
Монголын технологи, стартапын салбарт шинэ өнгө төрхийг харуулж, өөрчлөлт шинэчлэлтийг авч ирж буй “Melearn” платформын замнал, туулж ирсэн түүх, туршлагаас хуваалцахаар Үүсгэн байгуулагч О.Төрмөнхтэй ярилцлаа. Эрхэм уншигч та уг нийтлэлээс Монголын гарааны бизнесийн ертөнцөд тохиолддог сонирхолтой үйл явдлуудыг мэдэж туршлагаа зузаатгах боломжтой юм.
ЭХЭЛСЭН ЦЭГ
Анх 2017-2018 оны үед Монголд хувь хүний хөгжил болон бусад салбар чиглэлийн эвентүүд эд хүчээ авч эхэлж байлаа. Тэр үед “Mevento” хэмээх компани байгуулж, тухайн арга хэмжээнүүдийг онлайн орчноос үзэх боломжоор хангахаар ажиллаж байсан. Гэхдээ тухайн үед туршлага, технологийн чиглэлийн хүн, хүч дутмаг байсан учир амжилттай болгож чадаагүй. Харин одоо “Clubhouse” гарч ирээд энэ чиглэлийг өөрчлөөд эхэлсэн байна.
Эхний санаагаа амжилттай болгож чадаагүй ч 2019 онд хоёр дахь боломжоо гадаадын нэгэн Skills share (Ур чадвараа хуваалцах) платформын сурталчилгааг үзэхдээ олж авсан. Тэгээд хичээл худалдаж аваад үзэх үед надад сэтгэл татам үр дүнг үзүүлсэн. Тэндээс л одоогийн тасралтгүй хөгжих нөхцөлөөр хангах “Melearn” платформын эхлэл тавигдсан гэж ойлгож болно.
Дөнгөж эхэлж байхдаа бусад стартапуудын адил themeforest-с 15 ам.долларын сайтын theme худалдан авч платформоо босгож байсан. Тэгээд аз болж бэлэн Photoshop-ийн бэлдсэн хичээлтэй залуутай танилцаж, анхны хичээлээ байршуулж байсан түүхтэй. Тухайн хичээл ч сайтар зарагдсан бөгөөд цаашдаа онлайн сургалт, үйлчилгээ амжилттай явах боломжтой гэдэг санаагаа баталгаажуулж авсан даа.
ДАРААГИЙН ТҮВШИН
“Melearn” платформ дээр маань байршсан хичээлүүд ч амжилттай борлуулагдахын хэрээр улам том хүрээг хамарч, технологи, бүтээгдэхүүнээ сайжруулах хүсэл нэмэгдэх болсон. Тэр ч утгаараа бид “Socratus” хөрөнгө оруулалтын компани дээр Pitch хийж анхны хөрөнгө оруулалтаа авч чадсан. Энэ нь бидний хувьд стартапаа дараагийн түвшинд хүргэсэн томоохон үйл явдлуудын нэг болсон гэж ойлгож болно. Тодруулбал тус компанийн системчлэл, инженерчлэлийн үйлчилгээний тусламжтайгаар хэрхэн бизнесээ урт хугацаандаа тогтвортой авч явахтай холбогдох бүх зөвлөгөөг өгч байсан. Эндээс л бид стартапын замбараагүй соёлоосоо татгалцаж, үр дүн дээр суурилсан тогтвортой арга техникийг ашиглаж эхэлсэн.
Бүтээгдэхүүний хувьд эхнээс нь бүх кодоо өөрсдөө бичиж, гар утасны апплейкэшн хувилбараа хөгжүүлж эхэлсэн. Бид тухайн үед ердөө 5-уулаа байсан бөгөөд бусад стартапуудын адил жижиг өрөөнд сууж ажлуудаа хийдэг байсан даа. Ингээд 2020 оны 4 сард “Melearn” хэмээх Монгол залуусыг тасралтгүй хөгжих нөхцөлөөр хангах платформ маань албан ёсоор олон нийтэд нээлттэй болсон түүхтэй билээ.
“Гарааны бизнестээ юу чухал гэдгийг тодорхойлох нь өөрөө хамгийн чухал алхам байдаг”
ЯВЦЫН ШАЛГУУР
Ер нь Монгол ч бай ялгаагүй бүх стартапуудын хувьд ойлгомжгүй, замбараагүй байдлаасаа болж дампуурдаг санагдсан. Тиймээс өөрийн стартапад яг одоо болон ирээдүйд юу чухал гэдгээ тодорхойлох нь өөрөө нэн шаардлагатай зүйл юм.
Бидний хувьд анхны бүтээгдэхүүн дээрээ алдсан туршлага болон “Socratus” хөрөнгө оруулалтын компанийн үзүүлдэг бизнесийн дүрэм журам, бодлого тодорхойлох консалтинг үйлчилгээний тусламжтай тогтвортой байдалдаа хүрч чадсан. Мөн ямарваа нэг гарааны бизнест урт хугацаандаа тулгардаг асуудал бол хэрэглэгчээ боловсруулах явдал байдаг. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнийг асуудалгүй ашиглахад шаардлагатай анхан шатны соёл, хандлага, арга аргачлалыг суурилуулах ажил гэсэн үг. Гэхдээ “Melearn” платформ зөв үедээ гарч ирсэн гэж боддог. Учир нь Монголчууд хэдийнээ цар тахлаас үүдэлтэй хөл хорионы тусламжтай онлайн сургалтыг хэрхэн үзэж, суралцах мэдрэмжээ аваад эхэлсэн байсан.
Мэдээж энэ нь нэг талаараа давуу тал байсан ч нөгөө талаараа EdTech салбарт олон өрсөлдөгчийг гаргаж ирсэн сөрөг талтай. Гэхдээ өрсөлдөөн байх нь бидний хөгжлийн гол үндэс тул үүнийг эерэгээр хүлээж авдаг.
ДАРААГИЙН ХҮСЭЛ
2020 онд бид төсөөллөөсөө 1000 дахин илүү зүйлийг бүтээж чадсан. Одоогийн байдлаар манай баг 12 хүнээс бүрддэг болсон байна. Бидний философи бол хэрэглэгчийг илүү урт хугацаандаа үр дүнтэй суралцах боломжоор хангах явдал юм. Өөрөөр хэлбэл хүн нэг дор 1000 удаа суниагаад шууд булчинлаг болчихгүй. Харин урт хугацаандаа өдөр болгон 100 суниавал хүссэн үр дүндээ хүрч чадна. Яг энэ философийг дагаж, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдээ санал болгохыг хичээж ажилладаг. Мөн бид цаашдаа “Melearn”-с гадна технологи дээр суурилсан олон бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээл дээр танилцуулах төлөвлөгөөтэй байгаа.