Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Хүний хамгийн сайн багш бол өөрийнх нь гаргасан алдаа | Startup Grind Ulaanbaatar #42

iderod

Startup Grind Ulaanbaatar #42 дугаарт CallPro, Faro Education компаниудын хамтран үүсгэн байгуулагч технологийн энтрепренер болох Б.Идэр-Од бидний урилгаар оролцлоо. Түүнтэй ярилцсан дугаарыг хураангуйлан бичвэр болгон хүргэж байна.

Өдрийн мэнд хүргэе. Тантай өнөөдөр стартап хүний хувиар ярилцаж асуултаа асуухаар бэлдсэн байгаа. Та яг одоогийн байдлаар хэдэн стартаптай, түүн дээрээ ямар байдлаар яаж ажиллаж байна вэ?

Аливаа компанид нэгэн ижил ойлголт байдаг нь хувьцаа эзэмшигч юм. Надад гурван үндсэн стартап байдаг. Hippocards, Callpro, Faro Education гэсэн гурван компани. Hippocards дээр бол борлуулалт маркетинг хариуцан ажилладаг буюу хувьцаа эзэмшигч. Callpro ч мөн адил. Faro дээр бол багш бөгөөд хувьцаа эзэмшигч гэж явдаг байгаа. 

Hippocards дээр та CEO гэж явдаг уу? Уг компани дахь таны үүрэг оролцоо ямар байдаг вэ?

CEO гэсэн тодорхойлолттой гурван жил байсан. Одоо бол хамтрагч маань CEO гэж явдаг. Hippocards дээр оффист сууж бүтэн цагаар ажилладаг 20 хүн байдаг. Мөн үндсэн ажлынхаа хажуугаар гэрээсээ ажилладаг 80 гаруй хүн байгаа. Сайн менежер байх нь их энгийн зүйлээс эхэлдэг гэж боддог. Зуу гаруй хүнтэй компаний менежер ямар байх ёстой вэ гэвэл нэгдүгээрт оффисын орчин.

Би оффисын орчиндоо маш их анхаардаг. Урд нь гарч хоосон урмын үг хэлээд бохир, тав тухгүй газар суулгаж байснаас тав тухыг нь жаахан нэмээд өгөхөд ажлын бүтээмж түүнийгээ дагаад нэмэгдэх нь тодорхой.

Хоёрдугаарт цалин хөлсний асуудал. Цалин дээр шуудхан шударга ханддаг. Дотроо гомдол тээгээд явж байгаа хүнээс хэзээ ч олигтой ажил гарахгүй. Тийм учраас “чи ийм цаг ажиллахдаа ийм хэмжээний зүйл хийж байгаа тийм учраас чиний цалин ийм байгаа” гэх мэтчилэн маш шударга ярьдаг. Мөн удирдлагын хувьд ажилчидтайгаа ярилцаж анхаарал тавьдаг.

Гуравдугаарт залуучууд маш их суралцах хүсэлтэй байдаг. Энэ хүслийг нь үргэлж өдөөх ажлаар хангах нь зүйтэй. Ирээдүйн ажил ирээдүйн төлөвлөгөөгөө өөрөө хувьдаа бодож олоод багийнхандаа хэлдэг. Ихэнх захирлууд ажилчдаасаа энэ зүйлийг бодож олхыг шаардаад байдаг, гэвч энэ бол захирлын өөрийнх нь хийх естой зүйл.

Та маш завгүй хүн. Ийм хүн ажилчдаа мэдэрч харьцана гэдэг бол маш ховорт тооцогдох зүйл л дээ. EQ-гийн асуудал болж орж ирж байгаа. Тэгэхээр энэ EQ гэдэг зүйлийг яаж хөгжүүлдэг юм бэ? Яаж өөртөө нэвтрүүлээд байна вэ?

