Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Гадаадын улс оронд үйл ажиллагаа эрхлэх гарааны бизнест 100 мянган долларын хөрөнгө оруулах хөтөлбөрийг эхлүүллээ | Cократус стартап студио

socratus

Сократус стартап студио гадаадад оршин суугаа монгол улсын иргэний болон хамтран эхлүүлсэн гарааны компанид хөрөнгө оруулах хөтөлбөрийг эхлүүлж байна. Уг хөтөлбөрийн талаар тус компанийн гүйцэтгэх захирал А.Мөнхцогmой ярилцлаа.

Сайн байна уу? Танай компани “Socratus Global bizStep-Up” бойжуулах хөтөлбөрийг эхлүүлж байгаа юм байна. Хөтөлбөр хэрхэн хэрэгжих талаар яриагаа эхлэх үү?

Сайн, сайн байна уу. Бид 2018 оны 9 сард гарааны компанийг бойжуулах, эхлэлийн хөрөнгө оруулалт хийх хөтөлбөрөө эхлүүлж байсан. Өнгөрсөн хугацаанд дотоодын 400 гаруй гарааны компани хөтөлбөрт хамрагдах сонгон шалгаруулалтад оролцож, бид 12 гарааны компани, бизнес санаанд хөрөнгө оруулах, хөтөлбөртөө элсүүлэх замаар хамтран ажиллаж эхлээд байна. Хөтөлбөр 2 жилийн хугацаатай хэрэгждэг. Эхний элссэн компаниуд маань хөтөлбөрөө дуусгаад төгсөх шатандаа ороод байна. Сократус өөрөө бас стартап компани. Олон улсын зах зээлд үйлчилгээгээ гаргах зорилготой. Энэ удаагийн бидний зарлаж байгаа хөтөлбөр маань олон улсын зах зээлд гарах зорилгын эхний үе шат гэж ойлгож болно. Цаашлаад бид бусад улс орны стартапуудад хөрөнгө оруулах, хөтөлбөрөөрөө бойжуулах ажлыг эхлүүлэх юм. Socratus Global bizStep-Up хөтөлбөрт гадаад улсад үйл ажиллагаагаа явуулах монгол улсын иргэний эхлүүлсэн, санаачилсан гарааны компанийг хамруулах юм. Бид эдгээр гарааны компаниудад 100 мянган ам.долларын эхлэлийн мөнгөн санхүүжилт олгох, бизнесийн систем бий болгох суурь шийдлүүдийг угсрах, төлөвшүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлэх юм.  

Бизнесийн систем бий болгох шийдлүүдийг угсрах гэхээр яг ямар ажил хийгдэнэ гэсэн үг вэ?

Энгийнээр ойлговол хөрөнгө оруулагчийн эрсдэлийг бууруулна гэсэн үг. Хөрөнгө оруулагчийн хувьд хөрөнгө оруулсан компани нь бүтэлгүйтэх буюу дампуурна гэдэг хамгийн том эрсдэл шүү дээ. Гарааны компани эхлүүлсэн үүсгэн байгуулагч нь өөрөө бас хөрөнгө оруулагч. Зөвхөн мөнгөөр хөрөнгө оруулбал хөрөнгө оруулагч биш. Тэр хүн өөрийн цаг, мэдлэгийн нөөцөөрөө хөрөнгө оруулж байна. Тэгэхээр энэхүү хөрөнгө оруулалтаа эрсдэлд оруулж болохгүй шүү дээ. Гарааны компанийн хөрөнгө оруулалт үе шаттай явагддаг. Эхэн үед буюу хамгийн өндөр эрсдэлтэй үед манайх шиг бизнес инкубаторууд хамтран ажилладаг. Дараагийн шатанд венчур сангууд, мэргэжлийн хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулдаг. Эдгээр хөрөнгө оруулагчид орохоосоо өмнө Due dilligence буюу монголоор магадлан баталгаажуулалт, магадлан шалгалт гэж буулгаад байгаа ажиллагааг хийдэг. Энэ компанийн хүний нөөцийн бодлого буюу ажилчдадаа урт хугацаанд тогтвортой ажлуулах ямар бодлого хэрэгжүүлж байна вэ? Хууль эрх зүйн хувьд ямар зохицуулалтаар явагдах, оюуны өмчийн хувьд хамгаалалттай байна уу, санхүү бүртгэл нь цэгцтэй байна уу, зах зээлийн боломж байна уу, үйл ажиллагааны менежментээ хэрхэн хэрэгжүүлдэг, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн хөгжүүлдэг, шийдвэр гаргалтаа хэрхэн хийдэг, мэдээллийн урсгалыг хэрхэн зохицуулдаг гэх мэтэд дүгнэлт хийж байж эрсдэлийн түвшингээ тодорхойлж хөрөнгө оруулах эсэхээ шийддэг. Тэгвэл яагаад хөрөнгө оруулагч энэ бүхнийг хянан шалгаад байгаа юм. Эдгээр чинь тухайн компанийн амжилттай ажиллах суурь гэж үзээд байна аа даа. Бизнесийн систем болно гэдэг нь энэ бүх магадлан шалгалтад бүрэн тэнцэх шийдлүүд гэж ойлгож болно. Бид системийн инженерчлэлд суурилсан бизнесийн системийг бий болгох суурь шийдлүүдийг бүтээсэн. Түүнийгээ хөтөлбөрт хамрагдсан гарааны компаниуддаа сууриллуулдаг, шийдлүүдээ хэрэглэж төлөвшүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлдэг гэж ойлгож болно. Өнгөрсөн хугацааны бидний хөтөлбөрийн үр дүнгээс дүгнэхэд компани эхлээд бизнесийн систем болох, дараагаар нь үүргээ бүрэн хэрэгжүүлдэг болох, үүний дараа зорилго нь биелэж байгаа нь нотлогдож байна. 

