Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Аюул эрсдлийн үед 3 үгт хаягаар байршлаа илүү тодорхой зааж өгөх боломжтой

what3words

what3words компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал | Ази, Номхон Далайн Бүсийн хамтын ажиллагаа хариуцсан ахлах Д.Золбоотой ярилцсан дугаарыг та бүхэнд хүргэж байна.

Юуны өмнө та өөрийгөө бол what3words-н талаар товч танилцуулна уу. what3words гэж юу вэ? Монголд хэрхэн ашиглагдаж байгаа вэ?

Биднийг урьж оролцуулсан та бүхэнд баярлалаа. Намайг Золбоо гэдэг. Одоогоор what3words компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал болон Ази, Номхон Далайн Бүсийн хамтын ажиллагааг ахлан ажиллаж байгаа. what3words буюу 3 үгт хаягийн технологи нь аливаа байршлыг илэрхийлэх хамгийн энгийн арга. Энэхүү систем нь дэлхийн газрын гадаргууд 3 метрийн хэмжээтэй торлол үүсгэн тухайн дөрвөлжин тус бүрийг дахин давтагдашгүй 3 үгээр хаягжуулж өгсөн байдаг. Энэ нь хотын төв, гэр хороолол, Богд уул, зам, хөдөө орон нутагт гээд хаана ч хаягаа гуравхан үгээр тайлбарлах боломжтой болгож байгаа юм. Жишээлбэл ///хуримтлалтай.тэмдгээс.эрчлэх гэсэн 3 үгт хаяг нь Эрдэнэ зуу хийдийн үүд хэсгийг зааж өгнө гэсэн үг. Харин эдгээр 3 үгт хаягуудыг олох, бусадтай хуваалцах, хүрч очих замаа заалгахдаа  үнэ төлбөргүй what3words апп болон цахим газрын зургийн вебсайтыг (www.what3words.com) ашиглах боломжтой юм.

what3words нь анх 2013 онд Их Британи Улсад байгуулагдсан бөгөөд 2017 оноос Монгол дахь оффисоо нээн ажиллаж эхэлсэн. Одоогоор манай оронд бид шинэ хаягжилтын стандартыг тогтоохоор экосистем бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд үндэсний хэмжээний томоохон байгууллагууд болох Худалдаа Хөгжлийн Банк, Хаан Банк, Монгол Шуудан ХК, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, хувийн байгууллагууд болоод яаралтай тусламжийн байгууллагуудтай амжилттай хамтарч ажилласаар байна. 

Саяхан what3words ашиглан иргэний амь нас авран хамгаалсан тухай мэдээ сонссон, энэ тухай дэлгэрэнгүй хуваалцана уу?

Тийм ээ. Хаягаа тодорхой тайлбарлах боломжгүй байсан олон иргэдийн амь насыг what3words ашиглан шуурхай олж аварсан тохиолдлууд их гарч байгааг хараад тун баяртай байна. 2020 оны 6-р сард Онцгой Байдлын Ерөнхий Газар үйл ажиллагаандаа what3words-г нэвтрүүлснээр  Монгол Улс Азидаа яаралтай тусламжийн дуудлагад 3 үгт хаягийг хүлээн авч буй анхны орон болсон. Та бүхэн санаж магадгүй энэ оны 3-р сард улс даяар их шуурга болж олон хүн төөрсөн. Энэ үеэр Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дуудлага хүлээн авагч шуурганд төөрсөн залуу ээжид зам зааж өгч амь насыг хамгаалсан тохиолдол гарсан.

Бид хэзээ, хэнд, хаана яаралтай тусламж хэрэг болохыг хэлж мэдэхгүй. Аюул осол болоход хором бүр үнэ цэнтэй байтал яг хаана байгаагаа хэлж чадахгүй байх нь тухайн иргэнд төдийгүй яаралтай тусламжийн байгууллагыг ч хүнд нөхцөл байдалд оруулдаг. Тийм учраас бид Мэдээлэл, шуурхай удирдлагын төвтэй энэ 5-р сараас хамтын ажиллагаагаа эхлэн маш богино хугацаанд үр дүнгээ авчраад байна. Тухайлбал ууланд төөрсөн ээжийг хүүхдүүдийнх нь хамт байршлыг нь тогтоож, гэр бүлийн хүнтэй нь амжилттай уулзуулж чадсан. Зуслангийн орчимд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бүсгүй хаана байгаагаа тодорхой хэлж чадахгүй байхад нь 3 үгт хаягийн тусламжтай олж, авран хамгаалсан ба голд живэх аюулд өртсөн иргэний байршлыг олсон гээд хэд хэдэн жишээг онцлон дурдмаар байна. 

