ҮР минь брэндийн үүсгэн байгуулагч А.Уянгатай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна.
Үр минь брэндийг товчоор тодорхойлбол?
ҮР минь хүүхдийн хувцасны марк буюу “Эхийн сэтгэлээр урлав” ХХК-нхан бид гэр бүлийн аз жаргалтай дурсамжийг бүтээх гол зорилготой. Хувцсан дээрх үгээр эцэг, эхчүүдийн дотор байдаг эгдүүг ил гаргаж, өдөр тутамдаа илэрхийлж амждаггүй тэр нандин хайрыг хором мөч бүр бяцхан үрсэд мэдрүүлэхийг хүсдэг. Ингэснээр тухайн гэр бүлийн аз жаргалтай дурсамж нэмэгдэнэ гэж бид итгэдэг.
Энгийн үгээр тайлбарлавал Үр минь компанийн процесс нь юу вэ? Яг юу хийдэг компани вэ?
0-3 настай хүүхдүүдэд хамгийн сайн чанарын даавуугаар нас, насных нь өсөлтийн онцлогт тохируулсан загвар бүхий хувцас урлаж уг хувцсан дээрээ хайр хүрэм өхөөрдөм үгсийг хэвлэж хэрэглэгчидэд хүргэдэг.
Хэдэн жилийн өмнө анх байгуулагдсан бэ?
2017.11.08-нд анх хамаатныхаа гарын дүйтэй эгчтэйгээ хоёулаа нийлээд эхлүүлж байсан. ҮР минь-г анх том хүүдээ зориулан эхлүүлж байсан. Эхэн үедээ ажлын хажуугаар эрхэлдэг жижиг бизнес байсан бол 2018.12 сард 2дох хүүгээ төрүүлэхтэй зэрэгцүүлэн гол ажлаа болгож байсан. Бизнесээ эхэлснээс хойш 6 сарын дараа “Shark Tank” нэвтрүүлэгт бүртгүүлж, 2018 оны 9 сард хөрөнгө оруулалт татах боломжтойгоо мэдсэн. Бизнесийн салбарт туршлагатай Цэлмүүн шарк “Зах зээлд боломж байна” гэж үзээд хөрөнгө оруулах санал тавьсан гэж ойлгосон. Тиймээс ажлаасаа гараад бүх цагаа ҮР минь-дээ зориулж эхэлсэн. 2019 оны хоёрдугаар сард Шарк танк нэвтрүүлэг телевизээр гарч томоохон өсөлт ирсэн. Тэр өсөлтийг алдахыг хүсээгүй учраас 2 сартай хүүгээ тэврээд ажлаа эхлүүлж байсан. Нэвтрүүлгийн дараа Цэлмүүн шарктай гэрээний тохиролцоондоо хүрч чадаагүй ч урьд нь хамт ажиллаж байсан хамт олон маань хөрөнгө босгох санал тавьсан. Тэд маань анхны хөрөнгө оруулалтыг шийдэж нэмээд дотнын хүмүүсээс бага, багаар хөрөнгө оруулсаар анхны 71 сая төгрөгийг босгосон. Үүгээрээ БНХАУ-аас нярай хүүхдэд зориулан тусгайлан боловсруулсан даавууг авч, анхны оёдлын болон хэвлэлийн цехээ байгуулсан гэж хэлж болно. Анхны дэлгүүр буюу төв салбар маань 2019.06.01ны өдөр нээгдэж тэрнээс хойш хоёр жилийн хугацаанд хоёрдох удаагийн хөрөнгө таталтаа хийсэн байна.
Эхний хөрөнгө оруулалтанд хэдэн хүн байсан бэ?
22 хүн нийлээд 25 сая төгрөг бас дээрээс нь 4-хүн нэмэгдээд нийтдээ 26-н хүнээс татаж байсан.
Хөрөнгө оруулагчдаа хэрхэн харицаж зохион байгуулалт хийж байгаа вэ? 26-н хүнтэй зэрэг харьцаж байгаа гэсэн үг юм байна шүү дээ.
Санхүүгийн тал дээр туршлагатай хүмүүсээс хөрөнгө оруулалт авсан учир надад асуудал тулгарах үед би тэднээсээ зөвлөгөө авдаг байсан. Ийм л горимоор тэднээсээ тусламж авдаг байсан. Түүнээс биш орлого чинь яаж байна, мөнгө чинь яаж байна гэж шахалт үзүүлдэггүй болохоор их амар байдаг байсан.
Хөрөнгө оруулалт авсны дараа өсөлт хэр нэмэгдсэн бэ?
2018 онд бүтэн жилдээ 300-400 бүтээгдэхүүн гаргадаг байсан бол 2020 оны байдлаар энэ тоо нийт 21000 хүрсэн байсан. Ихэнх бүтээгдэхүүн нь ковидтой холбоотойгоор маск байсан. Үндсэн бүтээгдэхүүн болох нярай хүүхдийн хувцас маань 9600 гаран борлогдсон байна. Өмнөх үеэс 24 дахин их борлогдсон гэсэн үг.
Хоёрдох хөрөнгө оруулалтын гол зорилго нь юу байсан бэ?

Бид өөрсдийн цехээ гэнэтийн байдлаар байгуулж байсан. Хэмжээний хувьд жижиг учир үйлдвэрлэлийн хэмжээгээрээ зах зээлээ хязгаарлаж байгаа. Анх дэлгүүрээ байгуулж байсантай харьцуулахад бидэнд хэрэглэгчдийн эрэлт их байгаа. Үүнээс бид энэ жилдээ багтаан шат ахиж чадахгүй юм бол хэрэглэгчдээ гомдоох, зах зээлээ хумих эрсдэлтэй гэж харж байна. Өсөлтийн цаг үеээ олно гэдэг зүйл байдаг бол тэр нь энэ жил л юм байна гэж харсан. Биднийг дуурайж хийж байгаа олон газрууд байдаг тул хэрэглэгчиддээ илүү шинэлэг, хамгийн хэрэглээтэй бүтээгдэхүүнийг байнга хүргэх гэж хичээж байна.
