Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Монголоос YouTube-ийн тэрбумтан хэзээ төрөх вэ?

Дэлхийн дахинаа хамгийн их хүн ордог сайтуудын хоёрдугаар байрт бичигддэг YouTube 2005 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, ганцхан жилийн дотор өндөр амжилт үзүүлэн 2006 онд Google компанид 1.6 тэрбум ам.доллароор зарагдаж байжээ.

Түүнээс хойш видео байршуулах, түгээх хамгийн том суваг болж, видео контент бүтээгч гэх цоо шинэ мэргэжил бий болгон “creator economy” буюу бүтээгчийн эдийн засгийн салшгүй нэг хэсэг болоод байна. Компаниуд бичлэг үзэж байгаа хүмүүст өөрийн зар сурталчилгаагаа харуулахын тулд мөнгө төлдөг бөгөөд тухайн мөнгөний 55 хувь бичлэгийг бүтээсэн бүтээгчдэд очдог. 2021 онд YouTube зар сурталчилгаагаар 28 тэрбум ам.доллар олж, түүний 55 хувь буюу 15 тэрбум ам.долларыг видео контент бүтээгчдэд өгчээ

Дэлхийн хамгийн алдартай YouTube контент бүтээгчдийн тоонд зүй ёсоор багтдаг, 24 настай MrBeast залуу үеийнхэнд бүтээж буй бичлэгүүдээрээ тун алдартай. 2012 оноос видео контент хийж эхэлсэн түүний үндсэн суваг өдгөө 18 тэрбум үзэлт, 108 сая дагагчтайгаар, хамгийн олон дагагчтай YouTube сувгуудын 5-р байрт бичигдэж байгаа юм. Үндсэн сувгаасаа гадна тэрээр MrBeast брэндийн дор хэд хэдэн сувагтай бөгөөд тэдгээрийг нэмбэл нийт дагагчийн тоо нь 180 орчим саяд хүрнэ. 

Forbes сэтгүүлээс түүнийг 2021 онд 54 сая ам.долларын орлого олсон гэж мэдээлсэн. Энэхүү орлого YouTube сувгаас нь гадна, түүний үүсгэн байгуулсан MrBeast Burger сүлжээ ресторан, Feastables шоколадны брэнд зэргээс нь орсон байна. Товчхондоо, MrBeast нь YouTube гэх платформын ачаар өөрийн брэндээ үүсгэн байгуулж, өндөр амжилттай яваа олон контент бүтээгчдийн төлөөлөл юм. 

Тэгвэл Монголоос YouTube-ийн тэрбумтан хэзээ төрөх вэ? 2020 оны судалгаагаар Монголд YouTube хэрэглэдэг 879,000 орчим хэрэглэгч байдаг. Монголын хамгийн олон дагагчтай сувгийн жагсаалтыг 330 сая үзэлт, 810,000 дагагчтайгаар Gremix тэргүүлж байна. Харин олсон орлогын хувьд бүтээгчид ихэнхдээ хаалттай байдаг ч 101,000 дагагчтай Anu Harchu 2021 онд 2 сая үзэлтдээ 1,360 ам.доллар буюу 4,5 сая төгрөг, Zolboo TV 2022 оны 9-р сард 5 сая үзэлтдээ 14 орчим сая төгрөгийн орлого олжээ.  

YouTube-ээс олж буй орлогод ихээр нөлөөлдөг RPM буюу нэг мянган үзэлтээс олох орлогын хэмжээ нь Монголд хөгжингүй орнуудаас маш бага байдаг. Энэ нь үзэгчдийн цахим худалдан авалтын чадвар, тухайн орны компаниудын YouTube-д сурталчилгаагаа байршуулах давтамж зэргээс хамаардаг. 

Товчхондоо, Монголоос томоохон видео контент бүтээгчид төрөн гарч байгаа ч зах зээлийн хувьд харьцангуй жижиг байгаа юм. Гэхдээ цахим хэрэглээ цаг минут бүрээр өсөж байгаа учир Монголоос YouTube-ийн тэрбумтан төрөх нь цаг хугацааны л асуудал болов уу. 

Total
31
Shares

Leave a Reply

Related Posts
Total
31
Share