Их Британи, Австрали, Өмнөд Африк, Канад зэрэг дэлхийн өнцөг булан бүрт 3 үгт хаягаар байршлаа зөв тодорхойлж аврагдсан жишээ өдөр бүр нэмэгдсээр байгаа энэ үед Монгол Улсын яаралтай тусламжийн байгууллагууд ч мөн адил дэлхийн инновацитай хөл нийлүүлэн алхаж иргэдийн амь насыг аварч байгааг харах тун сайхан байна. Яаралтай тусламжийн байгууллагууд иргэд олон нийтийг эрсдэлд бэлэн байхын тулд what3words апп-г урьдчилан татан авч, 101, 102, 103, 105 дугаарт дуудлага өгөхдөө байршлаа тодорхой хэлэх боломжгүй бол 3 үгт хаягийг ашиглаж, тэдэнд илүү шуурхай ажиллахад нь туслахыг уриалж байгаа. Учир нь what3words апп-аа утсандаа татаж суулгасан байхад, интернетгүй үед ч өөрийн байгаа байршлын 3 үгээ харах боломжтой юм. Энэ нь хөдөө орон нутаг гэлтгүй хотын алслагдсан интернетгүй газруудад явахад ихээхэн хэрэг болдог. Хэрэв иргэд апп-аа татаж амжаагүй хирнээ интернет орох боломжтой тохиолдолд яаралтай тусламжийн байгууллагаас маш бага дата шаардах FindMe хуудсыг илгээж байгаа бөгөөд үүний нэвтрэх датаг Мобиком корпораци хэрэглэгчиддээ үнэ төлбөргүй ашиглах боломжтой болгосон.

Тэгвэл ер нь байгууллагууд what3words-г хэрхэн ашиглах боломжтой вэ?

Бүх төрлийн байгууллагууд хаяг, байршлын мэдээлэлтэй холбоотой үйл ажиллагаандаа what3words-г чөлөөтэй ашиглах боломжтой. Байгууллагууд биднээс 3 үгт хаягаа авмаар байна гээд холбогддог юм. Харин энэ нь биднээс авах бус аль хэдий нь Монгол орон бүхэлдээ хаягжсан тул what3words апп эсвэл цахим газрын зургийн вебсайт ашиглан олж хаягийн мэдээлэл дээрээ нэмэхэд л хангалттай юм. Одоогоор үйлчилгээний байгууллагууд, аялал жуулчлалын хөтөч номууд гээд 3 үгт хаягаа өөрийн гадаах самбар, вебсайт, Фейсбүүк хуудас, хэвлэсэн товхимол, имейл хаяг дээрээ гээд үйлчлүүлэгчтэй харилцаж байгаа бүхий л мэдээлэл дээрээ тавьж ашигладаг. 

Харин цахим худалдааны вебсайт, газрын зургийн систем болон апп гээд өөрийн системтэй уяж ашиглах бол манай API түлхүүрт бүртгүүлэн авч интеграц хийн ашиглах боломжтой. Одоогоор Shoppy, Flower Fairy, ArdShop гээд вебсайтууд үйлчлүүлэгчийн хаяг оруулах хэсэгтээ оруулан харилцагчаа илүү хурдан шуурхай олж хэрэглэгчийн сэтгэл ханамж, туршлагыг сайжруулан ажиллаж байгаа.

Төрийн бус байгууллагууд болон судалгааны байгууллагууд what3words апп болон цахим хуудсыг шууд ашиглах боломжтой байдаг. Жишээлбэл НҮБ-ын Хүүхдийн Сан болон Лантуун Дохио байгууллагууд судалгаандаа ашиглан хаягжилтгүй газрын байршлыг тодорхой авч дахин очих болон тархалтын судалгаа хийхдээ ашиглаж байгаа.

Монгол дахь баг хамт олныхоо тухай танилцуулна уу?

Манай олон улсын багийн хувьд 150 орчим хүмүүс ажилладаг харин Монголд 11 ажилтан болон фрийлансеруудтай ажиллаж байгаа. Одоогоор Лондон дахь төв оффисын дараачийн том оффис болж Азийн бүсийн оффис болон хүний нөөцийн хувьд ч үйл ажиллагаа, үүрэг хариуцлагын хувьд ч өргөжсөн байна. Бид одоогоор Улаанбаатар дахь багтаа гишүүд хайж байгаа бөгөөд https://what3words.com/jobs/ хуудаснаас харах боломжтой шүү.

Total
1
Shares

Leave a Reply

Related Posts
Total
1
Share