Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Монгол залуус хонины ноосон шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч бүтээжээ

Хонины ноосыг ашиглан, агаар цэвэршүүлэгч бүтээж буй “Airee Felt” компанийн хамтран үүсгэн байгуулагч М.Оюунгэрэлтэй саяхан гаргасан шинэхэн бүтээгдэхүүн болоод манай улсын нэн тэргүүний асуудал болох агаарын бохирдлын талаар ярилцлаа. 

Санаа

Миний хувьд байгаль орчин, агаарын бохирдлын чиглэлээр долоон жил ажиллаж байна. Манай хамтран үүсгэн байгуулагч маань мөн биотехнологич бөгөөд бид өмнө нь тус тусдаа ажилладаг байж байгаад “Greenpreneurs” төслийн тэмцээнд анх оролцоод энэ санаагаа бодож олсон. Анхны санаа маань замгаас хүчилтөрөгч гаргаж авах байсан ба санаагаа бүр цааш нь судлаад хаягдалгүй, байгальд дахин 100% задардаг байх агаар цэвэршүүлэгчийн санааг олоод үүнийгээ бизнес болгохоор шийдсэн билээ.

Мөн бид амьдралынхаа 80-90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Дотоод орчин маань гаднаас орж ирэх бохирдлыг шүүх шүүлтүүр байхгүй, чийгшил муутайн учраас хүчилтөрөгч багасаж толгой өвдөх нүд аргах, хараа муудах зэрэг асуудлууд үүсдэг. Цаашлаад миний хамгийн эмзэглэж явдаг зүйл маань агаарын бохирдлоос болж маш олон бага насны хүүхдүүд хохирч байгааг харахад үнэхээр хэцүү санагддаг байсан маань нийлээд энэ цогц санааг олоход маш ихээр нөлөөлсөн юм. 

Ковидын үед бид бизнесээ эхэлсэн болоод ч тэр үү үйлдвэрлэл зогсох, хил хаах, сорьцоо гадагш нь явуулахад хариу нь удаж ирэх гэх мэтчилэн хүндрэлүүд маш их үүсэж байсан. Гэвч өнгөрсөн 8-р сараас хойш 160 гаруй хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ аль хэдийн хүргэжээ. Цаашлаад хэрэглэгчдээс маань дуу чимээ бага, үнэ боломжийн, тоосонцор болон үнэрийг маш сайн шүүж байна гэсэн сэтгэгдлүүд дараалан ирж байгаад бид маш их баяртай байна. 

Яагаад заавал хонины ноос гэж?

Хонины ноос гэхээр манай монголчууд маш ихээр гайхдаг. Гэхдээ хонины ноос нь шинжлэх ухааны салбарт аль хэдийн танигдаад эхэлчихсэн түүхий эд юм. Хонины ноосны хортой нэгдлүүдийг шүүх чадвар 94-96 хувьтай бөгөөд нягтын хувьд цахилгаан соронзон шинж чанар маш сайтай байдаг. Жишээлбэл, хүний үс тамхины утаа болон нүүрсний утааг маш хурдан шингээж авдаг шиг хонины ноос нь өөрөө үс учир утааг хамгийн сайн. 

Бас нэг шалтгаан нь манай улс хонины ноосоо ашиглаж чадахгүйн улмаас маш ихээр үнэгүйдүүлдэг. Үүнийг мөн ашиглаж давуу талаа болгохыг зорьсон. Бид хивс хийхэд ч ашигладаггүй хамгийн бүдүүн ширхэгтэй ноосыг ашигладаг бөгөөд ноос нь бүдүүн ширхэгтэй байх тусмаа агаарт буй нэгдлүүдийг өөртөө сайн шингээх юм. 

Өрсөлдөгч 

Хонины ноосыг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компани Монголд одоогоор манайхаас өөр байхгүй байна. Австрали улсад л маск үйлдвэрлэж буй жишээ нэг байгаа. Тийм ч учраас бид ашигтай загварын гэрчилгээ буюу оюуны өмчийн эрхийг анх удаа монголдоо авсан. Цаашлаад бид санаагаа улам сайжруулж дэлхийн оюуны өмчийн газраас анхны тоотоор патентаа авахаар мөн ажиллаж байна. 

Бусад агаар цэвэршүүлэгчээс ялгарах онцлог

Ихэнх агаар цэвэршүүлэгч компаниуд пластик шүүлтүүр ашигладаг бөгөөд эргээд шүүлтүүрээ шатаах эсвэл газарт булж бохирдлоо зайлуулдаг. Ингэснээр тус пластикууд нь бүр илүү хортой нэгдэл болж агаарыг бохирдуулж байдаг. Цаашлаад тус пластик бохирдлууд задраад микро түвшинд очихоороо:

  • Далайд: Далайд шингэхдээ далайн замгийг үхүүлдэг. Далайн замаг нь өөрөө байгаль дэлхийн хүчилтөрөгчийн 40-70 хувийг ялгаруулдаг. 
  • Хүний биед: Далайн амьтад мөн түүгээр хооллож эргээд бид загасаар хооллоход бидний биед шингэж мөн аюул учруулж байна. 
  • Агаарт: Цаашлаад агаарт хүртэл тус бичил пластикууд дэгдэж бидний амьсгалын замаар дамжин уушги руу орж улмаар цуснаас пластик гарч ирж буй маш олон тохиолдлууд гарч ирж байна. Энэ нь хэзээ ч эргээд биеэс гарахааргүй хүнд химийн нэгдлүүд болж хувирч байгаа юм. 

