгаа. Манай үйлдвэрийн хажуу хаалганд найман өөр хоолны гал тогоо бий. Жижиг талбайд ердөө хоол хутгах зориулалттай гэж хэлж болно. Ердөө найман минутад хоол хийх нөхцөлийг манай Easy Cook бэлдцээрээ хангана. Болсон хоолыг нь UB Cab-ийн жолооч нар хүргэнэ. UB Eats хэмээх хоол хүргэлтийн супер аппын гал тогоо Улаанбаатар хотын таван цэгт байгуулагдаж байгаа. Заавал ресторанд үйлчлүүлэхгүйгээр ажил дээрээсээ өдрийн хоолоо захиалчихна. Энэ нь ажилчдын бүтээмжид нөлөөлөх эерэг талтай. Гарал үүсэл, эрүүл ахуй, хоолны сонголттой, худалдан авалтад тань тохирсон үнээр хүргэж үйлчилнэ.

UB Cab манайд ийм болзлоор хөрөнгө оруулж, манайх бэлдцийг нь нийлүүлж байна. Бид одоогоор гурван модельд шилжээд байгаа. B2C буюу манай үндсэн модель нь айл, өрхийн хэрэглээнд чиглэдэг. Харин B2B нь ресторан, хоолны газруудад хоол бэлтгэгч ажиллуулах шаардлагагүйгээр манайхаас бэлдэц авах боломжийг олгоно. Одоогоор Asiana ресторан, Сонгодо эмнэлэг зэрэг газруудтай хамтарч байна. B2B-ийн нэг бэрхшээл бий. Биднээс авсан бэлдцээр бүтээгдэхүүн боловсруулж, ашиг нэмж эцсийн хэрэглэгчид хүргэж байгаа. Ногоогоо арилгуулж, хэрчүүлээд авч байгаа хэр нь хүнсний ногоогоо зах зээлийн ханшаараа авах сонирхолтой байдаг. Иймд B2B хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүнээ ойлгуулах шаардлага давхар үүсэж байгаа юм. Хоолоо хурдан хугацаанд нэмж хүн ажиллуулах шаардлагагүйгээр хийнэ гэдгийг таниулах чухал. Үйл ажиллагааны зардлаа тооцож, үнэ цэнийг нь ойлгочихсон газрууд манайхаас бүтээгдэхүүн дуртай авдаг. Бид масс зах зээлд бага багаар нэвтэрч яваа. Одоогоор үйлдвэрлэлийн хүчин чадал тийм их биш ч, 24 цагаар 2-3 ээлж гаргаж, дээд хүчин чадлаар ажиллавал өдөрт 5,000 гаруй бэлдэц үйлдвэрлэх боломжтой. 

B2C модель маань дотроо хоёр хуваагддаг. CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрт Хуйцаа, Калбижим хоолыг одоогоор худалдаж байгаа. Нөгөөх нь 3-4 гишүүнтэй өрхүүдэд зориулсан ажлын 5 өдрийн багц. Ногоо, мах зэрэг хоолны бэлдцийг нь савлаж хайрцагласан тул хэрэглэгч маань хүссэн хоолоо хийх боломжтой, аль эсвэл манай жороор түргэн хугацаанд амттай хоол хийж болно.

Зах зээлийн эрэлт хэр их байна вэ? Мөн ижил төрлийн бизнесүүдийн өрсөлдөөн хэр хүчтэй байна вэ? 

CU, GS25-ийн тооцохгүйгээр хөлдөөсөн хүнсний зах зээл өөрөө 250 тэрбум төгрөгөөр үнэлэгддэг. Бид ойрын 5 жилдээ ядаж 5%-ийг нь эзлэх бодолтой байгаа. Хоол хүнсний зах зээл бусад бизнесүүдээс ялгаатай ганц зүйл нь хэн ч хуулбарлах боломжтой. Гэхдээ давуу тал нь, хүн өдөрт гурван удаа хоол иддэг. Хэрэв зөв ажиллаж, хэрэглэгчээ зөв таньж чадвал улам сайжраад байх боломжтой. Өрсөлдөгчийн хувьд импортын маш олон компани бий. Олон төрлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн импортоор орж ирдэг. Гадагш валют алдахын оронд гаднын бүтээгдэхүүнтэй дүйцэх, гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээг дотооддоо хангаж байгаа гэдгээрээ манайх ялгардаг. Гаднаас орж ирж буй бүх бүтээгдэхүүнийг мөн л хөлдөөх шаардлагатай тул манайх харьцангуй өрсөлдөх чадвартай.

