Монголын EdTech салбарын шилдгүүдийн нэг Melearn “Google for Startups”-ийн Төв Азийн хөтөлбөрийн шилдэг 15 стартапын нэгээр шалгарчээ. Энэ талаар Melearn-ын үүсгэн байгуулагч О.Төрмөнхтэй ярилцлаа.
“Google for startups” хөтөлбөрийн тухай
“Google for Startups” нь анх 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 125 улс оронд 50 гаруй хамтрагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хөтөлбөрийн гол зорилго нь дэлхийн шилдэг стартап төвүүдтэй хамтран технологи суурьтай гарааны бизнесүүдийг сонгон шалгаруулж, улмаар төрөл бүрийн нөөцөөр ханган зөвлөгөө өгч, баг чадавхжуулах чиглэлд ажилладаг аж.
2015 онд Ази дахь анхны кампусаа Сөүл хотноо нээж байсан бол энэ зун Төв Ази дахь анхны элсэлтээ зарласан байна. Ингэхдээ Казахстан улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсан бүсийнхээ мэдээллийн технологийн төв Astana Hub-тай хамтран “Silkway Accelerator” нэрийн дор явуулж эхэлсэн байна.
Тус хөтөлбөр ямар боломж олгох вэ?
Уг хөтөлбөрт нийт 15 стартапыг шалгаруулж, гурван сарын турш Астана хотноо байрлуулж, хурдасгуур хөтөлбөрт хамруулдаг. Ингэхдээ өөрсдийн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлсэн, бизнесийн дараагийн алхмаа хийхдээ бэлдэж буй компаниудыг сонгон авч, цаашлаад зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх, шинэ зах зээлд тэлэх, бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, бизнес моделио төгөлдөржүүлэх, нэмэлт санхүүжилт татах чиглэлд дэмжлэг үзүүлэх юм.
Тус хурдасгуур хөтөлбөр нь улирал тутам нэг сонгон шалгаруулалт явуулдаг бөгөөд хоёрдох удаагийн хөтөлбөрт манай улсаас сошиал сүлжээнд суурилсан сургалтын нэгдсэн платформ болох “Melearn” компанийн шилдэг хамт олон шалгарчээ.
Хөтөлбөрт шалгарсан нийт оролцогчид болон менторуудын талаар
“Silkway Accelerator” хөтөлбөрт нийт хоёр төрлийн менторууд байх бөгөөд нэг нь стартапуудтайгаа тулж ажилладаг бол нөгөө ментор нь нийт стартапуудаа чиглүүлэн явдгаараа бусад хөтөлбөрөөс онцлогтой аж. Тус хөтөлбөрийн хамгийн том мөн чанаруудын хувьд гэвэл стартап тус бүртэй тулж ажиллан заавар зөвлөгөө өгч, хамтдаа төлөвлөгөөгөө гарган үнэлж дүгнэн явдаг нь надад хамгийн ихээр таалагдсан хэмээн тэрээр онцоллоо.
Мөн бусад орны залуустай хамтран ажиллахад анзаарагдсан нэг зүйл нь тэд маш их амбицтай бөгөөд Melearn-ы цаашдын хараа зорилго ч тэр маш ихээр өөрчлөгдсөн. Уг хөтөлбөрт хамрагдаж буй залуучуудаас монгол залуус илүү ухаалгаар ажиллаж чадаж байгаагаараа бид бусад залуусаас ялгарч байгааг мөн онцоллоо.
Тус хөтөлбөрт хамрагдсанаар Melearn-ын цаашдын хараа, зорилго хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Melearn компанийн хувьд Монголдоо анх удаа “Social Learning Platform” хөгжүүлж, бизнес, хувь хүний хөгжил, мэдээллийн технологи зэрэг 10 гаруй төрлийн онлайн хичээл, интерактив контентуудыг түгээдэг. Тэгвэл тун удахгүй бид Melearn V4.0 буюу “Microlearning Social Platform”-оо танилцуулах гэж байна.
Цаашдаа Энэтхэгийн зах зээл рүү нэвтрэхээр бэлтгэл ажлаа хангаад эхэлсэн бөгөөд Melearn V4.0 хувилбараа гаргасны дараагаар олон улсад гарах дараагийн ажилдаа ханцуй шамлан орхоо тэрээр онцоллоо.

Уг хөтөлбөрт хамрагдахаар зорьж буй дараагийн стартапууддаа өгөх зөвлөмж
Astana Hub-ын цаашдын хараа зорилго нь Төв Азид үйл ажиллагаагаа явуулж буй стартапуудын нэгдсэн төв болох зорилготой бөгөөд үүнийхээ хүрээнд тус хурдасгуур хөтөлбөртөө орон бүрээс стартапуудыг сонгон шалгаруулж авах сонирхолтой байдаг гэдгийг анзаарсан. Хамгийн гол нь бизнес танилцуулгаа хийхдээ бүтэц, зохион байгуулалт талаас нь анхаарч олон улсын жишгээс санаа авч байхыг зөвлөлөө. Мөн Орос хэлтэй байвал бүр илүү давуу тал болно.
Эцэст нь… Монгол залуус энд ирээд бусад орны залуусаас дутах зүйл нэг ч харагдахгүй байгаа бөгөөд харин ч ухаалгаар ажиллаж бусдаас онцгойрч чадаж байна. Бидэнд дутагдаж байгаа ганц зүйл бол амбиц юм. Тиймээс санаа гаргасан бол түүнийгээ бодож маш их цаг алдалгүйгээр хурдан туршиж хурдан алдаж сурахыг бусад стартапууддаа зөвлөж байна.