Эдийн засгийн мэдээ уншмаар байвч ойлгохгүй байх тохиолдол цөөнгүй байдаг. Тэгвэл Ц.Анхбаяр, Э.Золбаяр нар бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлийн мэдээ мэдээллийг энгийн ойлгомжтой байдлаар хүргэдэг “Lemon Press” цахим товхимлыг үүсгэн байгуулаад нэг жил болжээ. Ингээд Ц.Анхбаяртай хийсэн чөлөөт ярилцлагыг хүргэж байна.
-Компанийхаа үйл ажиллагааны тухай мэдээлэл өгөөч.
“Лимон Пресс” нь хөрөнгө оруулалт, санхүү, бизнес, технологийн мэдээ, мэдээллийн медиа компани. Бид дижитал орчинд үйл ажиллагаагаа явуулахыг зорьж ажилладаг. Бидний алсын хараа олон нийтийн санхүүгийн боловсролыг контентоор дамжуулан нэмэгдүүлэх юм. Ямар улсын хүмүүс санхүүгийн зөв шийдвэр гаргах чадвартай байдаг вэ? гэхээр хөрөнгийн зах зээлийн хөгжил сайтай улс орнуудын хүмүүс байна. Энэ санаагаар эрхэм зорилгоо “Монгол улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах” гэж томьёолсон.
Эх сурвалж: https://cdn.howmuch.net/articles/1-financial-literacy-fe98.jpg
-Анх компани байгуулах санаа хаанаас төрсөн бэ?
Би “Unitel” компаний контент бодлого, төлөвлөлтийн газар таван жил ажилласан. Тэр үед олон улсын медиа зах зээл дээрх боломжуудыг ойлгох боломж олдсон бөгөөд монгол улсын медиа зах зээлд ямар дутагдал, боломж байгааг ажигласан. Хоёрдугаарт, үнэтэй утас, машин барьсан хэдий ч олон зээлтэй хүмүүс цөөнгүй ажиглагдсан. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдгээс л санаагаа олж байв.
-Яагаад “Лимон Пресс” гэж нэрлэсэн бэ?
“Лимон инвестмент” гэдэг хөрөнгө оруулалтын нэршил байдаг бөгөөд муу хөрөнгө оруулалт гэсэн утгатай. Иймээс муу хөрөнгө оруулалтуудыг “Пресс” хийж шахаж, нийтэд харуулах гэсэн утгаар нэрээ өгсөн.
Энгийн утгаараа Лимон (нимбэг) бол гашуун, исгэлэн гэхдээ амин дэм ихтэй жимс. Үүнтэй адил хөрөнгийн зах зээл хангалттай сайн хөгжөөгүй байгаа энэ талбарт бидний бэлтгэж буй мэдээ мэдээлэл гашуун, исгэлэн байж болох ч үр өгөөжөө өгсөөр байх болно гэдэг утгыг илэрхийлэхээр энэ нэрийг өгсөн.

– “Лимон Пресс”-ийн бусад хэвлэл мэдээллийн байгууллагаас ялгарах онцлог юу вэ?
Ялгарах онцлогийн хувьд бид гол контентоо и-мэйлээр хүргэдэг. Одоогоор 23 мянга орчим хүн и-мэйл хаягаа бүртгүүлсэн байна. Тэд ажлын таван өдөр өглөө бүр 7 цагт манай мэдээ мэдээлэл, контентийг авч байгаа. Бид контентийн чанартаа маш их анхаарал хандуулж, цаг их зарцуулдаг.
Бид хүргэх гээд байгаа санаагаа ямар хэлбэрээр хүргэх вэ? гэдэгт өндөр ач холбогдол өгч, дата анализ хийдэг. Тухайлбал манайхаас гаргасан “СU Mongolia”, “GS25”-ийн өрсөлдөөний тухай зураг бий. Тэр зургийг хараад тус хоёр компанийн бизнесийн зах зээл дээр үүсэхээр зэхэж буй өрсөлдөөнийг шууд ойлгох боломжтой. Мөн контентийн хүртээмжтэй байдал, чанар дээр маш их анхаардаг. Манайх одоогийн байдлаар 14 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Контентийн баг маань 8 хүнтэй. Бид контентийн багт өндөр ач холбогдол өгдөг.
Эх сурвалж: https://www.instagram.com/p/CPCWZvqht5y/
-Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн босгож байсан бэ?
