Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Зах зээлийн хэмжээгээ хэрхэн тодорхойлох вэ?

Зах зээлийн хэмжээг тодорхойлох нэмэлт 5 арга

TAM, SAM, SOM гэж юу вэ? Нэмэлт аргууд

Бизнес найраанд багтах ёстой хамгийн чухал мэдээллүүдийн нэг нь зах зээлийн хэмжээ байдаг. Ялангуяа хөрөнгө оруулагч танай салбарыг төдийлөн сайн мэдэхгүй бол зах зээлийн боломжоо ярьж, энэ бизнес хэр хэмжээний ашиг орлого олох вэ гэдгийг ойлгуулах нь нэн чухал юм. 

Гэхдээ зах зээлийн хэмжээгээ хэт өндрөөр тавих нь хөрөнгө оруулагчийн итгэлийг алдах, харин хэт бага тавих нь бизнесээ багаар үнэлүүлэх эрсдэлтэй гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс зах зээлийн хэмжээгээ зөв тодорхойлох, нөгөөтээгүүр тодорхойлж буй аргаа зөв сонгох хэрэгтэй болдог. Хүмүүсийн ихэвчлэн ашигладаг арга нь TAM, SAM, SOM юм. 

TAM (Total Addressable Market буюу Нийт зах зээлийн хэмжээ): Жишээлбэл, танай стартап шинэ төрлийн алим ургууллаа гэж бодоход TAM нь алимын нийт зах зээлийн хэмжээг хэлнэ.

SAM (Service Addressable Market буюу Нийт хүрч болох зах зээлийн хэмжээ): Алим ургууллаа гэхэд магадгүй тээврээс болоод бүх улсад зарах боломжгүй байж болно. Иймд SAM нь хүрэх боломжтой зах зээлийн хэмжээг илэрхийлнэ.

SOM (Service Obtainable Market буюу Нийт хүрч чадах зах зээлийн хэмжээ): Мэдээж бүтээгдэхүүн, үйлчилгээ чинь үнэхээр хэрэглэгчийн бүх шаардлагыг хангаж байвал SOM нь SAM-тэй тэнцүү байна. Гэхдээ ихэнх тохиолдолд, ийм байх боломжгүй зүйл учир SOM-оор бизнесийнхээ баталгаатай хүрч чадах зах зээлийн хэмжээг илэрхийлнэ.

Дээрх арга хамгийн нийтлэг ашиглагддаг ч зарим тохиолдолд тохиромжгүй байдаг. Ялангуяа, өмнө нь байгаагүй шинэ зүйлийг хийж байгаа бол зах зээлийн хэмжээг нарийн тодорхойлох маш хүндрэлтэй. Ийм үед ашиглаж болох нэмэлт таван аргыг танилцуулъя. 

Зах зээлд тулгуурласан: Шинэ төрлийн алим ургууллаа гэж бодъё. Яг алимын зах зээлийн тоо байхгүй бол жимс, жимсгэнийн зах зээлийн хэмжээг олж мэдээд, дараа нь хүмүүс жимс идэхдээ хэдэн хувьд нь алим идэж байгааг судлан алимын зах зээлийн хэмжээг гаргаж болно. 

Борлуулалтад тулгуурласан: Хэрэв тухайн зах зээлийн том тоог нь олох боломжгүй бол өөрийн бүтээгдэхүүнээ зарж чадах тоогоор зах зээлийн хэмжээгээ гаргаж болно. Жишээлбэл, жимс, жимсгэнийн зах зээлийн хэмжээ тодорхойгүй бол зарж чадах алимын дүнгээрээ бизнесийнхээ зах зээлийн хэмжээг илэрхийлэх боломжтой.

Өрсөлдөгчдөд тулгуурласан: Томоохон өрсөлдөгчдийн борлуулалтын дүнг нэмснээр тухайн зах зээлийн нийт хэмжээг гаргаж болдог. Гэхдээ ихэнх тохиолдолд өрсөлдөгчдийн борлуулалтын мэдээлэл цөөн байдаг учраас аль болох цөөн өрсөлдөгчтэй үед энэ аргыг ашиглавал илүү үр дүнтэй.

Хэрэглэгчдэд тулгуурласан: Алимтай холбоотой ямар ч зах зээлийн мэдээлэл олдохгүй бол алимыг хэрэглэж болох бүлэг хэрэглэгчдийн аль хэдийн хэрэглэж буй, өөр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтаар зах зээлийн хэмжээгээ баримжаалах боломжтой. 

Хэмнэлтэд тулгуурласан: Ихэнх бүтээгдэхүүн, үйлчилгээ ямар нэг байдлаар хэрэглэгчид санхүү эсвэл цаг хугацааны хэмнэлт бий болгодог. Тиймээс тэрхүү хэмнэлт дээрээ тулгуурлан зах зээлийн хэмжээгээ гаргах боломжтой. Жишээлбэл, танай бүтээж буй алим хураах төхөөрөмж бусад төрлийн алим хураагчаас 10 хувиар хурдан гэж үзье. Харин алим хураахад нийтдээ 100 сая төгрөг зарцуулдаг бол танай бизнесийн зах зээл дор хаяж 10 сая төгрөг гэж тооцох хэрэгтэй. 

Бизнес бүрийн онцлог өөр учраас дээрх аргуудаас аль болох өөрт таарснаа ашиглах нь зүйтэй. Зөвхөн нэг биш олныг ашигласан ч болно. Эцсийн эцэст хөрөнгө оруулагчийн зүгээс ямар арга ашигласан нь бус, зах зээлийн хэмжээ болон тэр хэмжээ хэр бодиттой вэ гэдэг л чухал юм шүү.

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Total
0
Share