Цаг хугацаанаас хамаарсан туршлага болдог л гэх юм уу даа. Маш олон ажил болохуйц шинэ санааг ажилчдынхаа өмнө гараад ярьсан ч би тэднийг гурван шөнө нойргүй байсан гэдгийг дараа нь хүнээс сонссон. Шинэ зүйл хүлээж авахад бэлэн бус байгаа үед нь би зөв зүйл ярьсан ч, ажил болгох боломжтой санааг дэвшүүлсэн ч цаг нь буруу байсан. Үүнээсээ болоод боломжтой байж болох байсан зүйл боломжгүй болох ч эрсдэлтэй. Ер нь хүний хамгийн сайн багш бол өөрийнх нь гаргасан алдаа шүү дээ. Тэр үед алдчихсан гээд түүнийгээ бодоод суугаад байх хэрэггүй. Just keep going! 

Хүмүүс бодохдоо бол гурван хүн сууж байгаад л хэдхэн цагийн дотор апп бүтээгээд хэдэн багш нар хичээл тавиад байгаа л гэж бодож байгаа. Яг үнэндээ ямар процессоор явж өдийг хүрэв? Төсөөлсөн шиг дардан замтай байв уу?

Нэг зүйлийг тодруулж хэлэхэд Hippocards бол цоо шинэ санаа биш. Нилээн өмнө 2013 онд Английн Memorize компани яг энэ төрлийн бөгөөд үйл ажиллагааны хувьд hippocards-аас илүү нарийн системтэй аппыг гаргачихсан. Бидэнд зүгээр л монгол тайлбартай апп хэрэгтэй байсан. Апп хийнэ гэдэг нь өөрөө долоо хоног сууж байгаад л гаргачихдаг хялбар эд биш л дээ. Android, IOS, Huawei гэсэн 3-н төрөл гаргана. Нэг төрлийн кодоор 3-н үйлдлийн системдээ гаргалаа гэж бодоход асуудал үүсдэг. IOS дээр хурдан байгаад Android дээр удаан болдог гэх мэт.

Тэгээд гурван өөр кодтойг бичье гэхээр хүний нөөцийн асуудлууд гээд гарч ирнэ. Iphone дээр жишээ нь хүүхдүүд 4,5 загварыг их хэрэглэж байгаа. Iphone 5, 10-ийн хооронд функцийн асар их ялгаа гарч байгаа. Тэр болгонд тохируулна гэдэг нь өөрөө их ажил болно л доо. За мөн hippocards зөвхөн аппликейшны бизнес биш, энэ нь нэг талаараа манай брэнд.

Энэ брэндийг хөгжүүлэх гэдэг нь өөрөө маш их цаасны хар ажил шаарддаг. IELTS-600 гэдэг номыг бараг 2жил бичсэн. 600-хан үгтэй номыг 2 жил бичихэд маш их хэмжээний цаасны хар ажил шаардсан. Тэгэхэд одоо hippocards дээр 60’000 үг байгаа. Оны төгсгөл гэхэд бид энийг 100’000 болгох төлөвлөгөө боловсруулсан. Дараачийн асуудал сервер. Өдөрт тогтмол 50’000 хэрэглэгч манай аппыг хэрэглэдэг. Эндээс серверийн зардалыг бид Амазон компанид төлдөг.

Сардаа 4000$-6000$ байдаг. Эндээс манай инженерүүд яаж системээ гацалтгүй байлгах яаж серверийн зардлаа бага байлгах талаас ажилладаг. Бас санал гомдлын асуудал. Манайд зөвхөн санал гомдол дээр бүтэн цагаар суудаг хүн байдаг. Өдөрт 700 гаран санал гомдол манайд ирдэг. Эндээс сурсан зүйлээ инженерийн багтаа мэдээллэх журмаар өдийг хүрсэн. 

Дараачийн нэг чухал зүйл бол дизайн. Бид гадны нэг аппыг тэр чигээр нь хуулаад тавьчихвал үүний дизайн гоё болохгүй. Дизайны хувьд аппын түүхэнд нийтдээ найман удаа солигдож байсан. Одоо ч гэсэн жижиг өөрчлөлтүүд орсоор л байгаа. Ер нь апп хийнэ гэдэг нь нэг зүйл хийчихээд за болсон гээд хаяаад орхихын нэр биш. Үргэлж өөрчлөлт шинэчлэлт хийгдэж байж амжилттай байна.

Хэрэглэгчид үргэлж шинэ санаа гаргаж, санал болгож байдаг. Энэ олон санаанд хэрхэн цэнзуртай хандаж байгаа вэ? 

