Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Стартапын хөгжлийн 4 үе шат

Стартапын хөгжлийн үе шатыг хөрөнгө оруулалтын хэмжээ, үйл ажиллагааны цар хүрээ, хэрэглэгчийн тоо гэх зүйлсийг харгалзан үзэж тодорхойлдог. Хөрөнгө оруулалтын үе шатыг Pre-seed, Seed, Series A, B, C, D……. гэх нэршлүүдээр явах ба энэ бүр нь мөнгөн дүнгээр мөн хэмжиж явдаг. Харин стартапын хөгжлийн үе шатыг Seed, Early stage, Growth, Expansion гэж нэрлэх ба тус бүрийн хураангуй тайлбаруудыг доорх нийтлэлээр хүргэж байна.

Seed

Энэ хэсэгт шантрах, баг бутрах, болих, санаа өөрчлөгдөх гэх мэт олон хэцүү зүйлс тулгардаг. Seed-н үед бизнес санааны баталгаажуулалтын үе явагдах буюу энэ нь анхны гаргасан санаагаа биежүүлж цөөн тооны хэрэглэгчдэд турших үйл явц явагддаг. Санхүүжилтийн хувьд энэ хэсэгт үүсгэн байгуулагчид өөрсдийн хөрөнгө болон гэр бүл, найз нөхдөөс авч үйл ажиллагаа явуулах нь Seed-н хэсэгт стартапууд “MVP prototype-аа турших” үйл явцыг удаа дараа системтэйгээр хэрэгжүүлж чадвал дараагийн шатруугаа хурдан ороход амар байдаг. Мөн энэ хэсгийн гол ажил нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, асуудлыг бүрэн тодорхойлох судалгааны ажил байдаг ба судалгаа дээр үндэслэж тухайн стартап бүтээгдэхүүн үйлчилгээний бүтэц болон бизнес моделио эхний байдлаар гаргаж авдаг.

Мөн энэ хэсэгт үүсгэн байгуулагчдыг эгнээндээ нэгтгэх үйл явц бий болно. Тухайн стартапыг 0 цэгт байхад итгэл, үнэмшил алсын хараагаар нэгдэж үүсгэн байгуулагчаар хувь, хувьцаа авч багт нэгдэх тохиолдлууд явагдана.

Оролцож болох арга хэмжээний хувьд хакатон, ideathon, business bootcamp төрлийн арга хэмжээнд оролцож санаагаа биежүүлж, бусдад санаагаа танилцуулж, мөн багийн гишүүдээ олж авахад тохиромжтой байдаг.

Early

Энэ хэсэгт стартап бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгч хэрэглэхэд эхний байдлаар бэлэн болгосон байна. Бараа бүтээгдэхүүн зах зээлийн нийцлийг олох ажил энэ хэсэгт эрчимтэй эхлэх болно. Та олон өдөр сар ажиллаж гаргасан бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээл дээр гаргаж хэрэглүүлэх ба хэрэглэгчдээс анхны алгадалтаа авахад бэлэн байх хэрэгтэй. Пивот буюу өөрчлөлт энэ хэсэгт мөн явагдах болно. Зах зээлд хэдэн хэрэглэгчтэйгээс үл хамааран нэгж хэрэглэгчийг олох зардал, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төлөвлөгөө, хэрэглэгчийн дата бүрдүүлэх, худалдан авах зан төлөвийг тодорхойлох ажлууд тогтмол явагдана.

Санхүүжилтийн хувьд анжел хөрөнгө оруулагчид орж ирэх ба анжелууд нь зөвхөн мөнгө биш пи-ар, борлуулалт, зах зээлд таниулах, үнэлгээг өсгөх гэх мэт стратегитайгаар орж ирдэг.

Энэ үед стартапууд нь хурдасгуур хөтөлбөрүүдэд хамрагдаж зам товчилж, дараа дараагийн хөрөнгө оруулалтуудыг эрэлхийлж байх нь элбэг.

Growth

Стартап нэршилтэй өндөр огцом өсөлт гэх үг хамт байдаг. Хэрвээ бүтээгдэхүүн зах зээлийн нийцлийг олж эхэлсэн бол одоо өсөлт үзүүлэх стратегиудыг баримтална. Хөрөнгө оруулалт шийдэгдэж, баг бүрдэж, шийдэл баталгаажсан энэ үед хэрхэн хэрэглэгчдийн тоог огцом нэмэх, борлуулалтыг өндөрсгөх, зах зээлийг тэлэх ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлдэг. Мөн 5 хүнтэй байсан бол 20 хүнтэй болж хүний нөөцөөр дамжуулан бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон хүн ашиглахад бэлэн болгодог.

Хөрөнгө оруулалтын хувьд энэ үед дараагийн анжел хөрөнгө оруулагчид болон томоохон компани, жижиг хөрөнгө оруулалтын сангууд орж ирдэг.

Огцом өсөлтийг бий болгогч нь чадварлаг баг хамт олон байх бөгөөд энэ үеэс эхэлж тухайн стартап тогтсон менежментийн аргачлалыг нэвтрүүлж байдаг. Энэ OKR KPI гэх мэт аль нь ч байж болох ба гол зорилго нь үр дүнг хэмжиж, тодорхой хэмжээний байгууллагын бүтэцрүү шилжиж томоохон үр дүнгүүдийг гаргахад оршино.

Expansion

Шинэ зах зээлийг эрэлхийлэх үе. Энэ үед стартапууд нь өөр орны зах зээлд нэвтэрч үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэх буюу компанийн үйл ажиллагааны хүрээг улам тэлэх явдал юм.

Энэ үед тухайн тэлж буй бүс нутгийн Венчур Капитал (VC) сангууд хөрөнгө оруулалт хийх элбэг ба тус шинэ зах зээлд үйл ажиллагаа явуулах замыг нь тодорхой хэмжээнд товчилж, тусалж өгдөг. Шинэ зах зээлд нэвтрэх бас нэгэн боломжит хувилбар нь тухайн бүс нутгийн ижил төстэй стартаптай үйл ажиллагаа нэгтгэх, худалдаж авах байдаг.

Хэрвээ амжилттай цар хүрээгээ тэлж чадвал дараагийн зах зээлийг эрэлхийлэх, эвсэл компанийн зарах, олон нийтийн компанийн болох, хаалттай хувьцаат компани болох, корпорац-ийн төвшинд шилжих гэх мэт олон хувилбарууд хүлээж байгаа ба тухайн стартапыг удирдлага ТУЗ-н шийдвэрээр дараа дараагийн алхмууд тодорхойлогдох болно.

Дараагийн нийтлэлээр та бүхэн үе шат бүхний хөрөнгө оруулалтын хэмжээ, үнэлгээний талаар нийтлэлийг оруулах болно.

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Total
0
Share

Discover more from startupnews

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading