Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Mezorn-ийн үүсгэн байгуулагч О.Золбаяр: Санаагаа хэрхэн бизнес болгох вэ?

Онлайн сургалтын “Melearn” платформ болон стартапын өсөлтийн хурдасгуур хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “MStars Hub”-ийн хамт олон нэгдэн гарааны бизнес сонирхогчдод зориулан “Өглөөний ментор” цуврал эвентээ эхлүүлж байгаа билээ. 

ӨГЛӨӨНИЙ МЕНТОР ЭВЕНТИЙН ТУХАЙ

Уг эвентийн эхний ментороор хэдийнээ бидний хэрэглээ болоод буй “UBCab” онлайн таксиний үйлчилгээг нэвтрүүлсэн Мезорн-ийн үүсгэн байгуулагч О.Золбаяр уригдан “UBCab-ийн түүх буюу санаагаа хэрхэн бизнес болгох вэ?” сэдвийн хүрээнд өөрийн туршлагыг хуваалцсан юм. 

Ийнхүү уг нийтлэлээрээ О.Золбаяр захирлын ярьсан онцлох яриануудыг уншигч та бүхэндээ тоймлон хүргэж байна.

СТАРТАП БАГИЙН БҮРДЭЛ

Амжилттай стартап дээр ганцхан хүн бус баг хамт олон байдаг. Нэг үүсгэн байгуулагчтайгаар стартап амжилттанд хүрсэн тохиолдол маш цөөхөн буюу нийт амжилттай хэрэгжиж буй гарааны бизнесүүдтэй харьцуулахад багахан хувийг л эзэлдэг. Тэгэхээр ганцаараа гэхээс илүүтэй багаараа зүтгэдэг.

Багийн бүрдлийн хувьд 3H болох:

  • Hacker 
  • Hipster
  • Hustler буюу монголчилбол хийдэг, боддог, ярьдаг гэсэн хоршил заавал байх хэрэгтэй. 

Уг бүрдэл нь нийлснээрээ амжилттай стартапын цөм болж буй хэрэг. Хоёуланг нь хийх чадвартай нэг хүн байх боломжтой ч цаг хугацааны хувьд бүгдийг зэрэг амжуулна гэдэг хэцүү. Ялгаатай чадвартай хүмүүс нэг баг болсноор бие биенийгээ ойлгох, нэгнийхээ сул талуудыг нөхөж, ажлыг хөнгөвчлөх, давуу талуудаа ашиглах бүрэн боломжтой.

Mezorn болон UBCab-ийн жишээн дээр ярихад манай үүсгэн байгуулагчид бүгд программистууд байсны дээр ижилхэн зан чанартай, ижилхэн чадвартай хүмүүс байлаа. Өөрөөр хэлбэл өмнө дурдсан 3 чадварын нэг болох ярьдаг буюу hustler бидний дунд байхгүй нь сул тал болсон хэрэг. Учир нь бүтээгдэхүүнээ хийгээд байдаг ч түүнийгээ зардаг хүн байхгүй нь аюул болж байсан. Тиймээс UBCab-ийг хийх үедээ маш цомхон хүрээнд ажиллаад, тэлж чаддаггүй байсныгаа ойлгон Н.Отгонбаяр захирлыг багтаа оруулж ирсэн түүхтэй. 

БИЗНЕСИЙН САНАА – ТУРШИГДСАН ЗАГВАР

Анх эхэлж байгаа стартапуудын хувьд бизнесээ эхлүүлэхээсээ өмнө уг санаа нь дэлхийн хаа нэг газар амжилттай болон амжилтгүй болсон тохиолдлуудыг судлаад мэдэх хэрэгтэй. Тэр ч утгаараа бизнесийн санаа нь аль хэдийн туршигдчихсан байвал зүгээр. Учир нь үнэхээр бүтэшгүй зүйлд цаг хугацаагаа үрэх ямар ч шаардлагагүй шүү дээ. 

Харин үнэхээр ямар ч мэдээлэл олдохгүй өөрсдөө хийж үзэхээс өөр аргагүйд хүрвэл түүнийгээ нухаад л суухаас илүүтэй хамгийн бага өртгөөр ажилладаг жижиг бүтээгдэхүүнийг гарган, эргээд түүнээсээ маш хурдан мэдээллээ аваад ажиллах уу, үгүй юу гэдгээ мэдэх хэрэгтэй. 

АМЖИЛТТАЙ БИЗНЕСИЙГ НУТАГШУУЛАХ НЬ

Дотоодын зах зээл хоцорч яваа нь бидний хувьд сул тал болж байна. Гэхдээ энэ нь эсрэгээрээ давуу тал ч болох боломжтой. Яаж гэхээр дэлхийд туршигдаад хэрэгжсэн загварыг юун түрүүнд энэ санаа хэрэгжих боломжтой, хүнд хэрэгцээтэй юм байна гэдгийг мэднэ. 

