Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Хэрэглэгчтэйгээ хамтарч бүтээгдэхүүнээ хөгжүүлэх хэрэгтэй | Нэкст Сошиал Платформ

Хэрэглэгчтэйгээ хамтарч бүтээгдэхүүнээ хөгжүүлэх хэрэгтэй

Зочин: Нэкст сошиал платформ компаний гүйцэтгэх захирал Б.Мөнххишиг

– Нэкст Сошиал Пламтформ стартап компанийнхаа хийдэг үйл ажиллагааны тухай яриач

– Бидний анхны бүтээгдэхүүн бол хиймэл оюун ухаанд суурилсан Монгол хэл дээрх анхны Чатбот платформ. Олон улсад харилцан ярианы платформууд хөгжиж байхад Монгол хэлийг таньж хариу үйлдэл үзүүлэх үндэсний платформ байгаагүй учир бид өөрсдөө хөгжүүлэх зорилго тавьсан.

– Анх компаниа байгуулах санаа хаанаас төрж байсан бэ.

– Найзууд маань Монголын анхны цахим хуудалдааны ММаркет платформыг хөгжүүлсэн байсан. Цахим худалдааг амжилттай хөгжүүлэхийн тулд компаниа 1 сая гаруй хэрэглэгчтэй ArdShop апптай нийлүүлчихсэн юм билээ. 

Үүний дараа бид нэгдээд хүмүүсийн хэрэгцээ шаардлагад тохирсон үйлчилгээг хамгийн хялбараар хүргэх замыг хайж эхэлсэн. Нөгөө талдаа бизнес бүрт өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зорилтот хэрэглэгчид нь хүргэж өгөх маш том хэрэгцээтэй байсан юм. Ингээд бид Монголчууд фэйсбүүк орчинд онлайнаар бараа үйлчилгээ худалдан авах боломжийг бүрдүүлсэн Чатботоо бүтээсэн юм.

Бизнес том, жижиг, дундаас үл хамааран манай чатботыг ашиглан өөрсдийн онлайн салбар, онлайн худалдааг нээж болно. Ямарч програм, вэб сайт, гар утасны апп шинээр хийж, хугацаа алдаж, нэмэлт зардал гаргах хэрэггүй.

Мөн борлуулалтын дараах харилцагчийн үйлчилгээг Чатбот гүйцэтгэж байна. Жишээ нь ард санхүүгийн нэгдэл 100 оператортой ажиллахгүй бол хүн бүрт хариулт өгөх боломжгүй байна гэж байсан. Тэнд 100 оператор өдөр шөнөгүй ажиллаж байхад манай Чатбот үйлчилгээ хэдэн зуун мянган хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой.

– Өнөөдөр танай байгууллага хэдэн мянган хэрэгчтэй болсон бэ?

– Chatbot.mn 2019 онд анх зах зээлд гарснаас хойш өнөөдөр 3000 гаруй харилцагчтай болж давхардсан тоогоор 2.4 сая гаруй хэрэглэгчид үйлчилсэн байна. Банк, даатгал, онлайн дэлгүүрүүд, үл хөдлөх хөрөнгийн худалдаа гээд бүтээгдэхүүнээ хамгийн гоёоор, дэвшилтэт технологиор дамжуулан танилцуулж борлуулалтаа өсгөх сонирхолтой бизнесүүд манай ухаалаг чат ботийг бизнестээ нэвтрүүлж байна. 

Хүмүүс яг л хүнтэй харилцаж байгаа мэт Чатботоос хэрэгтэй мэдээллээ авч, хүссэн бараагаа захиалаад хүргүүлээд авч байгаа нь хэрэглэгчид таатай мэдрэмж төрүүлдэг. Зөвхөн харилцан яриа биш, тухайн хүний хүсч байгаа үйлчилгээг нь шууд өгч байгаа нь хиймэл оюун ухааны давуу тал юм.

