“Geru” стартап аль шатандаа явж буй ямар бүтээгдэхүүн үйлчилгээтэй компани вэ?
Манайх бол өөрсдийн үнэ цэнэ нотолсон буюу өсөлт үзүүлэх (growth stage) үе дээрээ явж буй стартап юм. Geru-гийн үндсэн санаа нь дэлхий дээрх бүтээлч уран бүтээлч артистуудын бүтээлийг хэрэглэгчид хаанаа ч хамгийн хурднаар авах боломжийг бүрдүүлж буй платформ юм. Яг одоогоор бид өөрсдийн үнэ цэнэ дээрээ жижиг өөрчлөлт буюу “pivot” хийчихсэн явж байгаа. Өмнө нь бид “бусдаас өөр хирнээ бүх хүмүүст боломж олгоно” гэдэг байсан бол одоо “бусдаас өөр хирнээ хамгийн сайн зүйлсийг танд хүргэнэ” гэж өөрчилсөн байгаа.
Компаний хэд дэх хөрөнгө таталт байсан бэ?
Старт-с 2020 стратегийн хөрөнгө оруулалт татаж байсан бол яг жилийн дараа хоёрдох хөрөнгө оруулалтаа анжел хөрөнгө оруулагчаас татаж байна. Энэ нь 70 сая төгрөг дээр компанийн 10 хувиа санал болгож оруулж ирсэн. Энэ удаа мөн бид өөрсдийн зүгээс 30 сая төгрөгийг нэмэн оруулж байна. Ингэснээр манай стартапын одоогийн үнэлгээ албан ёсоор 700,000,000₮ болж байна.
Хөрөнгө оруулалтын зорилго юу байсан бэ?
Энэхүү хөрөнгө оруулалтын зарцуулах зорилгыг хоёр хувааж тодорхойлж болно. Нэгдүгээрт ирэх 6 сарын урсгал зардлыг гаргах хоёрдугаарт маркетингийг зардалд тус бүр зарцуулагдах юм. Одоогийн бидний бүтээсэн байгаа үнэ цэнийг илүү олон хүнд хүргэх дээр төвлөрч байгаа буюу одоо байгаа хэрэглэгч дээр нэмээд 800,000 хүнд таниулах, хэрэглэгчтэй болох том зорилго тавиад байна.
Яагаад энэ хөрөнгө оруулагчыг сонгосон бэ?
Бид нэлээдгүй хөрөнгө оруулагчидтай уулзаж питч хийж явсны үндсэн дээр энэхүү анжел хөрөнгө оруулагчтай тохиролцож хөрөнгө оруулалтаа татсан. Энэ хөрөнгө оруулагчтай бид стратегийн төвшинд бүрэн хамтран ажиллах ба манай хөрөнгө оруулагчийн одоо хийж буй зүйлс, танилын хүрээлэл зэрэг нь манай стартапын зорилго болон өсөлтөд сайнаар нөлөөлж чадахуйц байгаа юм.
Дараагийн хөрөнгө таталт хэзээ ямар хэмжээгээ байх вэ?
Дараагийн хөрөнгө оруулалтаа бид 6-12 сарын дотор татахаар төлөвлөж байна. Мөнгөн дүн нь 100 сая төгрөг татаж тухайн үед гарах өсөлтөөс хамаарч хувиа санал болгоно гэж бодож байна.
Одоогийн хөрөнгө оруулалтаар хийх зүйлсээ дэлгэрэнгүй тайлбарлавал?
Бид хөрөнгө оруулалт татсанаараа geru.mn-д байгаа артистийн тоог 1000 болгох, тогтмол хэрэглэгчдийн тоог 800,000 болгохоор ажиллаж байна. Энэ ажлын манай баг нийт бүтэн цагийн 10 хүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Олон улсад гарах модель ямар байх вэ?
Geru дээр байгаа бараа бүтээгдэхүүн, бүтээлийг хэн ч хаанаас ч хүргэлтээр авах боломжийг бүрдүүлэх модель дээр ажиллаж байна. Энэ нь жишээ нь нэг артистийн дижитал бүтээлийг Япон улсад суугаа хүн авлаа гэж бодоход тухайн улсын хэвлэлийн компаниар хэвлэгдэж, хүргэгдэж тус бүтээл нь эзэндээ очих юм. Тэгэхлээр заавал монголоос хэвлэгдсэн бүтээл нь гарах албагүй гэсэн үг.
Артистууд дэлхийн хаанаас ч чөлөөт уран бүтээлч(freelancer) байдлаар ажиллах боломжтой.
Бид олон улсын зах зээлд хүрэхийн тулд эхлээд апп, веб-дээ хэлний сонголт бий болгож байгаа. Мөн Швед, Өвөрмонгол, Япон зэрэг улсуудад эхний байдлаар туршиж байна.

Хэрхэн хамтран ажиллах боломжтой вэ?
Манайд хоёр төрлийн урлан, бүтээлчид байдаг. Нэг нь илүү артист талдаа буюу уран бүтээл хийдэг, нөгөө нь илүү бизнес, энтрепренер талдаа буюу гар үйлдвэрлэл хийдэг. Жил хагасын хугацаанд харахад манай урлангуудаас хамгийн их буюу 23,000 хандалт авч, 500ш борлуулалт хийсэн байна. Одоогоор манайд бүртгэлтэй 140 урлан байгаа, үүнийг бид 6 сарын дотор 1000 урлан болгохоор ажиллаж байна.
Хэрэв та бидний хайж буй 1000 уран бүтээлч, эсвэл бизнесмен, энтрепренер нэг гэж бодож байвал заавал бидэнтэй холбогдоорой.