Гэсэн хэдий ч тэрхүү санаа нь шууд манай улсад яг адилхан ажиллана гэсэн үг биш. Тиймээс түүнийгээ нэг үгээр “нутагшуулах” ёстой. Тухайн орны орчин нөхцөл, соёл, улсын хөгжил гээд бүх зүйл нь өөр учраас түүнд нь тохируулан хийх хэрэгтэй. 

Тэр дундаа адилхан бизнесүүдээс танай ялгарах гол онцлог, бусдын дуурайн хийж чадахгүй зүйл буюу “Unique” зүйлээ тодотгож өг.

Анх UBCab-ийг эхэлж байхад манайхтай ижил үйлчилгээ эрхэлсэн 10 гаруй бизнесүүд байсан. Тэдгээрээс UBCab-ийн ялгарах зүйл нь манай багт зардаг хүн нь байгаагүй, хийдэг хүмүүс нь л байсан. Харин бусад бизнесүүд нь хийдэггүй, зардаг төрлийн хүмүүстэй байсан. Жишээ нь, анхнаас нь өөрсдөө хийхгүйгээр аль хэдийн туршигдсан гадны системийг авч ирж, дэлхийд хэрэгжсэн юм чинь заръя гэсэн шийдэлтэй л хүмүүс байсан учраас эргээд бүтээгдэхүүн дээрээ алдаж байсан. Харин манайх яг Монголчуудад зориулж буюу нутагшуулж, онцлогт нь тааруулж ялгаатай зүйл дээр нь илүү ач холбогдол өгч, хэрхэн хялбараар хийж болох эсэх дээр төвлөрч ажиллаж чадсан.  Нэг ёсондоо Монголын Uber-г бүтээх байсан. 

Нөгөө талаасаа тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүлээж авах цаг үе нь хараахан болоогүй байж магадгүй. 

Жишээ нь, UBCab-н хувьд хэтэрхий эрт эхэлсэн байж магадгүй юм. Учир нь тэр үед ухаалаг утастай хэрэглэгч цөөхөн, ухаалаг утастай ч байнга датагаа асаагаад явдаг хэрэглэгч тийм ч их байгаагүй. Тиймээс зах зээл дээр гараад тэлэлт хийх нөхцөл бүрдээгүй байсан гэж хэлж болно. 

Гэсэн ч бид 20 жолоочтойгоор хийгээд л эхэлсэн. Цөөхөн хэрэглэгчтэй, цөөхөн жолоочтой. Тухайн үеийн зах зээлд суурь дэд бүтцүүд нь хараахан шийдэгдээгүй байсныг дурдвал төлбөр тооцоо, хаягжилт гэх мэт маш олон зүйл бэлэн биш байсан. Тэгэхээр суурь дэд бүтцүүдээ сайн судлах шаардлагатай. Харин 2016 онд Qpay хэрэгжиж эхэлснээр төлбөр тооцооны асуудлыг хялбарчилж өгсөн. Qpay гарч ирээгүй бол UBCab-н хувьд энэ хэмжээнд очих байсан уу гэдэг эргэлзээтэй. 

ШАТ ШАТНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Стартапууд хөрөнгө оруулалт авахдаа компанийнхаа бага хувийг заавал их мөнгөөр үнэлэх албагүй. Ердөө л дараагийн шатандаа хэрэгцээтэй мөнгөө л авах хэрэгтэй. Шаардлагатай хөрөнгө оруулалтаа авахын тулд олон үе шатан дах хөрөнгө оруулалтын зураглалаа анхнаас нь төлөвлөж гаргавал тустай.

Түүнийгээ хөрөнгө оруулагчдадаа танилцуулаад хөрөнгийг нь яг юунд хэрхэн ашиглахааа ойлгуулж, хэрхэн өсгөж чадахаа итгүүлэх нь стартапуудын хувьд хамгийн том даалгавар.

Биднийг анх эхлэх үед шат шатны хөрөнгө оруулалтын хөтөлбөр гэх мэт зүйл байгаагүй учраас бид өөрсдийн мөнгөөрөө хийж явсаар сүүлд л хөрөнгө оруулалт авсан байгаа. Аутсорсинг ажил хийж түүнээсээ илүү гарсан мөнгөөрөө UBCab-д зарцуулж ирсэн. Энэ нь өөрөө маш удаан процесс. Гэвч стартап ингэж явах ёсгүй харин ч илүү хурдтай, илүү хурдан гүйцэтгэлтэйгээр хөрөнгө оруулалтаа цаг хугацаанд нь аваад явах хэрэгтэй. UBCab-ийн хувьд эрт эхэлсэн учраас цаг хугацаа, орон зайны хувьд боломжтой байсан бол одоогийн нөхцөлд өөрийнхөө олсон мөнгөөр дараагийн шатанд гарна гэдэг бол хэцүү бөгөөд хязгаарлагдмал. Сүүлийн үед хөрөнгө оруулалтын экосистем хөгжиж байгаа учраас шинэ стартапууд маань түүнтэй уялдан төлөвлөх нь зүйтэй.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧАА ЗӨВ СОНГОХ НЬ