Мөн пластик нь дэлхийн дулаарлыг хамгийн хурднаар хурдасгаж томоохон хүчин зүйлүүдийн нэг болж байгааг бид бүгдээрээ мэддэг болсон байх. Нэг ёсондоо өнөөдөр цэвэр агаар амьсгалах гээд ирээдүйн цэвэр агаараа үхүүлж байна гэсэн үг юм. 

Манай цэвэршүүлэгчийн ялгарах онцлог нь 2 давхар шүүлтүүртэй бөгөөд үүнийгээ дахин шинээр солих боломжтой. Бусад агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүрийг солих боломжгүй ихэнхдээ 1-2 жил ашиглагдаад орхигддог. Мөн байгальд 100% задардаг шүүлтүүр ашиглаж буй нь бидний хамгийн том ялгарал билээ.

Ирээдүйд…

Бид өөрсдийн гэсэн үйлдвэрээ барихаар төлөвлөж байна. Үйлдвэртэй болсноор бид чанараа илүү сайжруулж 99.9%-ийн чанартай шүүх синтетик фильтер гаргаж авахаар судалгаа шинжилгээгээ хийж байна. Бидний дараагийн загвар энэ ондоо багтаж гарах төлөвлөөгөөтэй байна. Цаашлаад олон улсын зах зээлээс хамгийн түрүүнд Герман руу гарахаар мөн бодож байгаа бөгөөд эхний ээлжид дотоодын зах зээл дээрээ танигдах хэрэглэгчдээ хүргэх эхний шатны ажлууд дээрээ чухалчлан ажиллаж байна.

Түүнчлэн хэрэглэгчдийн гарт хүрээд буй агаар цэвэршүүлэгчээс гадна өөр хоёр бүрдэл хэсэг бий. Тухайлбал, бохирдсон агаарыг шүүн авч, далайн замгаар цэвэршүүлэх хоёр дахь хэсэг гэж байгаа. Мөн угаасан агаарыг гадагшлуулах гурав дахь хэсгийн хөгжүүлэлт хийж, хоёр жилийн дараа гурван хэсгээс бүрдсэн төхөөрөмж худалдаанд гаргахаар мөн төлөвлөн ажиллаж байна.  

Цаашлаад… Бид бизнесээ улам томруулах зорилгоор гадаадын олон олон хурдасгуур хөтөлбөрүүдэд орохоор бүртгүүлээд эхнээсээ төгсөөд явж байна. Үүний нэг нь 10 сарын 1-нд төгсөх Unleash Plus хөтөлбөр юм. Мөн ирэх 11-р сард олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохоор бэлдэж байгаа билээ. 

Энэ мэтчилэн бидний хувьд стартап мань дөнгөж цэцэглэж эхэлж байна. Цааш цаашдаа хөрөнгө оруулалт татах, үйлдвэрээ барих, патентаа авах гэх мэтчилэн олон ажлууд биднийг хүлээж байна. Мэдээж хүнд хэцүү шантармаар үеүд маш ихээр тулгарч байгаа ч баг хамт олон минь байгаа учир тэднийхээ хүчээр даван гарч байна. Энэ дашрамд багийнхандаа маш ихээр баярлаж явдгаа хэлмээр байна. Тэд байхгүй байсан бол энэ бүх зүйл бий болохгүй байх байсан билээ.

Total
44
Shares

Leave a Reply

Related Posts
urmine
Read More

А.Уянга:“Монгол хүн болгоны хайртай брэнд байгаасай” гэж хүсэж хөрөнгө оруулалтаа хийсэн.

ҮР минь брэндийн үүсгэн байгуулагч А.Уянгатай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна. Үр минь брэндийг товчоор тодорхойлбол?…
Read More

Ажлынхаа хажуугаар стартап санаагаа хэрэгжүүлж эхэлсэн | Lemon Press

Эдийн засгийн мэдээ уншмаар байвч ойлгохгүй байх тохиолдол цөөнгүй байдаг. Тэгвэл Ц.Анхбаяр, Э.Золбаяр нар бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлийн…
Read More

С.Отгонбат: Аялал жуулчлалын стартапуудад хөрөнгө оруулахад бэлэн байна

“Ottegen Holdings”-ийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал С.Отгонбаттай ярилцав. Нийтлэлийн хураангуй: Стартапуудад баг л сайн байвал бусад нь шийдэгдэх асуудал…
Total
44
Share