Гарааны бизнес эрхлэгчид хаанаас ажлаа эхлүүлэх нь оновчтой вэ?

Гарааны бизнес бүтэлгүйтдэг шалтгаануудыг танин мэдэх хэрэгтэй. Тэрхүү дампууралд хүргээд байгаа шалтгаануудыг даван туулах шийдэл миний компанид байна уу гэдгээ шалгахаас ажлаа эхлэх нь оновчтой гэж үзэж байна. Ажиглаад байхад гарааны компаниудын дийлэнх алдаа нь мөнгөн хөрөнгө оруулалт хийчих ээ, асуудалгүй, ямар ч саад бэрхшээл байхгүй шууд л ийм тийм болчихно гэж ярьдаг. Хөрөнгө оруулагчид гэдэг чинь тодорхой түвшинд бизнес хийчихсэн, унаж, босоод үзчихсэн, бизнес тийм ч дардан замаар явдаггүйг мэдэхийн дээдээр мэдэж байгаа акулууд шүү дээ. Тиймээс хөрөнгө оруулалт, санхүүжилт хайхаасаа өмнө ямар болбол манай компани руу хөрөнгө мөнгө айхгүйгээр орж ирэх вэ гэж судалж бэлтгэх хэрэгтэй. Хөрөнгө мөнгө хэрэггүй юмаа гэхэд өөрийнхөө оруулсан хөрөнгө оруулалтыг эрсдэлд оруулахгүй байх шийдлүүдийг компанидаа бий болгох хэрэгтэй. Өмнө хэлсэн дээ үүсгэн байгуулагч чинь өөрөө хөрөнгө оруулагч гэж. Бизнес эрхлэгчийн нэн тэргүүний зорилго бол бизнесээ бизнесийн систем болгох юм. 

Гарааны компаниудыг дэмжих боломжууд хэр их байна вэ?

Дэмжих гэхээр их өргөн ойлголт болно л доо. Нийтлэг ярьдаг мөнгө санхүү гээд аваад үзье л дээ. Хөрөнгө оруулалт татах зөндөө боломжууд байна. Хөрөнгө оруулалтын тэмцээн уралдаанууд олон зохион байгуулагдаж байна. Саяхан гэхэд л “Startup World Cup” гээд олон улсын тэмцээний бүсийн шалгаруулалт явагдлаа. Шалгарсан гарааны компани 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт авна. Манайх энэхүү тэмцээний дотоодын шалгаруулалтад спонсороор оролцсон. Эхний байруудад шалгарсан гарааны компаниудад спонсорууд хөрөнгө оруулж байна. Хөрөнгө оруулагчид өгөөжтэй, эрсдэлийг даван туулах чадвартай хөрөнгө оруулалтыг байнга эрэлхийлж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл тэд өргөжин тэлэх, харьцангуй давуу тал бүхий үнэ цэнийг бий болгож чадах бизнес санаа, тогтвортой ажиллаж чадах бизнесийн системийг л хайж байна. Сократусын зорилго бол хэдэн арав, зуун саяаар нь хөрөнгө оруулалт хийдэг мэргэжлийнхэн дээр бидэнд байгаа нөөцөөр дэмжүүлээд өөрийгөө бэлдээд оч гэж байгаа юм.

Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.

Та бүхний бизнест амжилт хүсье. 

Холбоо барих утас: +976-99038711

И-мэйл: info@socratus.mn

ФБ: https://www.facebook.com/events/4033489836697455/?ref=newsfeed

Total
6
Shares

Leave a Reply

Related Posts
Read More

Инновацаар эвдэгдэж буй 5 их наяд ам.долларын салбарт өрсөлдөж байгаа Монгол стартап

НЭГ САЯ ЭРҮҮЛ МОНГОЛ АМЬДРАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ БИЙ БОЛГОХ зорилгоор тамирчид, мэргэжлийн зөвлөхүүд, сэтгэл зүйч, эмч нартай хамтран хувь…
Total
6
Share