Энэ жил өсөлтөө хийе гэж шийдээд хөрөнгө оруулалтын талаар уулзсан 2 дахь уулзалт маань амжилттай болсон тул энэ 6-н сард ашиглалтанд орох барилгад 195м.кв обьектод үйлдвэрлэлд шаардлагатай бүх тоноглолуудыг хийн үйлдвэрлэлээ нүүлгэхээр ажиллаж байна. Хөрөнгө оруулагч маань биднийг илүү брэнд талаас нь харж Монгол хүн болгоны хайртай брэнд байгаасай гэж хүссэндээ хөрөнгө оруулалтаа хийсэн. Бид итгэлийг нь алдахгүй байхыг хичээх буюу хугарлын цэгтэйгээ зууралддаг биш ашиг олдог компани болно гэж найдаж байгаа.
Дараагийн хөрөнгө оруулалтаа хэзээ татна гэж төлөвлөж байгаа вэ?
Төлөвлөгөөний дагуу байж чадвал хөрөнгө оруулалт ахиад шаардлагагүй байх гэж бодож байгаа. Хэрэв тэгж чадахгүй бол жил хагасын дотор дараагийн таталтаа хийнэ гэсэн төлөвлөгөө байна.
Үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж буй асуудал юу байгаа вэ?
Экосистем дутуу. Бид хэдийгээр өөрсдөө оёж, үйлдвэрлэж байгаа ч түүхий эд ээ урдаас л импортлож байгаа. Өөрсдөө үйлдвэрлэгч орон биш учраас энэ талын экосистем дутуу байдаг. Мөн үндэсний үйлдвэрлэгчдийг хамгаалах бодлого дутуу байдаг. Ижил төрлийн барааг НӨАТ төлөлгүйгээр дээр нь багахан үнэ нэмээд зардаг худалдаа эрхлэгчид нь үндэсний үйлдвэрлэгчдийг “үнэтэй” гэж харагдахад хүргэдэг. Энэ мэтчилэн хамгаалах бодлого нь сул санагддаг.
Хэдэн хүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ? Гол хүмүүс нь ямар хүмүүс байдаг бол?
Оёдол дээр технологич, эсгүүрчин, оёдолчид, индүү гээд нийтдээ 6-н хүн. Хэвлэл дээр 1 үндсэн ажилтан туслах ажилчид бас байгаа. Борлуулалтан дээр 1 хүн л ажиллаж байгаа. Удирдлагын багт нөхөр бид 2 Шангри-Ла төвийн 2 худалдагчтай нийлээд 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр явж байгаа ба энэ тоо нь цаашид өснө.
Ихэвчлэн ямар зорилгоор танай бүтээгдэхүүнийг худалдаж авч байна?
Дийлэнхдээ бэлгийн зорилгоор авч байна. Мөн бас онцгой мөчүүдэд буюу жирэмсэн болсноо нөхөртөө сюрприз байдлаар мэдэгдэх, баярын үеэр хүүхдүүдээ гангалах, хүүхдүүдийнхээ төрсөн өдрөөр нь гангалах зэрэг тохиолдлуудад их худалдан авалт хийдэг. Мөн гадагшаа их явуулдаг.
Бараагаа гадаадруу экспортлох бодол байгаа юу?
100% Монгол түүхий эдээр үйлдвэрлэсэн барааг л экспортын бүтээгдэхүүн гэж харж байгаа. Түүнээс биш урдаас даавуу авчихаад энд оёоод гадаадруу гаргана гэдэг бол өрсөлдөх чанар биш. Хонины ноос, ноолуур ашиглан хүүхдийн бүтээгдэхүүнийг 2025 онд экспортод гаргах төлөвлөгөөтэй байна.
Борлуулалтын суваг нь энэ 2 жилийн хугацаанд өөрчлөгдсөн байх энэ талаар ярьвал?
Бид өөрсдөө хамгийн том гэсэн цэгүүдээ manage хийдэг. Бусдыг нь гэрээт салбарууд маань хариуцан ажилладаг. Тэд өөрсдөө бидэнд санал тавьдаг. Танай бүтээгдэхүүнийг бид аймагтаа эсвэл ойр орчимдоо борлуулах хүсэлтэй байна аа гэж. Мөн Улаанбаатарт байгаа жирэмсний хувцас зардаг дэлгүүр эсвэл живх борлуулдаг дэлгүүрүүд “танай бүтээгдэхүүнүүд таалагдаж байна борлуулах хүсэлтэй байна аа” гэсэн газруудтай гэрээгээр ажиллаж байгаа.

“Үр минь” гэсэн нэг сигменттэй брэнд байгаа, өөр төрлийн бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөө байгаа юу?
Power of mөөm нэртэй жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд зориулагдсан line бодож олоод анхны бүтээгдэхүүнээ гаргасан ч үйлдвэрийн хүчин чадлаас болоод зогсонги байдалтай байгаа. Анх бид 0-9 нас гэж хувцсаа үйлдвэрлэдэг байсан бол одоо 0-3 болсон.
Зарим үед 0-1 нь ч олдохоо байх үе байгаа.
Дараагийн шинэ бүтээгдэхүүнийг ээжүүдэд зориулан гаргаж байгаа гэж ойлгож болох уу?
Тийм. Аль хэдийн бэлэн болсон байгаа.