Дотоод дахь өрсөлдөөний хувьд махны томоохон бизнесүүд бий. Бидний хувьд өөрсдийн хүсэл тэмүүлэлд тулгуурлан, цаашид амьдралын хэв маяг энэ чиглэлд өөрчлөгдөнө гэсэн итгэл үнэмшлээр бизнесээ явуулж байна. Түрүүн хэлсэнчлэн хэрэглэгч биш, брэнд төвтэй. Гэхдээ бэлдэц талдаа манайх Монголд анхдагч нь. Боловсруулсан бэлдцийг хэрэглэгчдэд таниулж байгаа анхны компани. Хөлдөөсөн хүнс боловсруулагч олон компани байдаг ч ихэнх нь үндсэн бизнесээсээ салаалуулж, боловсруулдаг. Тухайлбал, хиам, мах үйлдвэрлэгчид нэмэлт боловсруулалт хийж, дэлгүүрүүдээр нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, үндсэн бизнес нь бэлдэц биш, салаалсан байдлаар хөгжүүлж байгаа. Харин бидний үндсэн модель маань бэлдэц. Энэ нь бидний бусдаас ялгарах онцлог. Өрсөлдөх зүйл их ч бидэнд айх зүйл үгүй. Бидний хамгийн гол зорилго нь хэрэглэгчдэд тулгарч буй нэг асуудлыг өөрсдийн чадлын хэрээр системтэй шийдэх явдал. Мэдээж өрсөлдөгчид маань хэрхэн яаж ажиллаж байгааг стратеги, төлөвлөлтдөө оруулж, уялдаж ажиллана. Гэхдээ хэн нэгнийг дуурайж, эсвэл хэн нэгнээс хараат болоод ирэхээрээ бизнес чиглэлээ алддаг. Ямартай ч хоол хийхдээ бэлдэц гэдгээ ойлгодог болчихсон, өдөр тутамдаа ашигладаг, тэр дундаа Easy Cook гэдэг ийм логотой, савлагаатай бүтээгдэхүүн хэрэглэдэг болчихсон байвал миний энэ компанийг үүсгэн байгуулсан зорилго биеллээ олно.

Хоол, хүнс үйлдвэрлэдэг бусад компаниуд танай үйлдвэрийн шат дамжлагыг ашиглан хамтран ажиллах боломжтой юу? Тухайлбал, бүтээгдэхүүнээ танайхаар хөлдөөж, савлуулаад экспортод гаргах гэх мэт.

Боломжтой. Бидний хувьд хөлдөөсөн бэлдэц маань нэг төрлийн дөнгөж эхэлж буй концепц. Дараагаар нь бид гарал үүслээ шийднэ. Өөрөөр хэлбэл, Easy Cook-ийн малчны ферм, ногооны хүлэмжээс мах, ногоогоо авдаг болчихвол Easy Cook Exclusive гэх модель гаргахаар төлөвлөж байна. Урьдчилсан захиалгаар хөлдөөх шаардлагагүй, илүү шинэхэн бүтээгдэхүүн нийлүүлж болно. Цаашид бүтээгдэхүүнээ гадагш гаргах бодол мэдээж бий. Тэр дундаа гадаадад буй Монголчууддаа бүтээгдэхүүнээ хүргэх эхний концепц явж байна. Дэлхий даяар тархсан 200-300 мянган Монголчууд эх орныхоо хөрсөнд ургасан хүнс, тэжээлийг авах боломж олгохоор шийдлээ эрж байна. Тэгэхийн тулд үйлдвэрлэлийн ISO стандартууд нэвтрүүлэх шаардлагатай. 