Хөрөнгө оруулалт авч байгаагүй. Э.Золбаяр бид хоёр “Лимон Пресс”-ийг ажлынхаа хажуугаар хийж эхлүүлсэн. Өдөр нь ажилдаа явна, орой нь “Лимон Пресс” дээрээ сууна. Ингээд бид төслөө эхлүүлснээс 3 сарын дараа ажлаа хүлээлгэн өгч байлаа. Технологи гэдэг ч юм уу бусад салбарын бизнесүүдийг бодвол медиа салбарын бизнес эхлүүлэх амархан. Энэ ч утгаараа монголд 700 гаруй хэвлэл мэдээллийн вебсайт үйл ажиллагаагаа явуулж байна. Гол нь тэдгээр вебсайт, сувгуудаас юугаараа ялгарах вэ? гэдэг л хамгийн чухал.
Стартап санаагаа хэрэгжүүлж эхлэх үеэр их сургуулийн найзууд их тусалсан. Тэднийг дурдвал” CU Mongolia” компанийн санхүүгийн менежер Б.Дүүрэнзаяа, Монгол банкны эдийн засагч Г.Лхагвадорж, “Rio Tinto” компаний дата шинжээч Н.Санчир нар юм. Дотны хүмүүс тул ямар нэгэн цалин хөлс авалгүйгээр, мэддэг чаддаг зүйлсээрээ тусалж байлаа. Явцдаа үйл ажиллагаа маань өргөжөөд хүмүүс авах шаардлага үүссэн.
-Багаа хэрхэн бүрдүүлж байсан бэ?
Э.Золбаяр бид хоёр нэг их сургуульд сурч байсан ч дотны найзууд байгаагүй. Хамтдаа нэг зүйлийн төлөө зүтгээд явж байгаа болохоор ч тэр үү биднийг хүмүүс сайн найзууд гэж эндүүрдэг. Угтаа бид ижил зорилгын төлөө нэгдэн ажиллаж байгаа хамтрагч нар. Дашрамд хэлэхэд хамтрагчаа зөв сонгох чухал шүү.
Бид салбартаа гайгүй үнэлэгдсэн ойрын таньдаг хүмүүсээсээ хүнээ хайж, багаа бүрдүүлж байлаа. Аль болох өөр туршлагуудтай, өөр чадвартай хүмүүсийг багтаа нэгтгэж, “diverse” баг үүсгэхийг зорьдог. Манай багийн хамгийн ахмад нь 31 настай бол, хамгийн залуу нь 20 настай байх жишээтэй.
-Ямар хүнийг багийнхаа гишүүн болгох авах сонирхолтой байдаг вэ?
Хандлага, хичээл зүтгэл, ур чадвар гэсэн гурван зүйлийн үржвэрийг цогцлоосон нэгнийг хайдаг даа. Гол нь хандлага, хичээл зүтгэлийг л сайн таньж мэдэх чухал. Яахав ур чадварыг ярилцлага, шалгалтаар харж болно.
-Манай улсад стартап бизнес хөгжих, өсөн дэвжих боломж хэр байна гэж харж байна вэ?
Оператор компаниудын хөрөнгө оруулалтын ачаар технологийн бизнес эхлүүлэх орчин сайн бүрдсэн гэж хардаг. Өндөр хурдны интернэт нь байна. Дээрээс нь дийлэнх стартапуудын хувьд тусгай зөвшөөрөл шаардахгүй тул бизнес хөгжих, өсөн дэвжих боломж маш их байгаа гэж харж байна. Гол нь тухайн компанийг үүсгэж байгаа хүмүүсийн гүйцэтгэл сайн байх л чухал байх.
-Дөнгөж стартап компани байгуулах гэж байгаа залууст хандан зөвлөгөө өгөөч.
Бүтээгдэхүүнээ үргэлж сайжруулахыг зорьж, гүйцэтгэл дээрээ сайн анхаараарай. Хүмүүс стартап үүсгэнэ гэхээр олон танилтай болж, нетворкуудад уригдаж, олон газруудад очиж яриа өгдөг гэж эндүүрдэг юм шиг санагддаг. Яг үнэндээ гүйцэтгэл дээрээ анхаараад, бүтээгдэхүүнээ сайжруулаад явж байхад бусад нь явцдаа болно доо гэж боддог.
-“Лимон Пресс”-ийн цаашдын зорилго юу вэ?
Дэлхийн хаа ч явсан Монгол улсын бизнесийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээл гэж ярихад “Lemon Press”-ийг боддог, эх сурвалж болгон дурддаг болтол ажиллана даа. Ингэхийн тулд контентийн чанарыг сайжруулж, багийнхаа хүмүүсийн ур чадварыг нэмэгдүүлж ажиллах шаардлагатай тулгарч байна. Мөн цаашдаа и-мэйл хаягаар мэдээлэл илгээхээсээ илүү олон төрлийн хэлбэрээр мэдээллээ хүргэхийг зорьж байгаа. Хүн бүр и-мэйлээр мэдээлэл авахгүй шүү дээ. Тиймээс веб хөгжүүлэлт, видео, подкаст гэх мэт бусад сувгийн хөгжүүлэлтүүдийг сайтар хийж, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.