Бизнесээ дараагийн шатанд гаргахын тулд өмнөх загвараа сайжруулан ахин хөрөнгө оруулалт авах замаар хэд хэдэн үе шат явдаг. Үе шат болгонд хөрөнгө оруулагчдын дэмжлэгүүд орж ирнэ. 

Гэвч хөрөнгө оруулалт нь дан ганц мөнгөөр хэмжигдэхгүй. 

Мөнгөнөөс гадна борлуулалт, маркетингийн суваг болон хөрөнгө оруулагч талын давуу тал, нөу-хау зэрэг олон дэмжлэг орж ирнэ. Тэр бүх дэмжлэгийн тусламжтай хурдацтай тэлэх хэрэгтэй.

Үүнээс гадна хөрөнгө оруулагчдаа зөв сонгох нь тун чухал. 

Тэр тусмаа стратегийн хөрөнгө оруулагчидтай болох. Жишээ нь, тухайн хөрөнгө оруулагчийн бизнестэй харилцан үнэ цэнтэй, уялдаа холбоотой байхуйц. Мөн бизнес тань хэдэн жилийн дараа хаана, хэнд илүү үнэ цэн өгөх боломжтой байна тийм хөрөнгө оруулагчийг сонго.

УРАГШЛАХ ТУСАМ АСУУДАЛ ТОМОРНО

Хүмүүс шинэ бизнес, стартап эхлүүлнэ гэдгийг эрх чөлөөтэй бизнес эрхэлнэ гэж бодоод ажлаасаа гардаг. Гэвч цэвэрлэгчээс эхлүүлээд бүх ажлаа өөрсдөө хийх асуудал толгой дээр ирнэ. 

Амжилтанд хүрэх хүртлээ бишгүй л олон бүтэлгүйтэж байж тэр бүх алдаанаасаа суралцана. Comfort zone буюу тухтай бүсдээ стартап гарч ирэхгүй харин ч хамгийн хэцүү, шахалттай, мөнгөгүй гэсэн янз бүрийн нөхцөл байдал дах бэрхшээлүүдтэй нүүр тулах учир түүнд сэтгэлзүй болон хувь хүний хувьд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Стартап эхлүүлж буй хүмүүсийн хувьд сэтгэлзүй маш чухал гэж хэлж болно. Хэрвээ хувиар илэрхийлбэл 70 хувь нь сэтгэлзүй, 30 хувь нь бусад зүйлс гэж хэлэхүйц хэмжээний.

Амжилтанд хүрнэ гэдэг нь нэг хэмжээнд очоод зогсчихгүй. Урагшлах тусам асуудал тань томроод л байна. Асуудлаа шийдэж чадах бүрт түүгээрээ тэжээгдэн компани болоод хувь хүний сэтгэлзүйн хувьд дархлаа тогтоод л байна гэсэн үг. Дасгал хийгээд булчинтай хүн болно гэдэг шиг тэр олон асуудалтай орооцолдоод байх тусам сэтгэл зүй сайжраад явдаг юм шиг санагддаг. 

ЦАГ ХУГАЦААНДАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙ

Хүнд байгаа хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа. Тиймээс залуу байгаа дээрээ өөрийн цаг хугацаандаа хөрөнгө оруулалт хий. Яарч шууд хөдлөх гэлгүй сайтар туршлага хуримтлуулах хэрэгтэй. Яг л боловсорсон жимс гэдэг шиг дадлага туршлагыг 1, 2 сарын дотор л олж авч чадахгүй, цаг хугацаагаа зарцуулж байж олдог зүйл. 

Ингэснээрээ арай бага алдахын зэрэгцээ аливаа юмсын ойлголттой болно. Жишээ нь, тухайн ажил хэрхэн явагддаг, хүмүүс хэрхэн хамтарч ажилладаг гэх мэт энгийн зүйлсийг мэддэг болно гэсэн үг. 

Үүнд дээр нэмж хэлэхэд хэрвээ нөхцөл, боломж бололцоо нь бүрдээд боломжийн туршлага хуримтлуулсан байвал стартап эхлүүлэх насны хувьд эртэднэ гэсэн юм байхгүй.