Гэртээ хүнс цуглуулахад л савлаад, гэрт нь хүргээд өгдөг модель руу яваандаа шилжинэ. Наана нь хэрэглэгчдийн амьдралын хэв маягт нэвтрүүлэх хэрэгтэй. Бүгдийг нь нэг дор одоо хийнэ гэж үгүй. Стартап гэдэг утгаараа чаддаг чаддагаараа нийлье гэж боддог. Монголд бизнес эрхлэхэд тулгардаг нэг асуудал нь аливаа тохиролцолд аль нэг нь ашигтай байх гээд байдаг. Харилцан ашигтай байж чадвал илүү үр дүнтэй хөгжих боломжтой. Компаниудын удирдлагуудын зөвхөн өөрсдийн эрх ашгаа харах биш, нэг нэгнээ дэмжих хүсэлтэй байвал экспортод зөвхөн зэс, нүүрс биш олон бүтээгдэхүүн гаргах боломжтой гэж хардаг. Одоогоор бид чаддаг чаддагаараа нийлээд явж байна. Мах, ногооны тус бүр гурван нийлүүлэгчтэй, сав, баглаа боодлоо аль болох дотоодын компаниудаас авч, дэмжиж ажилладаг. Харилцан итгэж чадвал цаашид хамтрахад бид бэлэн.

Монголд хөдөө аж ахуйн нөөц их ч экспортод гаргахад таны хэлсэнчлэн стандарт дутагддаг, хүнсний эрүүл мэндийн асуудал хөндөгддөг. Easy Cook Exclusive үүнд төвлөрч байх шиг байна. Экспортод бүтээгдэхүүн гаргахад үүнээс өөр ямар бэрхшээлүүд байна вэ?

Мэдээж хөрөнгө оруулалт. Хоёрдугаарт бодлого, төлөвлөлт, стратегиа зөв тодорхойлох шаардлагатай. Үүний тулд эхлээд Монголын зах зээлд бүтээгдэхүүнээ сайн таниулах хэрэгтэй. Сүү, кола шиг хэрэглэдэг болчихвол дараа нь хялбар. Сүү, талх, өндөг, колаг бид өдөр тутамдаа хэрэглээд сурчихсан байгаа нь эдгээр хүнс амьдралын хэв маяг болчихсон байгааг харуулж буй юм. Үүний адилаар манай бэлдцээр гэртээ хурдан хугацаанд амттай хоол хийдэг хэв маягтай болгох зорилготой байгаа. Бэлэн хоол, эсвэл халаагаад идчихдэг хоол биш өөрийн гараар хурдан хийх хэв маягт дасгана. Ингэж чадвал бүтээгдэхүүнээ улам олшруулж, сайжруулж, савлаад, гадаадад байгаа Монголчуудад нийлүүлэх нөхцөлийг нь бүрдүүлнэ. Үүнийг бага багаар, шат дараатай хэрэгжүүлнэ. Одоогийн зорилго бол Монголын зах зээлд итгэл даахуйц брэнд болох. Үүний дараа гадагшаа чиглэсэн ажил хийнэ. Өвөр Монголын зах зээлд ч орон зай бий.

Тиймээс эхлээд дотооддоо анхаарч байгаа. Дөнгөж эхэлж буй тул маркетингд их хөрөнгө зарж чадахгүй, масс зах зээлд чиглэсэн ажлууд одоогоор хийгээгүй байна. Харин мэддэг болсон хэрэглэгчдээс сайшаал их сонсож байгаа. Энэ ч утгаараа хүмүүс манай бүтээгдэхүүнийг яагаад хэрэглэх хэрэгтэй вэ гэдийг нь эхлээд таниулахад анхаарна.

Алсын хараа маань их гоё. Цаашид мэргэжлийн тогоочдоос жор гаргуулж, тогоочийг нь таниулж, жорынх нь дагуу хоол хийх заавартай нь бэлдэнэ. Тогооч нь борлуулалтаас хувь аваад явна. Хоёр сардаа нэг жор гаргаад, улам сайжруулаад явах боломжтой. “Everyone can cook” буюу “Хүн бүр хоол хийж чадна” гэх уриа маань үүнээс гаралтай. Хүний жорыг дуурайж хоол хийх ч, хоол хийж байгаа мэдрэмжийг нь хадгална. Зүгээр нэг хөлдөөсөн бүтээгдэхүүн бус хоол хийхэд мэдэрдэг жаргалыг давхар мэдэрнэ. Үнэр, амтнаас авхуулаад мэдэрч болох сайхан бүхнийг бүтээгдэхүүндээ шингээх гэж оролдож байна. Энэ нь ч бидний үнэ цэн. Хэрэглэгчид маань бидэнтэй холбогдож, их гоё хоол боллоо гэж хэлдэг. Гэхдээ бид зүгээр л тусалж байгаа. Хоол хийж байгаа хүмүүс нь өөрсдөө шүү дээ. Хүн болгоны амтлах мэдрэмж өөр учир ус болон амтлагчаа өөрсдөө тааруулаарай гэж би хэлдэг. Учир нь мэргэжлийн тогооч нараас гаргасан жор бол ердөө зөвлөмж төдий.

