2020 оноос мөнгөн гуйвуулгын үйлчилгээ явуулж эхэлсэн “Sendly” компани IPO гаргахаар болжээ.
Sendly нь зөвхөн мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа явуулахаас гадна орон сууцны зээл, сайн дурын нийгмийн даатгал болон онлайн худалдааны үйлчилгээнүүдийг мөн давхар явуулдаг билээ. Тэдний талаар дэлгэрүүлэн харвал:
- Санхүүгийн үзүүлэлт: 2022 оны 2-р улирлын байдлаар тэд нийт ₮2.2 тэрбумын ашигтай ажилласан бөгөөд энэ нь МХБ дээрх IPO хийсэн бусад ББСБ болох ЛендМН (₮1.7 тэрбум), Ард Кредит (₮0.7 тэрбум)-тай харьцуулахад өндөр дүн юм.
- Нийт хэрэглэгчдийн тоо: Sendly нь үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш өдгөө 21000 идэвхтэй хэрэглэгчтэй болж өнгөрсөн хугацаанд нийт $112 саяын валютын урсгалыг Монгол улс руу оруулж иржээ. Мөн орон нутагт 48, Улаанбаатар хотод 6, нийт 54 салбартаа бусад санхүүгийн үйлчилгээнүүдээ хэрэглэгчдэдээ хүргэдэг байна.
IPO
Sendly-ийн анхдагч зах зээлийн арилжаа энэ сарын 26-нд эхлэх бөгөөд тэд нийт хувьцааныхаа 29.97%-ийг олон нийтэд санал болгож байна. Тодруулбал:
- Нэгж хувьцааны үнэ: ₮150
- Олон нийтэд санал болгож буй хувь: 29.97%
- Татан төвлөрүүлэх дүн: ₮10.05 тэрбумыг татан төвлөрүүлэх аж.
- Үүнээс: ₮7.5 тэрбумыг стратегийн хөрөнгө оруулагчдаас, харин ₮2.5 тэрбумыг олон нийтээс татах аж.

Мөн түүнчлэн Sendly-гийн хувьцаа хоёрдогч зах зээл дээр арилжаалагдаж эхлэх өдрөөс тус IPO-н андеррайтерууд үнэ тогтворжуулах хөтөлбөрийг 1 сарын хугацаанд хэрэгжүүлэх аж. Цаашлаад, 2025 он хүртэл ₮5 тэрбумын хувьцааг зах зээлээс эргүүлэн халааслах бөгөөд 20%-н нэмэлт IPO-г мөн тус онд олон нийтэд гаргахаар төлөвлөжээ.
Стратегийн хөрөнгө оруулагчид
- Мандал Санхүүгийн Нэгдэл: Мандал Санхүүгийн нэгдэл нь Sendly-ийн стратегийн хөрөнгө оруулагч болохоо мэдэгдэн талууд гэрээнд гарын үсэг зуран баталгаажууллаа. Тус байгууллага нь даатгал, хөрөнгө оруулалтын чиглэлээр хөрөнгийн зах зээлд хурдтай түрэн гарч буй санхүүгийн групп бөгөөд 2021 онд “Мандал Ирээдүй Өсөлт” нээлттэй сангаас ₮50 тэрбум, хаалттай сангаас ₮30 тэрбумыг олон нийтээс татан төвлөрүүлж байжээ.
- Rhinos: БНСУ-ын томоохон хөрөнгө оруулалтын сан болох “Rhinos – Khai Frontier Fund 1”-аас “Tech Invest – Ногоон сум” арга хэмжээний үеэр хөрөнгө оруулалт авч, стратегийн түншүүд болсноо мэдэгдэж, талууд тайзан дээр гэрээнд гарын үсэг зурсан юм.
Та IPO-н дэлгэрэнгүй танилцуулгатай дараах холбоосоор танилцаарай.