БОГИНО ХУГАЦААНД ҮР ДҮНГЭЭ МЭДЭР

Миний хувьд ямарваа нэгэн юмыг зорилго тавин түүндээ хүрч байж илүү урагшилдаг. Өөрөөр  хэлбэл ямар ч үр дүнгүй байгаад байвал дагаад сэтгэлзүйн асуудал үүснэ. Тэгэхээр тодорхой байх буюу богино хугацаанд үр дүнг мэдрэх ёстой гэсэн зарчим надад бий. Аль болох үр дүнгүй удаан явахгүй, маш богино хугацаанд жижиг ч хамаагүй юм хийсэн мэдрэмж авах хэрэгтэй. Тэгж байж түүгээрээ тэжээгдээд цаашаа явдаг. 

Бусдаар өөр зуршил, дүрмэнд баригдаад байдаггүй. Мөн хувь хүний хөгжлийн номноос илүүтэй хүмүүсийн намтар унших дуртай. Учир нь тэдгээр ном ямар нэгэн хэтрүүлэггүйгээр зүгээр л хүний амьдралын бодит түүх дээр тулгуурлан бичигддэг учраас би хэрэгтэй зүйлүүдээ авахыг нь авдаг.

БҮТЭЭГДЭХҮҮН БОЛ ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ МАРКЕТИНГ

Стартапуудын хувьд маркетингийн агентлаг хөлслөөд байх мөнгө төдийлөн байхгүй ч хийсэн зүйлээ хүмүүст хүргэх сувгуудыг өөрсдийн боломжийн хэрээр тэлж байх хэрэгтэй. Жишээ нь сошиал сүлжээг ашиглах гэх мэт үнэгүй боломж дүүрэн болсон. Агентлаг хөлслөх ч шаардлагагүй. Учир нь таны бүтээгдэхүүнийг танаас өөр сайн мэдэх хүн байхгүй л болов уу. 

Зарим хүн маркетингийг буруу ойлгоод байх шиг санагддаг. Зарагдахааргүй бүтээгдэхүүн зарж чадахаа эсвэл илүү өндөр үнэ цэнтэй юм шиг хүнд ойлгуулаад байдгаа маркетинг гэж ойлгодог. Гэвч бүтээгдэхүүн, үйлчилгээ бол хэдий чинээ чанартай, үнэ цэнтэй байна төдий чинээ тохирсон хөлсөө л авна. 

Ямар нэгэн арга хэрэгсэл ашиглаад тодорхой цаг хугацаанд үнэлгээг нь ихэсгэж болох л  байх. Гэсэн хэдий ч хэсэг хугацааны дараа буцаад л өөрийн үнэлгээн дээрээ ирнэ. 

Миний уншиж байснаар “Product is Marketing” буюу “Бүтээгдэхүүн нь өөрөө маркетинг” байх хэрэгтэй. Маркетингийн нөлөөгөөр хүн нэг удаадаа мөнгө төлж болно. Гэхдээ хоёр дах удаагаа төлөхгүй шүү дээ. Тэгэхээр сайн бүтээгдэхүүн бол өөрөө өөрийнхөө маркетинг болно. 

ЦААШДЫН ЗОРИЛГО

Гадны зах зээлд Unicorn буюу өндөр үнэлгээтэй компани болох зорилготой байгаа. Бид амжилтгүй боллоо ч тэр нь тодорхой хэмжээний туршлага болж үлдэнэ. 

Төсөл бүтэлгүйтэж болно – Бид хөгжөөд үлдэнэ. 

ШИНЭ ТӨСӨЛ

Монголд боловсон хүчний дутагдалтай байна гэдэг ч ажиллах хүчээ ашиглаж чаддаггүй. Нөгөө талд оюутнуудад орлого олох хэрэгцээ үүсдэг. Тиймээс оюутнууд болон бусад хүмүүсийг цагийн ажлаар орлогожих боломжийг бүрдүүлэх гэж хичээж байгаа. Нэг ёсондоо ажлын Uber гэж хэлж болно. Хүссэн цагтаа гараад орлого олох боломжтой тийм нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг. Цаашлаад оюутнууд ч туршлагажиж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой болно. 

Ийнхүү стартапаа эхлүүлэх гээд бэлдэж буй залуус болон эхний алхмаа хийчихээд цаашаа хэрхэх учраа олохгүй байгаа бизнес эрхлэгчдэдээ зориулсан “Өглөөний ментор” эвентээ амжилттай зохион байгуулж эхэллээ. 

Дараагийн эвент маань 11-р сарын 19нд 07:00 цагаас MStars Hub-ийн эвент зааланд “Онтайм”-ийн үүсгэн байгуулагч MStars Hub-ийн ментор М.Мөнхдөл-ийн хамт “Хэрхэн хөрөнгө оруулалт босгох вэ?” сэдвээр зохион байгуулагдах гэж байна.

Хэрвээ та бүхэн сонирхож байвал хүрэлцэн ирэхийг урьж байна.

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Total
0
Share