Би өөрөө хоолны салбарт олон жил ажилласан туршлагатай. Modern Nomads, Burger King зэрэг үйлчилгээний салбарт ажиллаж байсан. Гэхдээ би хоол хийдэггүй, бэлтгэдэг. Үйлчлүүлэгчид голцуу хоол удлаа, давс их, бага байна, мах нь шүүрхий, хэт болсон байна гэх мэтээр гомдоллодог. Тиймээс ч бизнесээ эхлүүлэхэд ажлын туршлага их нөлөөлсөн. Хоолыг нь бэлтгээд өгье, өөрсдийн дуртай амтаараа өөрсдөө хоолоо хийх боломжийг нь олгоё. Ингэхдээ цаг завыг нь хэмнэе гэж бодсон. Өөрсдөө амтлаад идэж буй тул манай бүтээгдэхүүнд дуртай байдаг. Ижил төстэй бизнесээс ялгарах онцлог маань энэ. 

Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг хэрхэн төрөлжүүлэхээр төлөвлөсөн бэ? Ямар бүтээгдэхүүнүүд шинээр гаргах гэж байна?

Монголын Топ 10 рестораны жорыг хөлдөөж, боловсруулахаар төлөвлөж байгаа. Ресторантай нь гэрээ байгуулах замаар шийднэ. Мөн удахгүй Easy Cook аппликейшн маань гарна. Youtube-ээс мукбан үзээд хоол идмээр санагддаг даа. Гэхдээ тэрийгээ хийе гэхээр дэлгүүрээс материал цуглуулахаас авхуулаад маш их цаг хугацаа, хүчин чармайлт шаарддаг. Харин бид мукбан шиг хоолны бичлэгүүд бэлдээд, тухайн хоолны жорыг зохиосон хүнийг оролцуулаад, доор нь тухайн хоолны бэлдцийг шууд захиалах боломжтой байлгах юм. Апп-аар дамжуулж захиалга өгвөл хүссэн цагт нь бид хүргээд өгнө. Үүнийг 2023 оны хоёрдугаар хагаст гаргахаар тооцож байна. Наана нь түрүүний хэлсэн амьдралын хэв маягт нь шингээх ажлууд явна. Голцуу Ази, Монгол, Европ хоолоор бүтээгдэхүүнээ нэмнэ. Монголчууд голцуу буцалсан халуун шөлтэй хоолонд дуртай байдаг. Тиймээс шөлтэй хоолонд илүү анхаарч байгаа. Мөн хүмүүсийн байнгын иддэг хоолыг бэлдэх нэг модель, түүнээс гадна огт идэж байгаагүй хоолыг нь хөлдөөж бэлдэх гэсэн хоёр чиглэлд бүтээгдэхүүнээ хөгжүүлнэ. Limited Time Only буюу тухайн хугацаандаа гараад л дуусдаг бүтээгдэхүүн гаргана. Жишээ нь, цаг агаар хүйтэрвэл тойгийн шөл 250 ширхгийг урьдчилсан захиалгаар аваад, дуусдаг байдлаар. Шинэ жилийн баяр боллоо гэхэд баярын ширээний багц гаргах гэх мэтээр цөөн тооны бүтээгдэхүүнийг хүссэнээр багцалж авч болох боломжтой байдлаар шийднэ. 

https://easycook.mn/

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
nibisoft
Read More

Э.Пүрэвдорж: Корпорацаас стартапруу шилжихэд томоохон сорилтуудтай тулж байна

Nubisoft технологийн компанийн Хамтран үүсгэн байгуулагч Э.Пүрэвдоржтой ярилцсан ярилцлагыг хүргэж байна. Нийтлэлийн хураангуй: Монголын технологийн салбар цаашдаа хурдацтай…
Total
0
Share

Discover more from startupnews

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading