Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

SAM апп “Founder Institute Hongkong” хурдасгуур хөтөлбөрийн төгсөгч боллоо

Хэл сурах хамгийн дөт замыг бүтээх зорилготой SAM апп Founder Institute-ын Хонгконг дахь салбарын шилдэг гурван төгсөгчийн нэг болжээ. Энэ талаар SAM апп-ын үүсгэн байгуулагч А.Ариунтуяатай ярилцлаа.

SAM апп гэж юу вэ?

SAM апп нь гадаад хэл суралцаж буй хүмүүст зориулсан минимал арга барилтай, маш богино хугацаанд тусгай хөтөлбөр, арга барилын дагуу эрчимжүүлэн сургах зорилготой платформ юм. Бусдаас ялгарах онцлогын хувьд бид гадаад хэлний зөвхөн хамгийн өндөр давтамжтай хэрэглэгддэг цөм агуулгыг л зааж, тус мэдлэгээ 6 шатлалт бүхий ярианы функцээр өдөр бүр ярьж дадал болгон хэвшүүлдэг.

Манай Brighton EdTech компани нь анх 2017 онд англи хэлний сургалтын үйл ажиллагаа явуулж байгаад 2021 оноос SAM апп болон SAM Seed цөм хөтөлбөрийг зах зээлд амжилттай нэвтрүүлээд явж байна. SAM апп тус нэг жилийн хугацаанд аль хэдийнээ 40,000 таталт, 3000 төлбөртэй хэрэглэгчтэй болжээ.

“Founder Institute Hong Kong” хөтөлбөрийн тухай

Тус хөтөлбөр анх 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд төв нь Цахиурын хөндийд байрлалтай дэлхийн хамгийн том бизнес инкубатор, энтрепренеруудыг сургах хөтөлбөр юм. Одоогоор дэлхийн 65 улс орны 180 хотуудад үйл ажиллагаагаа явуулж байна. Монголд ч тус хөтөлбөр хэрэгждэг бөгөөд олон олон стартапууд тус хөтөлбөрөөр дамжин төрөн гарч ирсээр байна. 

Харин SAM апп-н хувьд олон улсад гарах зорилгынхоо хүрээнд тус хөтөлбөрийн Хонгконг дахь хөтөлбөрт хамрагдаж гурван сарын хугацаанд амжилттай суралцаж төгслөө. 

Тус хөтөлбөр ямар боломж олгох вэ?  

Мэдээж хамгийн том давуу талуудын нэг нь олон улсын менторуудаас суралцах явдал байсан. Цаашлаад гурван сарын хугацаанд нийт 15 стартаптай хамтран баг болж ажиллахад бие бизнесээ туршлага судлах, дэмжлэг үзүүлэх цаашлаад төгссөн ч холбоотой байх хэмжээний нэг салбарын найзуудтай болсондоо баяртай байгаа. Мөн бид тун удахгүй дараагийн загвараа зах зээлд гаргахаар төлөвлөж байсан болоод ч тэр үү хөтөлбөртөө хамрагдангаа дараагийн бүтээгдэхүүн дээрээ ажиллахад маш их зүйл суралцсан. Миний хувьд бизнес суурьтай хүн болоод ч тэр үү стартап анх үүсгэн байгуулаад явахад алхам тутамдаа суралцах зүйлс маш ихээр гарч ирдэг байсан бол хөтөлбөрт хамрагдаад эхнээс нь юуг, яаж, хэрхэн хийх ёстойг маш цэгцтэй ойлгож авсан. 

Тус хөтөлбөрт хамрагдсанаар Brighton EdTech-ын цаашдын хараа, зорилго хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Хөтөлбөрт анх 15 стартап оролцсоноос менторуудын явцын дунд өгч буй үнэлгээ дүгнэлт зэргээс хамааран хамгийн сүүлд ердөө 8 стартап төгссөн. Тэр дундаа манайх эхний гурван шилдэг төгсөгчийн нэг болж чадсанд маш их баяртай байна. Энэ нь бидэнд маш их урам зоригийг өгч, цаашдын хараа зорилгыг маань бүр илүү тод болж өгсөн. Учир нь тэдгээр менторууд маш чадварлаг хүмүүс байсан бөгөөд олон улсад аль хэдийнээ хэд хэдэн бизнесээ зах зээлд нэвтрүүлчихсэн үүсгэн байгуулагчид манай санааг сайшааж энэ хэмжээний үнэлэмж өгнө гэдэг нь үнэхээр сайшаалтай санагдсан билээ. 

Тус хөтөлбөрөөс гадна бид Америкийн төрийн департмантаас хэрэгжүүлдэг GIST Tech-I олон улсын тэмцээнд мөн амжилттай оролцож 3-р байрт шалгарч байсан. Энэ манай дараагийн амжилттай оролцсон олон улсын хөтөлбөр болж байна.

Бид удахгүй бүтээгдэхүүнийхээ шинэ хувилбарыг энэ оны сүүлээр гаргах гэж байна. Үүнд тус хөтөлбөрөөс суралцсан бүх туршлагаа шингээх бөгөөд хэрэглэгчдэд таалагдана гэдэгт 100% итгэлтэй байна. Цаашлаад бид Япон улсын зах зээл рүү гарахаар мөн бэлтгэл ажлаа хангаад явж байна. Тус улсыг сонгох болсон шалтгаан нь бидний гол бүтээгдэхүүнээ хүргэх хэрэглэгчид алтай язгуурын хэлтэй орнууд бөгөөд үүний нэг нь Япон улс учраас сонгосон. Хүмүүсийнх нь англи хэл сурах хүндрэлийх нь зэрэг ч мөн адил 4 буюу манай Монголчуудтай яг адил юм.

Уг хөтөлбөрт хамрагдахаар зорьж буй дараагийн стартапууддаа өгөх зөвлөмж  

Манай залуусын хувьд гаднын хөтөлбөр, гаднын зүйл гэхээр л айдас нь төрөөд хойш суух гээд байдаг. Хэзээ ч тийм байж болохгүй. Харин ч аль болох гаднын олон хөтөлбөрт хамрагдаж олон улсын жишгээс суралцаж байх хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Тус хөтөлбөрт хамрагдахад шалгуур нь маш энгийн байсан бөгөөд хэн ч оролдоод үзэхэд боломжтой санагдсан. Тийм болохоор хэрвээ танай стартап гадагшаа гарах амбицтай, зах зээлээ тэлэх зорилготой бол гаднын энэ мэт томоохон хөтөлбөрүүдэд хамрагдаж байгаарай хэмээн зөвлөж байна.

SAM – Бид хэл сурах хамгийн дөт замыг бүтээнэ!✌

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Read More

Г.Батбилэг:Үндэсний үйлдвэрлэгчдийн их мөнгө зардаг томоохон асуудлыг шийднэ бид шийдсэн.

Сүүлийн хугацаанд Монголын гарааны бизнесийн ертөнцөд салбартаа хүч түрэн гарч ирсэн нэгэн стартапын замнал, тэдний сонирхолтой түүхээс суралцахаар…
Read More

С.Отгонбат: Аялал жуулчлалын стартапуудад хөрөнгө оруулахад бэлэн байна

“Ottegen Holdings”-ийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал С.Отгонбаттай ярилцав. Нийтлэлийн хураангуй: Стартапуудад баг л сайн байвал бусад нь шийдэгдэх асуудал…
Total
0
Share