Энэ төслийн бас нэг хэсэг нь Facebook платформд суурилсан цахим худалдааны суваг юм. Цэвэр нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжүүлж байгаа энэхүү төслийн гол зорилго нь жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг маш бага зардлаар өөрийн цахим салбар, цахим ажилчид, өөрийн цахим дэлгүүртэй болж, бизнесээ хөгжүүлэх боломжоор хангах юм.

– Анх хэрхэн хөрөнгө оруулалтаа босгож байсан бэ? Анх компаниа байгуулж байхдаа эрсдэлийг хэрхэн тооцоолж байсан байв?

– Тухайн үед Ард санхүүгийн нэгдэл Crypto Nation гээд маш том үйл ажиллагаа зохион байгуулж байсан юм. Тэнд Chatbot.mn анхныхаа хувилбарыг танилцуулж байсан. Зах зээлд шинэ үйлчилгээ байсан учир бизнесүүд их сонирхсон. Тэндээс хамтрах саналууд ирж, Голомт банктай анхны томоохон гэрээгээ байгуулж байлаа. Тэгээд банкны үйл ажиллагаанд тохируулж анхны хувилбараа сайжруулан хөгжүүлсэн юм. Учир нь маш олон хэрэглэгч янз бүрийн асуудлаар банкинд ханддаг, тиймээс өргөн хүрээний судалгаа хийж хөгжүүлэлт хийх хэрэгтэй болсон.

Стартап компаниудын хувьд яагаад 1000-аас 10 нь амжилттай байна вэ? 99 хувь нь яагаад чадахгүй байна вэ? гэвэл стартап компаниуд нэг асуудал дээр үндэслээд шийдлийг боловсруулдаг. Хэрэглэгчид тэр шийдлийг шууд хүлээж авна, ашиглана гэж боддог. 10 жилийн өмнө магадгүй хүмүүс шууд ашигладаг байсан байх. Харин одоо нэг асуудал дээр маш олон шийдлүүд гардаг, өрсөлдөөн маш их. Хэрэглэгчийг татна, борлуулалт хийнэ гэдэг маш том өрсөлдөөн. Бидний хувьд эрсдэлийг удирдах арга их энгийн. Эхлээд хэрэглэгчийн  гол асуудлыг шийдэх хамгийн энгийн хувилбарыг гаргаад хэрэглэгчдээ шууд хүргэж, зах зээлд таниулах ёстой юм байна лээ. Түүнийг нь хэрэглэсэн хэрэглэгчдээс эргээд санал шүүмж аваад бүтээгдэхүүнээ сайжруулах хэрэгтэй. Сайжруулсан бүтээгдэхүүнээ дахиад хэрэглэгчид хүргэх. Энэ байдлаар бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулаад явах хэрэгтэй. Хэрэглэгчтэйгээ хамтарч бүтээгдэхүүнээ хөгжүүлээрэй.

Мөн хэрэгтэй хөрөнгө оруулалтаа авч, өсөлт шинэчлэлийг цаг тухайд нь хийж байх хэрэгтэй. Жижиг амжилтандаа баярлаад нэгэн хэвийн өсөлттэй яваад байвал маш их хугацаа алдана. Бид тус тусдаа хөрөнгө оруулалтаа шийдэж чадахгүй 15 жил нэгэн хэвийн өсөлттэй явсан байдаг юм. (Инээв).

– Эхлэх гээд эхлүүлж чадахгүй байгаа стартап компани санаачлаад явж байгаа залууст хандаад зөвлөгөө өгөөч.

– Эхлээд оролдоод үз. Тэр чинь маш том сургамж болно. Өөрт чинь үнэхээр хүсэл тэмүүлэл байгаа бол хийгээд эхлэх хэрэгтэй. Хэрвээ эрсдэлээс айж байгаа бол тухайн чиглэлээр нэг мэргэжлийн компанид тууштай ажил. Тэр газраасаа арга туршлага олж ав. Бас нэг зүйл анхаарах хэрэгтэй нь баг. Ганцаараа хэзээ ч хол явахгүй. Багаа сайн бүрдүүлэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

– Анх багаа хэрхэн бүрдүүлж байсан бэ? Багаа бүрдүүлэхдээ юун дээр анхаарч байсан бэ?

