Тун удахгүй нээлтээ хийж санхүүгийн салбарт шинэ уур амьсгал оруулж буй Coinhub-н хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Баттулгатай ярилцсан дугаарыг та бүхэнд хүргэж байна.
Coinhub-ийг үүсгэн байгуулсан шалтгаан юу вэ?
Блокчэйн технологийг хөгжиж буй орнууд ашиглах боломжтой болсон. Энэ боломжийг Монголд нэвтрүүлэх зорилгоор Coinhub компанийг үүсгэн байгуулсан.
Coinhub компанийг маш энгийнээр тайлбарлавал?
Бүх төрлийн дижитал хөрөнгийг арилжих зах гэж ойлгож болно. Гадаадын болон дотоодын койнууд энд багтана. Бидний сайн мэдэх биткойн зэргийг худалдан авах боломжийг үүсгэж байгаа юм.
Технологи талаасаа ямар баг бүрэлдэхүүнтэй хэдий хугацаанд уг технологийг хийж гүйцэтгэв? Хэзээ бэлэн болох вэ?
Дэлхийн шилдэг технологийг ашиглаж байгаа. Мөн бид дотроо өөрсдийн хөгжүүлэлтийн багтай. 7 сарын эхэнд буюу наадмаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Технологийн багийн хувьд гадаадын гурван хөгжүүлэгч компани дотоодын 5-6 хөгжүүлэгч ажиллаж байгаа. Бизнесийн багийн хувьд нийтдээ 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Coinhub-ийн бүтэц нь яаж бүртгэгдэж байгаа вэ? Хувьцаа эзэмшиж байгаа ямар компаниуд байгаа вэ?
Coinhub нь Монголд бүртгэлтэй КойнХаб ХХК юм. Бүтцийн хувьд Intel Mind компани болон менежментийн баг гэж 2 хуваагддаг. Intel Mind компани нь манай хөрөнгө оруулагч.
Монголын зах зээл дээр гарахдаа хэдий хугацаанд ямар үр дүнг хүлээж байгаа вэ?
Эхний жилдээ 100’000 хэрэглэгчидтэй болно гэж үзэж байгаа. 2023 он гэхэд Азидаа эхний гуравт орох зорилго тавьсан байгаа. Энэ нь бид 2023 он гэхэд 1’000’000 хэрэглэгчидтэй болох хүсэлтэй гэсэн үг юм.
Гадаадад гарахад хамгийн эхний улс нь ямар улс байх вэ?
Эхний ээлжид төв Азийн улсууд буюу Хятад, Киргиз, Тажикстан, Узбекистан зэрэг улсуудад ажиллах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд судалгааны шатандаа явж байгаа.
Coinhub-руу орох болсон шалтгаан юу вэ? Өөрийн тань санаа байв уу?
Санааг үндэслэсэн хүн бол би өөрөө. Маш удаан судалсны эцэст боломжтой гэж үзээд компаниа байгуулахаар болсон. Манай компани технологи, бизнес, санхүү гэсэн гурван чиглэлээс бүрдсэн. Энэ чиглэлээр ажилладаг хүмүүсийг багтаа элсүүлж авсан байгаа.
Intel Mind-аас анхны хөрөнгө оруулалт авах шалтгаан юу байсан бэ?
Хувь хүний итгэлцлээс үүдсэн хөрөнгө таталт гэж хэлж болно. Intel Mind-ийг үүсгэн байгуулагч Мэндбаяр нь итгэл даахуйц хүн бөгөөд бид хоёр хувийн харилцаа сайтай учраас сонгосон.

Энэ чиглэлээр Монголдоо анхдагч гэж хэлж болох уу?
Бид эрсдэлийг тооцоолж 30сая ам/долларын даатгалд хамрагдсан байгаа. Ийм бүрэн хэмжээний даатгалд хамрагдсан бирж дэлхий дээр маш цөөхөн байдаг. Тийм ч утгаараа бид төв Азийн бүс нутагтаа хамгийн анхдагч бүрэн даатгалд хамрагдсан, олон улсын стандартыг хангасан бирж болж байгаа юм.
Өөрсдөө койн гаргаж байгаа юу?
Бирж дээр бид өөрсдөө СНВ нэртэй койн гаргаж байгаа. Энэ койн нь хамгийн дээд талдаа 850сая ширхэг гарна, үүнээс дээш гарахгүй. Биржээ нээхтэй зэрэгцүүлээд уг койноо хэрэглэгчдэд санал болгоно. Санал болгох үнэ нь 30 төгрөг. Уг койны онцлог нь арилжааны шимтгэлийн орлогын 70%-ийг сар бүр койн эзэмшигчиддээ ногдол хэлбэрээр тараана.
Coinhub-ийн үндсэн хэрэглэгчдийг хэн байгаасай гэж хүсэж байна?
Дижитал хөрөнгийн анхан шатны ойлголттой хүмүүс түлхүү хэрэглээсэй гэж хүсэж байгаа. Яваандаа бүх хүмүүсийг дижитал хөрөнгийг эзэмшиж хэрэглэж сураасай гэсэн хүсэл бий. Тэгэхээр бидэнд энэ талын мэдлэгийг түгээх гэдэг хүндхэн сорилт тулгарч байгаа.
Coinhub-ийн мэдээллийг хаанаас авах боломжтой вэ?
Coinhub Mongolia гээд фэйсбүүк пэйж байгаа. Мөн Coinhub хэрэглэгчдийн групп гээд байгаа. Тэндээс мэдээлэл авах боломжтой.