“Аллфа Найн Ньюс” ХХК нь START Венчур биулдер-н шинэ портфолио стартап болж байгаа бөгөөд олон улсын зах зээл дээр визуал мэдээ, мэдээллийн салбарт хүч үзэхээр хамтран ажиллах юм.
Олон улсын онлайн мэдээ, мэдээллийн сайтууд уншигчиддаа зориулж үнэ цэнэ, боловсрол олгохоо болиод удаж байна. Энэ нь сүүлчийн жилүүдэд онлайн мэдээ, мэдээллийн уншигчдийн тоо буурч байгаа судалгаануудаас харагдана. Тэдгээр сайтууд дээр ихэвчлэн улс төр эсвэл хэн нэгний булхайг бичээгүй л бол хэнд ч хэрэггүй заавал хэдэн нийтлэл оруулах ёстой гэсэн тоондоо захирагдан хаа хамаагүй зүйлийг олж бичдэг болсон.
Харин Allpha-г үүсгэн байгуулагч хоёр залуугийн санаа нь анх яагаад төрөл бүрийн нийтлэл, дата, түүхэн явдал, зөвлөгөө, мэдээллүүдийг нэгтгээд уншиж үзэхэд хялбар байхаас гадна хөгжилтэй байж болдоггүй юм бол гэсэн энгийн асуултаас эхэлсэн. Тэд санаагаа бодит болгохын тулд 2021 оны 10 сараас эхлэн өнөөдрийг хүртэл явц дундаа 8 удаа Pivot буюу бүтээгдэхүүний зориулалт болон зорилтот зах зээлийг өөрчлөх аргаар ажилласан. Allpha нь all буюу бүгд зохиолчид, нийтлэгчид, дижитал бүтээгдэхүүн бүтээгээд бусдад түгээх “Media Platform”-г олон улсад гаргахаар зорин ажиллаж байна.
Платформын онцлог: Мэдээ мэдээллийг текстэн хэлбэрээр бус ойлгомжтой, дата судалгаатай дүрст байдлаар нийтлэх нь дэлхийн 2.4 тэрбум боломжит зах зээл рүү чиглэх боломжийг өгч байгаа. Уншигчдийг татсаны дараа заавал өөрсдөө нийтлэл бүтээх бус, бусад дижитал контент бүтээгчдэд боломж, бололцоог өгнө. Харин тэд дундаас нь ямар нэгэн шимтгэл, тусгайлан байршуулах /highlight/ төлбөр зэргийг авахгүй. Жишээ нь: та ямар нэгэн дижитал бүтээгдэхүүн болох лого, постер, нийтлэл, судалгааны ажил, зураг, код гэх мэт бүтээгдэхүүний зарах эсвэл сурталчилахаар тавихдаа өөрийн сошиал суваг, утасны дугаараа тавин хэрэглэгч талтайгаа шууд холбогдоно. Үүсгэн байгуулагчид нь Монгол залуус тул Монголын уран бүтээлч болон байгууллагуудыг дэлхий дээр таниулах тал дээр түлхүү анхаарна.

Үүсгэн байгуулагчдын хувьд:

Б.Даваадорж /Гүйцэтгэх захирал, Үүсгэн байгуулагч/
10 гаруй жил эдийн засаг, бизнес загварчилал, үйлчилгээ болон технологийн талаар судлаач, шинжээчээр ажилласан туршлагатай. Өмнө нь Анд Системс, Ирбис Глобал Системс, Нью Майнд Групп болон хуулийн салбарын Lexub төслүүд дээр ажилласан.
Г.Нямзаяа /Креатив хариуцсан захирал, Үүсгэн байгуулагч/
Silver Co компанийг үүсгэн байгуулаад үйл ажиллагаа хариуцсан захиралаар 2,5 жил ажиллаж байна. Компаниа байгууллахаас өмнө MLab болон Infinite solutions компаниудад UI/UX ахлах дизайнераар ажиллаж байсан ба 2012 оноос хойш Freelancer чиглэлээр Qpay, Хас банк, Капитрон банк, Капитал банк, Хадгаламж банк, Төрийн банк, Ариг банк, Эрэл банк, Голомт банк, ХХБ банк, Elify, Ultimate ERP систем, Shuffle, Pokket дотоод болон гадаадын 250 гаруй төсөл дээр амжилттай ажилласан. Боловсролын хувьд хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурын мэргэжилээр төгссөн бөгөөд дараа нь ШУТИС КТМС-ыг програм хангамжийн мэргэжилээр суралцсан.
Мэдэгдэл:
“Монгол хүмүүсийн урлаг, дизайн, хошин шогийн мэдрэмж болон потенциал маш өндөр учир дэлхийд үнэлэгдэх дижитал бүтээл хийдэг ч үүнийгээ бусдад түгээж чаддаггүй. Дотооддоо түгээхээр ойлгох хүн нь ховор байдгаас өөрсдийнх нь хүсэл зорилго, мотивац нь унтардаг нь харамсалтай санагддаг. Тиймээс бүх төрлийн дижитал бүтээгдэхүүн бүтээгч залуусыг тус платформ дээр дэлхийд гарахад нь бид тус болно.”
– Б.Даваадорж
START venture builder /венчур биулдер/ нь Zochil.shop, Geru, Melearn, Technomad gaming, Defoff, Market24 гэх портфолио компаниудтай ба эдгээр нь технологи суурьтай тэсрэхүйц бизнес моделийг эрэлхийлж буй хөгжлийн шатандаа явж буй стартапууд юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.allpha.sg