Сүүлийн үед DAO гэх цоо шинэ засаглалын систем зах зээл дээр нэвтэрч халуухан сэдвүүдийн нэг болоод байна. Тэгвэл энэ удаагийн буландаа DAO гэдэг нь чухам юу юм бол хамтдаа харцгаая.
DAO гэдэг нь
Гишүүд санал өгөх, үзэл бодлоо илэрхийлэх төвлөрсөн бус удирдлагаар хөгждөг зах зээлийн орчин юм. Энэ нь “Decentralized Autonomous Organization” гэх үгийн товчлол бөгөөд төвлөрсөн бус бие даасан байгууллага гэх утгатай. Криптовалютын төвлөрсөн бус бие даасан байдлаас сэдэвлэн анх 2016 онд уламжлалт байгууллагыг ямар нэгэн засаглал, эрх мэдэлгүй байлгах санаанаас үүдэн DAO анх үүсэж байжээ.
- Тодруулбал: Блокчэйн технологи дээр тухайн marketplace төвлөрсөн бус удирдлагаар хөгжиж ажиллах юм. Аливаа хувь хүн, байгууллагаас үл хамаарах тухайн зах зээл дээрх токен эсвэл NFT эзэмшигч гишүүн бүр үзэл бодлоо илэрхийлэх, санал хураалтад оролцох эрхтэй гэдгээрээ давуу талтай.
- Жишээлбэл: Octogan marketplace-ийн гишүүд хөгжлийнхөө явцад DAO-ыг баримталж цаашид ямар нэмэлт үйлчилгээ нэвтрүүлэхэд үзэл бодлоо илэрхийлэх, санал хураах эрхтэй болно гэсэн үг.
DAO хэрхэн ажилладаг вэ?
DAO нь smart contract буюу ухаалаг гэрээнд бүрэн суурилсан байдаг. Энэ нь гуравдагч этгээд буюу зуучлагчийн оролцоогүйгээр хэн нэгэнтэй гэрээ хийж боломжийг олгодог. Ухаалаг гэрээг тодорхой үйлдлийг хэд хэдэн болзол хангагдсан тохиолдолд гүйцэтгэх боломжтойгоор кодчилдог байна.
Эдгээр ухаалгаар кодлогдсон гэрээнүүд нь блокчэйнийн үндсэн үйл ажиллагаа дээр тулгуурлан шийдвэрээ гаргадаг. Жишээ нь, тухайн гаднаас орж ирэх үйлдлээс хамааран эргэлтийн нийлүүлэлтийг (circulating supply) нэмэгдүүлэх, тодорхой хэмжээний нөөц токеныг шатаах эсвэл одоо байгаа токен эзэмшигчдэд урамшуулал олгох гэх мэт үйлдлүүдийг зохицуулан ажиллана.
DAO-д санал өгөх эрх нь ихэвчлэн эзэмшиж буй токены хэмжээгээрээ харилцан адилгүй байна. Жишээлбэл, 100 токен эзэмшдэг нэг хэрэглэгч 50 токен эзэмшдэг хэрэглэгчээс хоёр дахин илүү санал өгөх эрхтэй гэх байдлаар явдаг.
DAO-н давуу тал:
- Төвлөрсөн бус: DAO нь ганц хүний засаглалтай (Гүйцэтгэх захирал) эсвэл цөөн тооны хүмүүс (Захирлуудын Зөвлөл) дээр төвлөрсөн шийдвэр гаргалтыг халж тус эрх мэдлийг олон нийтэд нээлттэй болгон хүн бүрийн саналыг авдаг.
- Оролцоо: Байгууллага доторх хүмүүс байгууллагын бүх асуудалд шууд дуу хоолойгоо илэрхийлдэг байснаар тэдний байгууллагатайгаа уялдаа холбоотой ажиллах бололцоог мөн нэмэгдүүлдэг.
- Нээлттэй байдал: Саналаа өгч буй хүмүүсийн бүх санал хүсэлт нь нийтэд ил тод байх бөгөөд ямар нэгэн ойлгомжгүй асуудал үүсэх, хээл хахууль болон хориотой үйл ажиллагаа явагдахаас сэргийлнэ.
- Хүрээлэл: DAO-ийн бас нэгэн гайхалтай зүйл нь дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийг нэгтгэн нэг зорилгын доор нэгтгэдэг. Тэдэнд зөвхөн интернэт холболт болон токен байхад л хангалттай.
DAO-н сул тал:
Мэдээж бүх зүйл төгс байдаггүй нь адил DAO-д ч бас сул талууд бий. Үүсэж болох зарим жишээнүүдээс харвал:
- Хурд: Хэрвээ ганц захиралтай компани байлаа гэж бодоход нэг хүний шийдвэрээс хамаараад шийдвэр шууд гараад ажил хэрэгжиж эхэлнэ. Харин DAO-ийн хувьд гишүүд тус бүр санал өгөх учир тухайн хүмүүсийн байгаа газар болон интернэт хурдаас хамааран шийдвэр гаргалтад хугацаа шаарддана.
- Боловсрол: DAO-д үүсэж болох бас нэгэн бэрхшээл нь хэдийгээр олон хүмүүсийг нэгтгэж байгаа ч тэдгээр гишүүд тус бүрийг хэрхэн нэг зорилгын төлөө хамтдаа өсөж хөгжих, стратеги боловсруулах, санал өгөх зэрэгт сургах нь бэрхшээлтэй юм.
- Үр дүнгүй байдал: Мөн илүү олон хүнийг зохицуулах шаардлагатай болдог учир өчүүхэн, жижиг ажлууд дээр гацаж, удаашрах боломжтой тул заримдаа энэ олон гишүүдийг хамруулах нь үр дүн муутай байдаг.
- Аюулгүй байдал: Блокчэйн гэлтгүй технологийн ихэнх салбарт үүсдэг нэг асуудал бол яах аргагүй аюулгүй байдал юм. DAO-г нэвтрүүлэхийн тулд маш их техникийн өндөр чадамж шаардах бөгөөд магадгүй энэ асуудлуудаас үүдэн байгууллагын дотоод мэдээлэл алдагдах, ажилчдын байгууллагадаа итгэх итгэл сулрах гэх мэт асуудлууд үүсэж болно.
Бодит жишээ: DAO-г нэвтрүүлж буй топ 10 салбар
- Дэд бүтэц/Санхүү: Uniswap, Yearn, Aave, IndexCoop, Sismo, DeveloperDAO
- Хууль: LexDAO
- Тогтвортой хөгжил: MetaGame, KlimaDAO
- Боловсрол: BankLessDAO, PrimeDAO, SurgeWomen
- Activism (Ард иргэд улс төрд): AssangeDAO, NounsDAO
- IRL (Бодит амьдрал дээр): CityDAO, CabinDAO, LinksDAO, KrauseHouse,
- Venture Funding (Эрсдэлийн санхүүжилт): SuperLayer, New Order, SeedClub
- Урлаг: AfroFutureDAO, !WenDAO, ZooDAO
- Шинжлэх ухаан: PsyDAO, LanbDAO
- Fashion: MetaFactory, DigitalAX гэх мэт байгууллагууд одоогоор DAO засаглалын системийг нэвтрүүлэн ажилласаар байна.
Эцэст нь… Манай улс ч мөн дутахааргүй олон газрууд эхнээсээ DAO засаглалтай болохоор ажиллаад эхэлж байгааг харж буй. Үүсэн бий болоод удаагүй байгаа ч удахгүй хэрэглээнд улам ихээр нэвтэрч хүн бүрт нээлттэй болох цаг ирэх байх аа.