– Нэкст Сошиал Платформ (NSP) стартап компанийг таван найз нийлж байгуулсан.  Бид 10 жилийн сургуульд байхдаа өөр өөр сургуулиас 1-р сургуулийн тооны ангид элсэж найзууд болсон болохоор өөрсдийгөө хувь тавилангаар нэгдсэн хүмүүс гэж хошигнох дуртай. 2003 оноос л тус тусдаа анхны стартап компаниа байгуулж 2017 оныг хүртэл олон бизнес эхлүүлж, туршиж, алдаж онож явсан ч бүгд мэргэжлээрээ ажиллаж ирсэн. Бид Монголдоо төдийгүй олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай баг бүрдүүлэхээр шийдэж “Нэкст сошиал платформ”-ын дор дахин нэгдсэн юм. Багийн хувьд тус тусдаа компанитай,  хүний нөөцтэй байсан. Дэлхийд өрсөлдөхийн тулд блокчэйн, хиймэл оюуныг тултал нь судлаж хөгжүүлэх хэрэгтэй болсон. Нийлээд шинэ технологи хөгжүүлээд явахад өөрсдөө олон улсад ажиллаж байсан болохоор өндөр  түвшинд ойлголцоод явсан. Харин одоо бизнес маань тэлсэн учраас залуу хүмүүс авч ажиллуулж байгаа. Тэднийгээ бид өөрсдийнхөө хажууд аваад гарын шавь бэлдэх байдлаар зааж сургаад явж байна.

Бидний хувьд IT-гийн чиглэлээр заавал сурсан байх шаардлага тавихгүй байгаа. Гол нь хандлага сайтай, энэ чиглэлээр дэлхийн түвшинд мэргэших сонирхолтой залуусыг авахыг эрмэлздэг. Одоогийн залуучууд өөрсдөө маш эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй залуус байна. Тэднийг өөрсдийн хажууд сургаад цаашлаад тухайн залуучууд маань өөрсдөө шинэ шинэ төслүүд хэрэгжүүлэх, бизнес эрхлэхэд нь бид дэмжиж ажиллах болно.

– Танай кампаний цаашдын зорилго юу вэ? Одоо ямар нэг шинэ платформ гаргаж байгаа юу?

– Бид эрүүл мэндийн салбарын үйлчилгээг цахимаар хүргэх “Эмч” платформыг хөгжүүлж байгаа. Эрүүл мэндийн үйлчилгээ авах нь энэ цаг үед хамгийн эрсдэлтэй хэцүү зүйлсийн нэг болж хувираад байна. Энэ асуудалд анхаарлаа хандуулж эрүүл мэндийн салбарт шинэчлэл авчрах хэрэгтэй гэж боддог. Платформын гол давуу тал нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маяг, дадал зуршилд суралцах, мэргэжлийн эмчээс бүтэн жилийн турш гэр бүлээрээ зөвлөгөө, үйлчилгээ авах, хөдөө орон нутаг болон гадаад улс оронд оршин суугаа иргэд зайнаас цахимаар авч болох үзлэг зөвлөгөөг шууд холбогдож авах гэх зэрэг олон үйлчилгээг нэг платформоос авах боломжтой юм. Одоогоор 100 орчим эмч нар нэгдэж нэг зорилгын төлөө хамтран ажиллаж байна.

– Ярилцлага өгсөн тань баярлалаа. Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

– Баярлалаа. Та бүхэнд мөн ажлын өндөр амжилт хүсье.

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
DeSo
Read More

DAO гэж юу вэ?

Сүүлийн үед DAO гэх цоо шинэ засаглалын систем зах зээл дээр нэвтэрч халуухан сэдвүүдийн нэг болоод байна. Тэгвэл…
Read More

BOOKBRIDGE Сан нийгмийн сайн сайхны төлөө бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлтэй нийгмийн энтрепренер хайж байна. 

Нийгэмд үр нөлөө үзүүлэх бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлтэй, бизнесийн ур чадвараа хөгжүүлэхийг зорьж буй таныг 2023 онд хэрэгжих…
Total
0
Share