Ирсэн санаа болгоныг хүлээж аваад нэвтрүүлээд байвал жанжин шугамаа алдана л даа. Хэл сурахад олон асуудал тулгардаг. Тэр олон асуудлуудын нэг буюу үг цээжлэх аргыг нь л бид нар заагаад өгье. Өөр бусдыг нь өөр аппаас сур, өөр сайтаас сур, сургалтын төвөөрөө яв. Бид хэрэглэгчдээ маш сайн сонсдог гэхдээ цөөхөн ажилчдынхаа мэдрэмжид тулгуурлаж одоохондоо ажилладаг. 

Хөгжүүлэгч хүнийг хаанаас олж хэрхэн менеж хийдэг вэ? Анхны багтайгаа өдийг хүрсэн байх?

Манай Hippocards компани гурван жилийн түүхтэй. Апп маань гараад жил хагас орчим болж байна. Үлдсэн хугацаанд нь бид апп дээрээ ажиллаж байгаад гаргасан гэсэн үг. Өмнө нь өөр нэртэйгээр туршилтын журмаар аппаа гаргаж байсан л даа. Алдаа дутагдал их байсан учир тэрийгээ буцааж татаад яг hippocards нэртэйгээр гаргаад өдийг хүрсэн. IT инженер одоо цагт ховордсон нь үнэн гэхдээ байгаа. Ажилд ороход хамгийн их хардаг зүйл нь ажиллах орчин, цалин. Захирал нь таалагдах ёстой. Хувь хүнийхээ зүгээс би их сайн хүн байхыг хүсдэг л дээ. Бас би багийхандаа өнөөдөр зөвхөн мөнгө олох гээд бизнес хийгээд яваа биш цаашдаа бидний хийгээд байгаа зүйл ямар үр дүн ач холбогдолтой гэдгийг ажилчиддаа байнга сануулж байхыг хичээдэг. Хөгжихгүй байна, болохгүй байна, бүтэхгүй байна, шийдэл юу байна гэхээр явж явж англи хэл л сурах зам үлддэг. Ийм чухал зүйл хийж байгаа гэдгээ санаж ажиллах хэрэгтэй.

Хоёрдугаарт, ажил дотор фракцлаж хуваагдахын эсрэг байдаг. Цөөн ажилчидтай байгууллага дотор 2 3-аараа салаад нийлэх бол утгагүй зүйл шүү дээ.

Мөн жил болгон нэг удаа миний нэрэмжит маш том party болдог. Ийм зүйлс маш чухал байдаг гэж үздэг. 

Callpro компани япон хүнээс хөрөнгө оруулалт татсан. Япон хөрөнгө оруулагчидтай хэрхэн яаж харьцдаг вэ? Стартапуудад зөвөлгөө өгвөл?

Манайд хөрөнгө оруулсан хүний нэрийг Таками-сан гэдэг. Залуудаа органик жимс, хүнсний ногооны бизнесс эрхэлж Япон улсад тохиож байсан их том асуудал гэж хэлж болохоор зүйлийг шийдэж чадсан хүн л дээ.

Тэр хэлэхдээ “ би Япон улсын төлөө насаараа зүтгэсэн. Би Монгол улсад хайртай.

Та нарыг ч гэсэн энэ улсын төлөө сэтгэл зүрхээ зориулж хөгжүүлээсэй гэсэндээ хөрөнгө оруулалт хийсэн шүү гэдгээ хэлсэн. Та нараас ихдээ л 25% авна тэрнээс доош байсан ч асуудалгүй. Та нарт урт хугацаандаа итгэж байна гэж хэлсэн. Мэдээж улсын нэг салбарыг бүхэлд нь өөрчлөх боломж бүхий салбарыг багаас нь тордож итгэж найдсан хүн ашиг хүртэх ёстой шүү дээ. Мөн гадны хөрөнгө оруулалтын нэгэн сайхан тал нь компанид гуравдагч хүчин орж ирснээр компани болоод хөрөнгө оруулагчыг хохироох, эрсдэлд оруулах ёсгүй болох бөгөөд энэ нь хариуцлага дагуулж ирдэг сайхан талтай. Энэ нь ажлыг хурдан амжилттай болгож өсөн дэвжих хурдыг нэмэгдүүлж байгаа юм.

