Монголын гар утасны тоглоомын хамгийн том байгууллага болох TechNomad Gaming 2021 оны 6-р сард Positive Gaming багийг эгнээндээ нэгтэж, Турк улсад бэлтгэлийн байртай болгосон билээ. Ингэснээр Positive Gaming Монгол улсаас хамгийн анх удаа олон улсад бэлтгэлийн байртай болсон гар утасны тоглоомын баг болж чадсан.
Тэгвэл өнгөрсөн хагас жилийн хугацаанд Positive Gaming багийн гаргасан амжилтыг үнэлэн Үндэсний төлбөрийн шийдэл monpay апликейшныг гаргагч Мобифинанс ББСБ нэг жилийн турш ивээн тэтгэхээр боллоо.

Мобифинанс ББСБ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Үнэнбат болон Positive Gaming багийн ерөнхий үйл ажиллагааг хариуцдаг Текномад Гейминг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Түшигт-Эрдэнэ нар ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, энэхүү үйл явдлыг баталгаажуулсан юм. Уг гэрээ нь энэ оны 11 дүгээр сарын 20-ноос эхэлж буй бөгөөд Мобифинанс компани өмнө нь 4 сарын хугацаатайгаар Positive Gaming багийн ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байсан билээ.
Positive Gaming баг нь дэлхий дахинаа 100 сая гаруй тоглогчтой Mobile Legends тоглоомоор дагнан хичээллэдэг. Тэд багаараа 1500 гаруй тоглолт хийснээс 92%-д нь ялалт байгуулж, дэлхийн шилдэг 10 багийн жагсаалтад багтах болсон. Мөн Positive Gaming багийн 3 тоглогч дэлхийн шилдэг 100 тоглогчийн жагсаалтад багтаж буй нь тус багаас онцлох бас нэгэн амжилт юм. Мобифинанс компанийн өмнөх болон шинэ гэрээний ивээн тэтгэлгийн хүрээнд Positive Gaming баг нь Турк улсад өөрсдийн бэлтгэлийн байранд амьдарч, бэлтгэлээ эрчимтэй хангаж байна. Мөн ивээн тэтгэлгийн хугацаандаа Туркийн мэргэжлийн лигт орохоор болжээ. Тэд өнгөрсөн сарын хугацаанд Европын 3 тэмцээнд орж, гурвууланд нь 2-р байранд орж өндөр амжилт үзүүлсэн юм. Positive Gaming баг Mobile Legends тоглоомын ирэх жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авахын тулд одооноос сорил тэмцээнүүддээ оролцож эхэлжээ.