Питчийг яаж хийж байгаа вэ? Хөрөнгө оруулагч нар ямар питч сонсохыг хүсдэг вэ?

Хөрөнгө оруулагчдын төрөл гэж байдаг. Олон зүйлтэй танилцаад байдаггүй шуурхай хөрөнгө оруулалтыг олон компанид хийдэг. Энэ бол Монголд байдаггүй. Монголд нэртэй хөрөнгө оруулагчид судалгааны багтай маш удаан судалсны эцэст хөрөнгө оруулах эсэхээ шийддэг. Зарим нь 100% хувь хүний харилцаа итгэлцэлээс шалтгаалдаг. Ер нь хөрөнгө оруулалтын хамгийн чухал зүйл нь итгэлцэл шүү дээ. Ажил хийнэ гэчихээд хаяад явчихдаггүй байвал л тэр бизнес урагшилна, хэн хэндээ хурдан ашигаа өгнө. Түр зуурын, аргацаасан, өнөөдрийг харсан ажил биш холыг харсан төлөвлөгөөтэй хүнд хөрөнгө оруулагчид эргэлзээгүй хөрөнгө оруулдаг. 

Аливаа бизнесийг эхлүүлэхэд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Тэгвэл хэзээ анхны хөрөнгө таталтаа хийж хэзээ эхлэх ёстой байдаг вэ?

Хөрөнгө оруулалт авна гэдэг бол сонсогдож байгаа шиг ээ тийм сайхан зүйл биш. Чиний ажлын цаг нэмэгдэнэ, их ажиллана л гэсэн үг. Ажлаа эхлүүлж байхдаа болж өгвөл өөрсдийн нөөц боломжоороо аргалахыг бод. Бүүр хоосорсон нэн шаардлагатай үедээ л хөрөнгөө тат гэж зөвлөмөөр байна.

Хамтран үүсгэн байгуулагчидтайгаа өдийг хүртэл яаж зохицож ажиллаад байна вэ? 10 жил учраа олоод ажиллаад явна гэдэг нь маш хэцүү шүү дээ? Гурван өөр хамтран үүсгэн байгуулагчидтайгаа хэрхэн зөв ажиллах вэ?

Хүн дотроо төрсөн сэтгэгдэлээ шууд хэлж сурах хэрэгтэй юм билээ. Магадгүй надад зөв зүйл хэлэхэд би эмзэглэж хүлээж авсан эсвэл буруу талаас нь харсан байж болно. Дотроо гомдол тээгээд л яваад байвал дараа маргаан үл ойлголцол үүсэхэд сэдэрч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр асуудлыг дор дор нь шийдэж байх хэрэгтэй. 

Стартапын бизнест удирдлага ямар байхаас 100% хамаарч тухайн бизнесийн амжилтанд шууд нөлөө үзүүлдэг. Тэгвэл та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Өөрийгөө ямар байдлаар хөгжүүлж байгаа бол?

Яг одоогоор анхаарч байгаа асуудлуудын нэг болоод байгаа. 1 жилд сургуульд суралцах бодол бий. Хуулийн сургуульд сурах мөрөөдөл байдаг ч 2 жилийг сургуульд зарцуулахаар ажил төрөл гээд асуудлууд гарч ирж байна. Бодоод л байгаа шийдвэр гаргах түвшинд хараахан очоогүй л байна. Ер нь бол ярилцлагын эхэнд хэлсэн. Алсын хараа гэдэг зүйлийг захирал хийх ёстой. Энийг хийхийн тулд тухайн хүн өөрийгөө маш сайн хөгжүүлэх шаардлагатай. Миний хувьд гадаадын том сургуульд сураад өөрийгөө ямар түвшинд яваад байгаагаа мэдрэх зорилго тавьсан байгаа.

Өдөр бүр өөрийгөө хэрхэн цэнэглэж өөрийгөө хэрхэн хөгжүүлж байгаа вэ?

Coach-тай болох маш чухал. Coach бол чиний муу дадлуудыг чамаар өөрөөр чинь цэвэрлүүлж урт хугацаандаа чамтай ажилладаг trainer юм билээ. Бага багаар чиний болохгүй байгаа зүйлсийг засаад л яваад байдаг. Монголын одоогийн нөхцөл байдалд их тохирсон, хэрэгтэй зүйл. 

Пивот хийх шийдвэр гарч байсан уу? Таны хувьд хэзээ яаж хийж байсан бэ?

Манай компаниуд ер нь нээх их пивот (pivot) хийж байгаагүй л дээ. Хамгийн том хийж байсан нь гэвэл Фаро сургалтын төв. Үйл ажиллагаагаа эхлүүлээд наймдах жилдээ явж байна. Одоо манай үндсэн бизнес сургалтын төв байхаа больсон. Нэг үгээр бол төгсөх ангийн хүүхдүүд сурдаг ахлах сургууль шиг л болсон гэх юм уу даа. Гадаадын том их сургуулиудад IELTS шалгалт өгөхгүйгээр тэнцэх боломжтой болгодог. Цөөхөн хүүхэд л авдаг ийм үйл ажиллагаатай болсон байгаа. Маш өндөр шалгууртай авдаг. Энэ л манайд хийгдэж байсан хамгийн том пивот байх. Үйл ажиллагаагаа бүтцээр нь шинэчилж өмнө нь хийж ирсэн зүйлээ тэр чигээр нь орхих биш шинэ боломжит зүйлийг оруулж ирж орлогоо солонгоруулж байна гэж харах нь зүйтэй. 

Питчийг хаана ч хийж болно. Цахилгаан шатны питчийг хийхэд юуг дурдвал зүгээр вэ?

Хөрөнгө оруулагчид ч гэсэн хөрөнгө оруулчих юмсан гээд сайн компани хайгаад явдаг. Чи өөрийнхөө бизнесийг танилцуулахдаа “миний энэ бизнесийг тоохгүй л байх” гэж бодож ярилцлагаа хийвэл бүтэхгүй. Үнэхээр танай компани ирээдүйд маш их ашиг орлого орж амжилттай явна гэж бодож л байгаа бол түүнийгээ шулуухан илэрхийл. Хэрэггүй зүйл ярих шаардлагагүй гол зүйлээ тодорхой бөгөөд ойлгомжтой ярь.

Монгол стартапууд дэлхийд гарна гэж их ярьж байгаа. Гэвч одоогоор дэлхийд гарсан гэвэл тун цөөхөн. Монгол энтрепренер хүний хувьд дэлхийд гарах гэдгийг юу гэж харж байгаа вэ? Дэлхийд гарах төлөвлөгөө байгаа юу?

Дэлхийд гарах гэдэг нь өөрөө сонсогдож байгаа шигээ сүртэй, боломжгүй зүйл биш л дээ. Дэлхийн мэдээг доргиогоод л байхын нэр бас биш. Чи бараа зараад тэр бараа чинь худалдан авагчдад таалагдаад худалдаж аваад байвал энэ чинь л бизнес шүү дээ. Callpro компани Киргизстанд охин компаниа байгуулсан. Жижиг ч гэсэн дэлхийд гарсан л гэж үүнийг харж байгаа. 

Юуг үргэлж хэмжиж өөрийн компанийхаа ямар зүйлийн тоог хэмжээг үүсгэн байгуулагч хүн мэдэж байх ёстой вэ? 

Нягтлантайгаа тулж ажиллах хэрэгтэй. Дансан дахь мөнгө чинь үнэнийг хэлээд өгнө. Бизнесийн данс чинь хоосон байвал амжилтгүй яваад байна аа л гэсэн үг. Хаашаа юунд их зардал гараад байгааг маш сайн анзаарч байх хэрэгтэй. Шаардлагатай орлого зарлагын тоог цээжээр мэддэг орой болгон нягталж шалгадаг байх ёстой.

Бүтэн дугаарыг доорх линкээр:

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Mongolia
Read More

Монголын стартапын таатай орчин топ 100 улсын тоонд багтаж 88 дугаар байранд бичигдэж байна.

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар 2020 оноос эхлэн дэлхийн гарааны бизнесийн экосистемийн атлас, судалгааны төв болох Израиль…
Total
0
Share